
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байна. Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар, Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнод, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Долоодугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац төвийн болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар 4.1-17.4 ц/га, тал хээр, говийн нутгаар 0.1-4.0 ц/га байв.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Төвийн Лүн, Дорноговийн Улаан-Уул, Сүхбаатарын Халзанд 28-33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1–6.6 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, Ховдын ихэнх Баян-Өлгий, Өмнөговийн зарим Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн цөөн сумдын нутгаар дунджаас бага орсон байна.
Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудайд түрүүлэлтээс сүүн бололтын үе шат, төмсөнд ихэнх нутагт цухуйлтаас цэцэглэлтийн төгсгөлийн үе шат явагдаж байна. Улаанбуудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 29-69 см байгаа бол Булганы Сэлэнгэ, Увсын Баруунтуруунд 84-98 см байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад улаанбуудайн өндөр ихэнх талбайгаар 14 орчим см -ээр бага байна.
МАА-н үйлдвэрлэлд сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд усалгаа хийх, уринш боловсруулах ажил хийгдэж байна.
Хөрсний чийгийн тойм
2025 оны 7 дугаар сарын 28 -ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай болон уриншийн талбайн хувьд Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Увсын Баруунтуруунд хангалттай, Булганы Сэлэнгэ, Хөвсгөлийн Тариалан, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Хэнтийн Гурванбаянд дунд зэрэг, Сэлэнгийн Баянгол, Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Хонгорын Цайдам, 6-р бригадын талбайнууд, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Дорнодын Халхголд хангалтгүй байна.
Төмсний талбайн хувьд Хэнтийн Өндөрхаан, Сүхбаатарын Баруун-Урт, Төвийн Баянчандмань, Дорнодын Чойбалсанд хангалттай, Төвийн Угтаалцайдам, Өвөрхангайн Хархорин, Дорнодын Онон, Архангайн Төвшрүүлэхэд дунд зэрэг, Сэлэнгийн Баянгол, Мандал, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Төвийн Жаргалантад хангалтгүй байна.
Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2025 оны 7 дугаар сарын 31-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 43 кг, эм ямаа 38 кг, үнээ 273 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 50 кг, эм ямаа 42 кг, говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа 41 кг жинтэй байна. Зуншлагын байдал ихэнх нутгаар хэвийн байгаа тул малын тарга хүч дундаж болон дундажаас их байна.
Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байна | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.