Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо.
Уг төсөл нь нийт 24.77 га талбайд хэрэгжих бөгөөд 560 ортой хүүхдийн цэцэрлэг, 1200 хүүхдийн багтаамжтай сургууль, усан бассейн бүхий спорт цогцолбор, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжаас бүрдсэн цогц төлөвлөлттэй.
Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 1.4 га талбайд орон сууц барихаар иргэдтэй гэрээ байгуулсан.
Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Төслийн нээлтийн үеэр “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “НОСК-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гацсан, зогсонги байдалтай төслүүдийг шинэчлэн зохион байгуулж, хэрэгжилтийг нь урагшлуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийг иргэдэд танилцуулах, газар чөлөөлөлтийн явцын талаар мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулж байна. Тус төслийг өмнө нь өөр компани хэрэгжүүлж эхэлсэн боловч тодорхой шалтгааны улмаас удааширч, хэсэг хугацаанд гацсан. Тухайлбал, тодорхой хэмжээний газрыг чөлөөлсөн ч иргэдэд түрээсийн төлбөр олгохгүй байх, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө олгохгүй зэрэг асуудал гарч, зарим иргэн хохирсон нөхцөл байдал үүссэн. НОСК өнгөрсөн оны наймдугаар сард төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, “МД ТОП” ХХК-ийн “Шүншиг гэгээн” төсөл шалгарсан. Төсөл нийт 3-4 үе шаттай хэрэгжинэ. Эхний шатанд хамрагдах айлуудтай гурвалсан гэрээ байгуулж дууссан бөгөөд энэ хавраас барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа өмнө гарч байсан алдааг давтахгүй байх үүднээс санхүүгийн чадавхад өндөр шаардлага тавьсан. Сонгон шалгаруулалтын нийт онооны 50 хувийг санхүүгийн чадавхаар үнэлсэн. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө “Алсын хараа 2040” зорилттой төслийн концепц хэрхэн уялдаж буйг, түүнчлэн тухайн компанийн барилгын салбарт хэрэгжүүлсэн ажлын туршлагыг харгалзан үзсэн. “МД ТОП” компани нь өмнө нь “Шүншиг 1, 2, 3” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Иймээс уг төсөл цаашид амжилттай хэрэгжинэ гэсэн итгэлтэй байна. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ дэд бүтэц шийдэгдээгүй газарт дахин төлөвлөлт хийхгүй байх бодлогын өөрчлөлт хийж байгаа. Учир нь дэд бүтэцгүй бүсэд төсөл хэрэгжүүлэх нь удаашрах, гацах шалтгаан болдог. Иймээс зөвхөн дэд бүтэц шийдэгдсэн бүсэд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх чиглэл баримталж байна” гэв.

“МД ТОП” компанийн гүйцэтгэх захирал Б.Түвшинзаяа “Манай компани өнгөрсөн оны зургаадугаар сард НОСК-иас зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад оролцож, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. ХУД-ийн 8 дугаар хорооны Сонсголонгийн 1-10 дугаар гудамж орчмын нийт 473 нэгж талбар, 24.77 га талбайд 2896 айлын орон сууцыг барина. Бид төслийг 2026 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2030 оны дөрөвдүгээр улиралд дуусгахаар төлөвлөж байна. Манай компани өмнөх компанийн үед хохирсон айлуудын асуудлыг шийдвэрлэж, эхний ээлжийн барилгад хамрагдах өрхүүдтэй нөхөн олговрын нөхцөлийг тохиролцсон. Одоогоор эхний ээлжийн барилгын талбайг чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Энэ жил нэг блок буюу гурван орон сууцны барилга барьж, 2027 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд хамрагдах өрхүүдийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна” гэлээ.
| ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо | ||
| Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.