
Сурагчийн дүрэмт хувцсыг улс даяар жигдрүүлэх гэж буйтай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон. Ялангуяа хувцас хийх компаниудыг сонгон шалгаруулалгүй ажил өгсөн нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж ШӨХТГ үзсэн. Тиймээс ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дага Х.Золжаргал мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс дараах асуултад хариулт авсан юм.
-Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажил хэр урагштай байна. Үүнтэй холбоотой хардлага их байна. Тендергүйгээр компани сонгосон ч гэж байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Одоо эсгүүр хийх шатандаа явж байгаа. Хэд хоног хөдөө явж байгаад ирсэн чинь сурагчийн дүрэмт хувцастай холбоотой баахан асуудал дэгдсэн байна. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Золжаргалын хуйвалдаанаар дүрэмт хувцас хийх ажил эхэлж буй нь тодорхой болов, тендер зарлалгүй цөөн компанид энэ ажлыг өгсөн гэх мэтээр интернет сайтуудаар бичжээ. Үүнд би одоо тодорхой хариулт өгье.
Нэгдүгээрт, цөөн хэдэн компанийг хуйвалдааны зарчмаар ажил өгсөн гэдэг нь ийм учиртай. Оёдлын 68, сүлжихийн 48, хялгас ялгах найм, ээрэхийн зургаан, нийт дотоодын 130 үйлдвэр энэ ажилд оролцох юм. Энэ бол цөөн хэдэн компани биш. Бид энэ ажилд оёдол, эсгүүрийн бүхий л компани, үйлдвэр, цехийг оролцуулахыг хичээж байгаа.
-Сурагчийн дүрэмт хувцсыг улс даяар жигдрүүлэх ажил гэнэтхэн л энэ сард эхэлсэн. Үүнийг урьд нь ярьж байсан уу?
-2011 онд УИХ-ын тогтоол гарч хонины болон тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал өгдөг болсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бэлтгэгдэж буй 16 мянган тонн ноосны 10 мянга нь эсгий болж, 6000 тонныг нь угааж гадагш экспортолж байна. Манай ноосны үйлдвэрүүдийн холбооноос санал тавьж, монгол хонины ноосоор даавуу хийж дотоодын дүрэмт хувцас өмсөж буй салбарыг даавуугаар хангая гэсэн.
Энэ саналыг намайг дэд сайд байхад л тавьж байсан. Үүнийг одоо бид ажил хэрэг болгохоор зориод ажиллаж байна. 2009 онд улсын хэмжээнд бэлтгэсэн ноосыг 20 тэрбум төгрөгөөр зардаг байсан. Харин одоо үйлдвэрлэлийн хэмжээ 60 тэрбум төгрөг болсон. Үүний цаана ажлын байр, Монгол Улсын хөгжил байгаа.
Одоо бид энэ ноосыг эцсийн бүтээгдэхүүн болгосноор үйлдвэрлэлийн хэмжээг 250 тэрбум төгрөгт хүргэх боломжтой гэж тооцоолсон. Үүний эхлэл нь сурагчийн дүрэм хувцас юм. Энэ ажилд хонины ноос угаадаг, утас ээрдэг, даавуу хийдэг компаниуд оролцож байна. Мөн хийсэн утсаар нь сүлжиж, даавуу хийдэг сүлжмэлийн үйлдвэрүүд ч бий. Дээр нь даавууг нь эсгэж, оёод хувцас болгодог оёдлын үйлдвэрүүд бас оролцож байгаа.
-Тэгвэл ШӨХТГ-ын мэдэгдлийг яаж тайлбарлах вэ. Засгийн газрын агентлагуудтай хамтарч ажилладаггүй юм уу. Энэ мэдэгдэл олныг төөрөгдүүлэх гол шалтгаан болсон юм биш үү?
-ШӨХТГ-аас мэдэгдэл хийсэн гэсэн. Одоо миний өмнө долоодугаар сарын 29-ний өдөр сонгон шалгаруулалт хийгээгүй учраас Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэх акт ирүүлсэн байна. Хэрвээ хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол энэ ажлаа залруулна. Гэхдээ сурагчийн дүрэмт хувцас оёход Монголын 130 үйлдвэр оролцоно. Харин долоон үйлдвэрийн асуудал яригдаж байгаа.
Эдгээр нь дор бүрнээ туслан гүйцэтгэгчтэй. Чанарын асуудал энд яригдана. Эцсийн дүнд чанарын үр дүн хэрэглэгчдэд очих учраас толгой компаниудад энэ ажлыг хариуцуулна. Гэхдээ энэ ажлыг кластер маягаар хийхээр төлөвлөсөн. Тодруулбал нэг том үйлдвэрийн ард жижиг үйлдвэр, цехүүдийг нийлүүлж ажиллуулна гэсэн үг.
