Шууд Chart

МУСГЗ Д.Цоодол: Би нөхөрлөлд олон өнгөөр наадах дургүй

2014-10-01 15:19:05

1989 оны эхээр Үндэсний радио телевиз дөнгөж шинэ байранд тухлаж байх үест, бурханы нүд лугаа том алаг нүд эргэлдүүлсэн нэгэн хүү өдөр бүр, Радиогийн нвтрүүлэгчдийн өрөөнөөс салахаа болилоо. Нэг харахад л нэрт нэвтрүүлэгч Батмөнхийн Чулуунбаттай, бас нэг харахнээ, Гавьяат нэвтрүүлэгч Гончигжавын Чулуунбаттай уулзчихсан, ер нь л олон хүнийг хоргоон зогсож байхыг олонтоо харж билээ. Юуны учир ийн явсныг, өнөөдөр Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх өндөр цол хүртсэнээр нь төвөггүй ойлгож болно. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ... Ийнхүү алтан үеийн нэвтрүүлэгчдээс багагүй зүйлийг сурч мэдсэн азтай нэгэн бол алаг нүдэн Д.Цоодол бөгөөд түүнтэй хөөрөлдсөнөө та олондоо хүргэе.  

-    Эрхэм гавьяат дүүдээ телевизийн ойн баярын мэнд хүргэе!
-    Баярлалаа

-    Таныг жүжигчний мэргэжилтэй гэж сонссон. Гэтэл яагаад нэвтрүүлэгч болчихов оо?
-    Тиймээ 1989 онд УБИС-ийн жүжигчний анги төгсөөд, телевизэд шалгуултал азаар тэнцсэн юм. Мэргэжилдээ дуртай ч “нэвтрүүлэгч” болох сонирхол арай л илүү байлаа.

-    Уучлаарай! Магтаад эхэллээ гэж битгий бодоорой. Өөрийн чинь дуу хоолой, маш хүчтэй шүү дээ. Анх шалгагчид үүнийг олзуурхаж, бас нүд зүсний тань сайхныг онцолсон болов уу? Ингэхэд өдгөө телевизийн нэвтрүүлэгчдээс хэн нь дэлгэцийг өнгөлж, үлгэрлэн манлайлж байна даа?
-    Би бодохдоо Радио бол үгээр, харин телевиз бол дүрсээр сонсогч үзэгчидтэй харьцдаг учраас нэг нь үгийн урлаг, нөгөө нь дүрсний урлаг гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл телевизийн хувьд харагдах байдал хамгийн чухал. Энэ бол гоо зүй. Мэдээж уран чадвар зайлшгүй сайн байх ёстой. Тийм болохоор энэ цаг үедээ л “Тод” байж телевизийнхээ нэр нүүр болон “Өнгөлж” яваа нэвтрүүлэгч бол С.Чимгээ, Ч.Ичинхорлоо гээд хэлчихэд, хэн ч үгүйсгэхгүй байх. Хоёулаа хэлний өндөр боловсролтой, дэлгэцэнд тохирсон зөв төрх, дэлгэцийг эзэгнэх соёл, хөтлөх ур чадвар гээд сайх сайхан зүйл ихтэй хөдөлмөрч бүсгүйчүүд.

-    Тийм шүү. Нэг байгууллагад хамт данслагдаж явдагийн хувьд би ч бас эдгээр дүү нараараа бахархдаг. Та цөөнгүй жил алба толгойлон ажиллаж байна. Ажлын бүтээмж өндөр үү? Өөрөө нэвтрүүлэгт ордог уу?
-    Манайх “Баримтат кино үнэ цэнэтэй бүтээлийн алба” нэртэй болсон. Энэ нэрнээс л бидний ажил эхэлдэг дээ... Бид бүтээлийнхээ гүйцэтгэл, чанарт голлон анхаардаг, ажил өөдрөг сайн байгаа. Миний хувьд төрт ёсны үйл ажиллагаануудыг хөтлөхөөс гадна уран сайхан, яруу найргийн болон баярын нэвтрүүлэгт аль болох л боломжоороо оролцдог.

-    Хамгийн сүүлд хийгдсэн танай шинэ уран бүтээлээс сонсвол?
-    Манай уран бүтээлийн баг саяхан АУЗ, Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн шүлгийн нэгэн шад мөрөөр 70 гаруй жил хамт амьдарч байгаа 96, 93 настай гэр бүлийн хоёр хөгшиний тухай “Үүл нарны хооронд үргэлж хамтдаа байлаа” богино хэмжээний баримтат кино мөн яруу найрагч СГЗ Ж.Саруулбуянгийн уран бүтээлээр кино концерт хийж эфирт гаргасан. Одоо хийгдэж байгаа болон хойшид хийх зүйл их бий. Редактор Х.Шинэ - Од, найруулагч О.Энхболд, О.Эрдэнэпүрэв зэрэг ажилсаг, бүтээлч залуустай ажиллахад нэн таатай байдгаа энэ дашрамд хэлье.

