
Монгол Улс 15.152 сувилагч, 1169 эх баригч, 1635 бага эмчтэй.
Сувилагч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувийг бүрдүүлдэг гэдгийг ЭМХТ-өөс мэдээлсэн. Мөн 1000 хүнд ногдох сувилагчийн тоогоор манай улс дэлхийн дунджаас 2.4 дахин цөөн. Манай улсад сүүлийн дөрвөн жилд бэлтгэсэн нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэх статистик судалгаа бий.
Тиймээс сувилахуйн хүний нөөцийн ур чадварыг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн 9 дүгээр сард ЭМЯ-ны дэргэд Сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сувилахуйн салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажилд орон нутгийн сувилагч, мэргэжилтнүүдийн идэвх оролцоо, саналыг авах, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид олон улсын болон өөрийн улсын нөхцөл байдлын суурь судалгаа хийхээр шуурхайлан ажиллаж байгаа юм.
2025 сарын 09 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төрөлжсөн мэргэшлийн 16 эмнэлгийн нийт 725 сувилагч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийжээ.
Эдгээр уулзалтаар сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгарч байгаа бэрхшээлийг сонсож, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах саналыг авсан. Нийт цаасаар 245 санал, хүсэлт ирсэнийг нэгтгэн дүгнэж байна.
Сувилагч мэргэжилтнүүдийн хувьд хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгарч байгаа талаар хэлж байв.
Ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн сувилагч мэргэжилтнүүдийн дээрх санал, сэтгэгдлүүдийг ажлын төлөвлөгөөндөө тусгаж, сувилахуйн хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
Төрөлжсөн мэргэшлийн 16 эмнэлгийн нийт 725 сувилагч, мэргэжилтэнтэй уулзлаа | ||
Үзсэн: 122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.