Шууд Chart

УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав

2026-02-10 10:02:19

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлов.

Мөн Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулав.

Худалдааны түр хэлэлцээрийг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас Орос, Беларусь, Казахстан улсын парламент соёрхон баталсан нь уг хэлэлцээрийг түргэн хугацаанд хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байгаагийн илрэл болохыг УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо.

Мөн тэрбээр Худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чухал суурь болж байна. Хэлэлцээрийн үйлчлэх хугацаанд хэрэгжилтийг өндөр үр дүнд хүргэж, үр өгөөжийг аж ахуйн нэгж, ард иргэд бодитоор хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг тэмдэглэв. Цаашид хэлэлцээрт тусгагдсан зохицуулалтуудыг бодит ажил хэрэг болгох, гаалийн болон бусад стандартын зөрүүг арилгах, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг үе шаттайгаар бууруулах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа.

Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаев, энэ удаагийн айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх техникийн семинарт Монголын 30 гаруй аж ахуйн нэгжээс 70 орчим төлөөлөл оролцож буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хэлэлцээрт тусгагдсан зохицуулалт, заалт бүрийг ойлгомжтой, ажил хэрэгчээр тайлбарлаж, бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудад оновчтой шийдлийг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү талууд санал солилцсоны дараа Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх техникийн семинарын нээлтэд оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 


УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй