Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын салбар, чиглэлийг тодорхойлж, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа нотлов. Энэ хүрээнд Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын Комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг сайшааж, тус механизм нь хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал хөшүүрэг болохыг тэмдэглэв.

Мөн Ерөнхий сайд айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичиг байгуулсан нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэрлэл, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буйг онцлов. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүч, мэргэжлийн болон техникийн боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, залуучууд, спортын салбарын чиглэлээр талууд туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлэв.
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад дахин хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нарын тохирсон ажил арга хэмжээ, хамтын ажиллагааны баримт бичгүүд нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг онцлов. Мөн Монгол Улс “COP17” олон улсын бага хурлыг эх орондоо зохион байгуулах гэж буйг өндрөөр үнэлж байна хэмээв.

Тажикистан Улс нь 1956 онд анхны усан цахилгаан станцаа ашиглалтад оруулж байсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын чиглэлээр арвин туршлагатай гэдгээ тодотгов. Дээрх чиглэлд хоёр тал хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийллээ.
Мөн Ерөнхий сайд “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол Улсад гадаадын банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн тухай дурдав.
Талууд Монгол, Тажикистаны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлж, “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт” амжилттай болсныг сайшаан тэмдэглэв.

| Бүгд Найрамдах Тажикистан Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ | ||
| Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.