АНУ Ираны цэргийн байгууламжуудад цохилт өгч эхэлснээ мэдэгдсэнээр Ойрх Дорнод дахь нөхцөл байдал дахин хурцадлаа.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр Америкийн тал Ираны агаарын довтолгооноос хамгаалах болон радарын байгууламжуудыг онилон цохилт өгсөн байна. Үүний дараа Иран Бахрейн, Кувейт, Иордан дахь АНУ-ын цэргийн объектууд руу пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр довтолсон гэж мэдээлжээ.
Сүүлийн өдрүүдэд хоёр улсын хоорондын хурцадмал байдал эрчимтэй нэмэгдсэн байна. Зургадугаар сарын 7-нд Иран Израил руу пуужин харвасан нь дөрөвдүгээр сараас хойш мөрдөгдөж байсан эмзэг гал зогсоох тохиролцоонд томоохон сорилт болсон юм.
Үүний дараа Оманы эргийн ойролцоо АНУ-ын армийн “Апачи” загварын нисдэг тэрэг осолдсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр уг нисдэг тэрэг Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй мөргөлдсөн байж болзошгүй байгаа ч ослын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй хэвээр байна. Ослын үеэр багийн хоёр гишүүн эсэн мэнд аврагджээ.
Ослын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг буруутгаж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн бөгөөд удалгүй Америкийн тал Ираны объектуудад цохилт өгч эхэлснээ зарласан байна.
Үүний зэрэгцээ Израил Ливанд Хезболлагийн байрлалуудад цохилтоо үргэлжлүүлж байгаа нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байна. Иран аливаа урт хугацааны тохиролцоо нь Ливан дахь байлдааны ажиллагааг зогсоох асуудлыг мөн хамрах ёстой гэж үзэж байгаа бол Израил болон АНУ үүнтэй санал нийлэхгүй байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар хамгийн сүүлийн харилцан цохилтууд нь дөрөвдүгээр сараас хойш мөрдөгдөж байсан эмзэг гал зогсоох хэлэлцээрийг ноцтой эрсдэлд оруулж, бүс нутгийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлж байна.
| Ойрх Дорнод дахь хурцадмал байдал дахин нэмэгдлээ | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.