-  Ахмад нэвтрүүлэгчдээс хэнийг илүүтэй биширдэг вэ?
-  Үе үеийн олон сайхан нэвтрүүлэгчид бий л дээ... Бурхан болсон Батмөнхийн Чулуунбат гэж гайхамшигтай дуу хоолойтой, сайхан нэвтрүүлэгчийг үнэхээр шүтэн бишэрдэг байлаа. Хожмоо энэ хүнтэй их дотносож, багш шавь, бүр ах дүү шиг болсон.

-    Таныг гардаж авсан нэвтрүүлэгч багш тань хэн бэ?
-    Ард түмэндээ телевизийн гэсэн тодотголтой ахмад нэвтрүүлэгч СГЗ Ж.Батбаяр. Мундаг хүн шүү дээ. Болдогсон бол СГЗ нэрт нэвтрүүлэгч Гончигжавын Чулуунбат шиг уншилттай, СГЗ Ж.Батбаяр багш шиг хөтлөлттэй залуучуудыг олноор бэлдэж гаргахсан.

-    Багш гэснээс, “жүжигчин”-ий  мэргэжлийн багшаа нэрлэвэл, хэн хэнийг хэлэх бол?
-    АЖ П.Цэрэндагва, УГЗ С.Сугар,  олон гавьяат шавь төрүүлсэн УГЗ Д.Маамхүү багш нарыгаа хэлнэ дээ...

-    Дандаа л “Гавьяат” багштай юм аа. Өөрөө та хэдэн онд гавьяат боллоо?
-    Би хорин жил нэвтрүүлэгчээр ажиллаад 2009 онд “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртсэн. Их сонин юм хэлье. Зүгээр л сонирхоод тоолсон чинь би “Гавьяат” нэвтрүүлэгчдийн 12 дах нь юм билээ. Надад хоёрын тоо их учиртай санагддаг юм. Миний төрсөн өдөр, бас эхнэр хүүхдүүдийн маань төрсөн өдрүүд, машины минь дугаар, анх эфирт гарсан сар өдөр гээд их олон зүйлд хоёрын тоо орсон байдаг юм. Сонин шүү...

-    Танай удамд танаас өөр гавьяат бий юу?
-    Миний үеэл ах, МУ-ын Гавьяат нисгэгч Цэрэндорж гэж хүн бий. Тэгээд нөгөө л хоёрын тоо, хоёр дахь гавьяат нь би гэх үү дээ.

-    Гавьяат болсныгоо анх сонсоод багагүй баярласан байж таарна. Юу бодогдож байв?
-    Үнэхээр баярласан. Хэрвээ аав ээж минь амьд сэрүүн байдагсан бол хамгийн түрүүнд яарч очих байлаа. Анх сонсоод хань, үр хүүхдүүддээ хэлж сэтгэлийн баяраа хуваалцсан. Би урьд нь янз бүрийн шагнал олныг авч байсан боловч, төрийн өндөр цол гэдэг эрхгүй юм бодогдуулдаг юм билээ. Улам сайн ажиллах, хамт олныхоо хайр хүндэтгэл, цолныхоо нэр төрийг сэвтүүлэхгүй, биеэ ямагт зөв авч явах гээд олон л юм бодогдсон доо.

-    Хорь гаруй жилийн дараа одоо та эргээд бодоход “нэвтрүүлэгч” эсвэл “жүжигчин” болохын аль нь зөв болж вэ?
-    Би цол хүртсэндээ ч биш нэвтрүүлэгч болох гэж “өдрийн бодол шөнийн зүүд” явсан болохоор мэдээж нэвтрүүлэгч болсон маань зөв шийдэл. Гэхдээ сурч эзэмшсэн “жүжигчин”-ий мэргэжилдээ үнэхээр хайртай. Үргэлж сэтгэл дотор минь оршиж байдаг юм. Бас ч үгүй мэргэжлийнхээ дагуу хэдэн кинонд тоглоод амжсандаа баярладаг.

-  Ажил хийж яваа хүнд юу эс тохиолдох вэ? Бусдын алдааг үүрч буруудаж явсан удаа бий юу?
-  Телевизийн ажил бол инженер техникийн баг төдийгүй уран бүтээлчдийн ур чадварын уялдаа холбоон дээр тулгуурладаг хамтын цогц бүтээл. Тэгэхээр алдаа ч бий, оноо ч бий. Ганц нэгэн хүн дээр тохогдох учиргүй юм. Жишээ нь: сэтгүүлчийн сайн бичвэрийг нэвтрүүлэгч муу уншсанаас илт унагах, магадгүй тун муухан бичвэрийг сайн нэвтрүүлэгч өөд нь татаад өргөөд өгөхөд эцсийн үнэлгээнд, сайн муу нь хамтдаа л  яригдана. Ер нь бол бусдын алдааг өөртөө нэршүүлэх тохиолдол бидэнд гардаг л байсан.

-    Таныг яг эфирт ажиллаж байхад ар гэрээс тань яаралтай дуудаж, бүр гарцаагүй очих ёстой тохиолдол гарч, эфирээ хүнд шилжүүлж өгч байсан уу?
-    Ар гэрт гачигдал гарах үе бишгүй л байдаг. Тэр бүхэнд эфирээ ацаглаад орхиод явж байсангүй. Ноднин “Болор үзэгтэн” шалгаруулж би түүнийг нь хөтлөж байтал төрсөн эгч маань өнгөрсөн тухай мессеж ирэхэд би дотроо уйлж байсан ч бүх арга хэмжээг дуусгаад очсон. Анх нэвтрүүлэгч болоход бидний ажил чинь хагас цэргийн зохион байгуулалттай шүү! гэж ахмадууд хэлж байсан. Яг л үнэн юм билээ. Сэтгэлийн бүх харанхуйг эфирийн гадна орхиод ажлаа дуусгадаг зарчимтайг өөрийн биеэр дэндүү мэдэрсэн дээ.

-    Уучлаарай таньд тохиолдсон энэ хүнд үеийг хожуу сонссон ч, сэтгэл эмзэглэж байна. Бидний ажил ямар ч үед орхиод явж болдоггүй хатуу зарчимтай л даа... Орлоод хийчих мэргэжлийн хүн тэр бүр дэргэд байх биш. Ингэхэд Цоодол гавьяат аль нутаг усны хүн бэ?
-    Би Хөвсгөлийн “Галт суманд төрсөн. Сумаараа бахархаж явдагаа энэ дашрамд хэлье. Манай сумаас Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, эрдэмтэн, доктор, профессор, улсын цолтой хүчит бөхчүүд маш олон төрж гарсан.

-    Сайн морьдыг угшлаар нь сайн хүнийг удмаар нь шинж гэдэг дээ. Та удам судраасаа хуучилж болох уу?
-    Бололгүй яахав. Сайн хүний үр сүүт гүүний унага гэдэг шиг миний аав Б.Дамдин бол ёстой л сайн эцгийн хүү юм билээ. Аавын маань аав, миний өвөө Буянтогтох тухайн үедээ, Ардын Гэгээрлийн сайд, Өвөрхангай, Архангай аймгийн дарга хийж явсан том сэхээтэн байж. Өвөө маань Ерөнхий сайд Гэндэн гуайтай Орхон голын хөвөөнөө агаар салхинд гарч амарсаныг нь Х.Чойбалсангийн талаар эсэргүү зүйл ярьсан гэж хардан хэлмэгдүүлсэн гэдэг. Миний өвөө Буянтогтох сүүлдээ цагаадсан л даа. Энэ талаар түүхч доктор М.Ренчин гуайн номонд бичигдсэн байдаг юм. Мөн “Хэлмэгдэгсдийн музей” дотор ч Буянтогтох гэсэн нэр бий.

-    Сонин дурсамж байна. Харин аав тань ямар ажил эрхэлдэг хүн байв?
-    Аав маань тэр үеийн Төв хорооны нарийн бичгийн дарга байсан Элдэв-Очирын бие хамгаалагч, комиссар нь явсан юм билээ. Бас сум нэгдлийн дарга, “Галт” амралтын дарга ч хийж байсан хүн.

-    Аав өвөө хоёр тань сайхан хүмүүс байжээ. Та хэдэн хүүхэдтэй вэ? Нэвтрүүлэгч болмоор хүүхэд байна уу?
-    Би гурван хүүхэдтэй. Тэд бүгд сурдаг. Одоогоор нэвтрүүлэгч болох эсэхийг нь шинжиж амжаагүй л байна.

-    Та төрийн болоод олон нийтийн байгууллагын төрөл бүрийн баяр цэнгүүнийг хөтлөдөг. Хөтлөгч байх, нэвтрүүлэгч байхын аль нь хэцүү вэ?
-    Мэдээж нэвтрүүлэгч байх гэдэг амар ажил биш. Та ч өөрөө сайн мэдэж байгаа. Ямар их хариуцлага шаардлага ирдэг билээ. Тухайлбал нэвтрүүлгийн амин сүнс болсон сэтгүүлчийн гол санааг, утга илэрхийлсэн ухаалаг уншилтаар дүрсжүүлэн амилуулж, үзэгч сонсогчдын сэтгэлийг бүрэн эзэмдэнэ гэдэг нэвтрүүлэгчээс маш өндөр ур чадвар, авьяас шаарддаг. Цаашлаад өвдөж болохгүй хүртэлх сахилга батын хариуцлага ч бий шүү дээ.

