
Нийслэлд төлөвлөн хэрэгжүүлж буй мега төслүүдийн явц, гүйцэтгэл, тулгамдсан асуудлыг хэлэлцдэг ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай хурлыг удирдан явуулж, өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж товлосон ажлуудын хэрэгжилттэй танилцаж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх тухайд чиглэл өглөө.
Нийслэлийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ орон сууцжуулалт төслийн хүрээнд гэр хорооллын 2206 нэгж талбар буюу 158 га газрыг чөлөөлнө. Одоогоор 148 га буюу газрыг чөлөөлсөн нь 94 хувийн явцтай байгаа юм. Харин газар чөлөөлөлтийн дараах цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг шуурхайлах шаардлагатайг онцлов.
Туулын хурдны замын хувьд, төслийн талбайн геодезийн хэмжилт бүрэн дуусч, инженер геологийн өрөмдлөгийн ажил эхэлсэн. Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт улаан шугам татсан. Кемпийн талбайгаас 1000 ширхэг модыг БГД-ийн цэцэрлэгт хүрээлэн лүү шилжүүлэх ажил эхэлж, 4000 м.куб дайрга дэвсээд байна. 4 өрмийн машинаар 17 цооногийг 35 метрийн гүн өрөмдөж байна. Мөн замын трассаар явж, давхцаж байгаа шугамын тоог гаргаж шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор ажиллаж байна.
Нэгдүгээр тойрог зам төслийн 24.7 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын ажлын тендерийг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарласан. Одоогоор тендерийн материалыг хүлээн авч байгаа бөгөөд энэ хүрээнд сонирхогч этгээдүүдэд гурван удаагийн тодруулга мэдээллийг албан ёсоор хүргүүлээд байна. Тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулах юм. Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг боловсруулж буй бөгөөд 10 дугаар сард батлуулахаар төлөвлөөд буй аж. Энэ хүрээнд трасс дагуух барилга байгууламжийн судалгааг гаргаж, Хот байгуулалтын мэдээллийн сантай тулгаж, нягтлах судалгаа хийгдэж байна.
Түүнчлэн бусад төслүүдийн хэрэгжилт, явцыг хэлэлцэн бүтээн байгуулалт, бусад ажлыг шуурхай эрчимжүүлэх тал дээр тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
Мега төслүүдийн явц, хэрэгжилтийг хэлэлцдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо | ||
Үзсэн: 203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.