
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 30-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
- Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал"-ыг хэрэгжүүлэх хүрээнд "Монгол-Хятадын Экспо" арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, удирдан чиглүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгууллаа. “Монгол-Хятадын Экспо" тав дахь удаагийн арга хэмжээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод ирэх сарын 25-30-нд болно.
- "Эрчист Монгол" ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэх зорилгоор засаглалыг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 100 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчим хүчний компаниудын ТУЗ-ийг цөөлж, зардлыг бууруулах, үр ашиггүй зардлыг хэмнэх зорилгоор тус төлөвлөгөөг боловсруулжээ.
- Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, шинээр байгуулах хэлэлцээрийн төслийг боловсруулж, танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, "Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
- Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болно. Тус хурлыг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан болов | ||
Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.