Шууд Chart

Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө

2026-01-08 16:12:06

Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд 310 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө. 

Ингэснээр гал түймэр, үер ус, цацраг, химийн ослын үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын аюулгүй байдал дээшилж, гал түймэр унтраах болон эрэн хайх, аврах ажиллагааны тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгслийн хангалт нэмэгдэж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч, ноён Мустафа Бүтүн нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцсон юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай 2005 оноос эхлэн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн хор уршгийг арилгах, алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, хүмүүнлэгийн тусламж хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байна.  

Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хүргэхэд дэмжлэг үзүүлсэн бол 2022 онд Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах хүрээнд туулах чадвар сайтай эмнэлгийн иж бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй