Шууд Chart

Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-03-17 17:13:07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерөнхийлөгчийн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Жон Уингл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газар болон Мянганы сорилтын корпорацын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсын усны компакт” хөтөлбөр нь Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйд талархаж, Улаанбаатар хотын хэмжээнд усны нөөц, бохир усны менежментийг сайжруулах шаардлага нэмэгдэж буйг онцоллоо. Өнөөдрийн байдлаар нийслэлд 80 гаруй байгууллагад ус цэвэрлэх байгууламж нэн шаардлагатай байгааг мөн дурдав. Хотын дарга Х.Нямбаатар Мянганы сорилтын корпорацын санал, санаачилгыг дэмжин ажиллаж, төслүүдийг бодит үр дүнд хүргэхэд нийслэлийн зүгээс бүх талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Харин Мянганы сорилтын сангийн төлөөлөгчид Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хүн ам, усны хэрэглээтэй уялдсан “Монгол Улсын усны компакт” хөтөлбөр нь стратегийн өндөр ач холбогдолтой бөгөөд ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхүйц, тогтвортой хөгжлийг дэмжсэн чухал төсөл гэдгийг онцолсон юм. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх явцад мэдээллийн ил тод, шуурхай байдлыг сайжруулах шаардлагатайг хэллээ.


Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй