Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн Төрийн ордонд боллоо.
Жил бүрийн 5 дугаар сарын 12-ны тохиодог Олон улсын сувилагчдын өдрийг энэ жил “Цогц чадамж-Сувилагчийн үнэ цэн” уриан дор тэмдэглэж байна.
Энэ нь сувилагчийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, манлайлал, тасралтгүй хөгжлийг цогцоор нь үнэлж, тэдний оруулж буй хувь нэмэр, үнэ цэнийг тодотгож байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцож, сувилагч нарт баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.
Цар тахлын он жилүүдийг хохирол багатай даван туулж, олон мянган хүнийг эмчлэн, амь насыг нь аврахад эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа сувилагч нарын хүчин зүтгэл асар их байсныг хэлж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зэрэгт оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг байнга өндөр үнэлж, цалин хөлс, нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарч байгааг хэллээ.
Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбар, ялангуяа сувилагч нарын мэдлэг, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
2021 оноос “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөнийг жил бүр Ерөнхийлөгчийн ивээл дор хийж, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, гарц, шийдлээ төр, засагт хүргэж, үр дүнд хүрч байна.
Тухайлбал өнгөрсөн онд зохион байгуулсан зөвлөгөөний үеэр бүтээн байгуулалт нь эхэлсэн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” удахгүй ашиглалтад орно.
Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр барьж буй энэ төв сувилагчдыг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх юм.
Мөн хангайн бүсэд АШУҮИС-ийн харьяа Cувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор байгуулсан.
Сувилагчийг төрийн болон байгууллагын зардлаар сургаж бэлтгэх, гадаадад богино хугацааны сургалтад хамруулахад анхаарч, чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтээр цалин, урамшууллыг нь нэмж байна.
Энэ онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувь нэмэх бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдсэн, энэ сараас нэмэгдлийг нь нэмэгдсэн цалингаас нь тооцож олгож эхэлжээ.
Цаашид сувилагчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшил эзэмшүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг сурталчлан таниулахад анхаарах шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.
Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувь юм байна. 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2-3 дахин цөөн гэсэн үг юм.
Сувилагчдын хөдөлмөрийг бодитой үнэлсэн, нийгмийн баталгаа, ажиллах орчин, мэргэжлийн хөгжлийг нь дэмжсэн тогтвортой бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэдгээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.
Ерөнхийлөгч мөн сувилахуйн тусламж, үйлчилгээнд орчин үеийн шинэ арга технологи нэвтрүүлэхэд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг удирдан зохион байгуулж, тэдний мэдлэг, ур чадвар, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа-2026” зөвлөгөөнд 800 орчим сувилагч оролцлоо.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз















Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.