-    Хүнтэй тууштай нөхөрлөж чаддаг хүн гэж байдаг. Таныг ажихад лав л ажлын хэдэн андуудтайгаа улам л найрсаг, дотносуу байгаа харагддаг. Найз гэж таныхаар хэн бэ?
-    Би өөрийнхөө болон өрөөлийн дээшлэх доошлохыг харж, сорлож сонгож нөхөрлөдөггүй. Харин сэтгэлийг нь таньж нөхөрлөхийг л боддог. Надад янз бүрийн мэргэжлийн олон сайхан найз нөхөд бий. Ил инээдэг шигээ, далд дайсагнадаггүй нөхрийгөө л найз гэнэ дээ. Би нөхөрлөлд олон өнгөөр наадах дургүй. Эр хүн шиг байхыг боддог.

-    Аливаа хүнд, хүн чанар гэж байдаг. Таныг олон зүйл дээр хүн сайтай залуу юм даа гэж бодож байснаа нуух юун. Тэгэхээр хүнлэг хүн байхын тухайд таны үгийг сонсъё.
-    Би багадаа өнчирсөн болохоор, бусдын адил аав ээжийн халуун дулаан хайрыг бүтэн амтлаагүй. Хүүхэд насанд өнчирөхөд бэрхшээх, дутагдах, бодогдох зүйл юу эс билээ дээ. Наад зах нь л “ааваа, ээжээ” гэж хэлэхгүй өсөх, сэтгэл сэргээж, хацар үнсэх аав ээж дэргэд байхгүй байх зэрэг нь үнэндээ сэтгэлийн асар том өнчрөл. Амьдрал хүнийг үргэлж сургадаг гэдэг. Дээр нь хүн бүрт суурь ухаан гэж байдаг даа. Үүнээс л хүнлэг чанар тогтдог болов уу.

-    Нэвтрүүлэгч хүний гол зорилго өгүүлбэрийн гүн утгыг сайн илэрхийлэхэд оршдог. Тэгж гэмээнэ, хэлсэн ярьсан бүхэн хүнд хүрч тархи толгойд нь шингэнэ. Та уншсан зүйлээсээ, өөрт хэрэгтэйг тусгаж авдаг уу?
-    Өө тэгэлгүй яахав. Залуу байхад тэмдэглэж авч бүр цээжилдэг байлаа. Жишээ нь: “Задарч явахад хамгийн их зусардсан хүн
 Зүдэрч явахад хамгийн их доромжилдог” гэсэн үг байдаг. Айхтар үг шүү. Зусарч бялдууч, хоёр нүүртэй худал зантай хүнийг таних “сургааль үг” шиг санагддаг юм.  Яг одоогийн энэ нийгэмд ийм хүн, цөөнгүй бий шүү дээ. Хүн чанарын асуудал гэдэг хүний цусанд нь шингэсэн зан гэж боддог. Бидний өвөг дээдэс бидэнд үлдээсэн мөн ч их юм байна даа! Наад зах нь л амьдралаас шалгарч тогтсон зүйр цэцэн сургааль үгнүүд нь “Цул ухаан” байх юм. Залуучууд маань шимтэн уншдаг байвал хүмүүжлийн болоод хүн чанарын их ухаанд сурна даа. За тэгээд ахмадынхаа үгийг сайн сонсч, ахмадууд нь залуусаа хайрлаж байвал болж бүтэхгүй юм гэж үгүй дээ. Ингээд ахмадын баяр ойртож байна, телевизийн баяр болж байна, бүх хүмүүст ажлын амжилт эрүүл энх сайн сайхныг хүсье.

-    Дотно яриа өрнүүлсэнд баярлалаа.   

МУСГЗ “Гоо марал” шагналт нэвтрүүлэгч Г.Отгон


МУСГЗ Д.Цоодол: Би нөхөрлөлд олон өнгөөр наадах дургүй  
Үзсэн: 5011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.180.218.xxx] 2017-05-08 20:51
ene hunii shavi gej hun bnuu shavitai boloh hregtei chuluunbat batbayr tsoodol geedl eregtei diktoruud undsendee duusaj bgaadaa
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-10-01 21:36
Uneheerin hovor hun shuu mongoliin tv n nuur. Tsarai duu hooloi odoo grch bgaa nevtruulegchid negl hundii naaldatsgui dur turh dunii unguteii

Бидэнтэй нэгдээрэй