-Яагаад тендер зарлаагүй юм бэ. Олон нийт сонгон шалгаруулаагүй байж улсын хэмжээний ажил эхлүүлсэн гэж үзээд байна?
-Тендер гэдэг бол улсын болон орон нутгийн төсвийн мөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдаж авахад зарлах сонгон шалгаруулалт. Гэтэл энэ ажилд улсын төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийхгүй байгаа. Улс даяар аттестатчилал явуулсан. Үүнд ҮХААЯ, СТХЗГ, ШУТИС, Нэхмэлийн хүрээлэн, ШӨТХГ, Нийслэлийн ҮХААГ, Нийслэлийн МХГ, Монголын сурагчдын холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв оролцож нэхмэл, оёдлын бүх үйлдвэрүүдийг шалгасан. Тэгээд оёдлын үйлдвэрүүдийг нэгтгэж холбоо байгуулж байгаад энэ ажлыг хариуцуулсан.
Яагаад сонгон шалгаруулалт хийгээгүй гэхээр Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа оёдлын бүх үйлдвэр, цехүүд үүнд оролцоосой гэж төлөвлөсөн ажил. Нэг хэсэг нь бүлэглэж байгаад нөгөөдүүлээ ялж, ажил хийсэн эсэх нь мэдэгдэхгүй байх нь сурагчийн дүрэмт хувцас оёх ажилд тохирохгүй сонголт гэж үзсэн юм.
-Сурагчийн дүрэмт хувцас оёдог компаниуд намар болохоор л хэл ам таталж, эцэг, эхчүүд, сурагчдыг хохироодог нь нууц биш. Тэд холбоо байгуулсан. Одоо энэ ажилд Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбоо хамтрах уу?
-Энэ оны дөрөвдүгээр сард Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдсан. Эдгээр үйлдвэр өмнө нь энэ ажлыг хийж байсан. Одоо улс даяар өрнөсөн энэ ажлыг эсэргүүцэж, гомдол гаргаад байгаа. “Бат зүү”, “Их шаглаа” гэх мэт компани бий. Энэ холбооныхныг бусад үйлдвэр, нөхөрлөл, холбоодтой яг энэ зааланд цуглуулж байгаад хамтарч ажиллах шаардлага тавьсан.
Тэгэхэд тэр холбооныхон хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлээд явсан. Тэгсэн ч бид долоодугаар сард бас саналаа тавихад бас л эсэргүүцэж, сурагчийн дүрэмт хувцсыг бид дангаараа оёно гэсэн байр сууриа илэрхийлсээр байна. Үүнийг зах зээлд монополь үүсгэх гэсэн арга гэж үзэж байгаа.
-Чингэс бондоос 68.8 сая ам.долларыг ноолуурын салбарт зарцуулна гэсэн. Энэ мөнгөөр яг ямар ажил хийх вэ?
-Үүгээр ноолуурын үйлдвэрүүдийн тоног, төхөөрөмжийг шинэчилнэ. Энэ мөнгийг “Голомт” банкаар дамжуулж өгнө.
-Сурагчийн дүрэмт хувцасны үнийг өндрөөр тогтоосон байна. Үүнийг бууруулах боломж бий юү?
-Өмнө нь сурагчийн дүрэмт хувцас гурван иж бүрдэлтэй байсан, одоо тав болж байгаа. Энэ хувцасны иж бүрдэл тус бүрийн үнийг харах юм бол өмнөхөөс нэг их өндөр үнэтэй биш ээ. Гэхдээ энэ нь монгол хонины цэвэр ноосоор хийсэн даавуу гэдэг утгаар өртөг нь нэмэгдэж, тэр нь хувцасны үнэ рүү шингэсэн.
Гэхдээ эмзэг бүлэг, олон хүүхэдтэй айлуудад халамжийн бодлогоор сурагчийн дүрэмт хувцсыг хөнгөлөлттэй үнээр өгнө. Нийгмийн халамжийн сангаас мөнгө гаргаж, мөн Засгийн газраас тодорхой айлуудад бэлэг болгон өгөх зарчмаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Яг тодорхой шийдэл арай гараагүй ч халамжийн бодлого бий гэдгийг хэлье. 1-2 хүүхэдтэй айлд хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. Тэгээд ч мэргэжлийн хяналтынхан даавуу үйлдвэрлэлд маш хатуу хяналт тавьж, чанар, стандартыг нь дээд зэргээр хангана.
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дага Х.Золжаргал: Олон хүүхэдтэй айлд дүрэмт хувцсыг хямд үнээр өгнө | ||
Үзсэн: 3353 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.