Шууд Chart

ЗГ: Улаанбаатар хотын дулаан хангамжид схемийн өөрчлөлт хийнэ

2025-07-30 14:17:13

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 30-нд болж, Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн засварын ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 24, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 25 зууханд засварын ажил хийгдэж байна. 49 турбогенератороос ажилд 23, бэлтгэлд 13 байгаа бөгөөд 13 турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн, төлөвлөгөөт засварын ажлууд графикийн дагуу хийгдэж байна.

Эрчим хүчний салбарын нийт 45 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах, БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх, 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг өвлийн ачаалал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд схемийн өөрчлөлт хийж “ДЦС-3” хангаж буй хүчин чадлаас 50 Гкал/ц-ыг нь “ДЦС-4”, “Амгалан дулааны станц”-д шилжүүлнэ.

Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж дуусгахаар ажиллаж байна.


ЗГ: Улаанбаатар хотын дулаан хангамжид схемийн өөрчлөлт хийнэ  
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй