Шууд Chart

С.Эрдэнэболд: “Төр шийтгэж ч чаддаг, бас уучилж ч чаддаг байх хэрэгтэй”

2013-08-02 13:16:16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гаргаж Хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Намбарын Энхбаярт уучлал үзүүлэн, үлдсэн ялаас нь чөлөөлсөн билээ. Энэ үйл явдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Авлигын хэргээр ял эдэлж байсан Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үлдсэн ялаас нь чөлөөлж суллалаа. Үүнийг авлигатай хийх тэмцлээс ухарлаа гэж үзэх нэг хэсэг хүн байна. Ингэж ойлгож болох уу?
-Авлигатай тэмцэнэ, шийтгэнэ, өршөөж уучилна гэдэг бол бүгд тус тусдаа ойлголт юм.
- Н.Энхбаярыг сулласнаас үл хамаарч авлигатай хийх тэмцэл үргэлжилнэ гэж хэлж болох уу?
-Тийм, авлигатай хийх тэмцэл бол Монгол Улсад хуулийн засаглал тогтоох том зорилтын салшгүй хэсэг мөн. Энэ ажил цаашид үргэлжилнэ.
-Тэгвэл Н.Энхбаярыг яагаад уучилсан юм бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон, бусадтай хуваалцдаггүй  онцгой хэд хэдэн эрх бий. Түүний нэг эрх бол уучлал үзүүлэх эрх байдаг.
-Ерөнхийлөгч ямар үндэслэлээр Н.Энхбаярыг уучилсан бэ гэж асуумаар байна л даа. Н.Энхбаярын зүгээс албан ёсоор өргөдөл, хүсэлт гаргасан уу?
-Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч онцгой бүрэн эрхээ эдэлж, шүүхээр шийтгүүлэн ял эдэлж байгаа хүмүүст уучлал үзүүлсээр ирсэн. Н.Энхбаярын тухайд янз бүрийн шалтгаанаар шоронгоос чөлөөлүүлж өгөхийг хүсч удаа дараа санал хүсэлт, шаардлага  зөндөө гарч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлэх зарлиг гаргахдаа олон зүйл эргэцүүлж бодсон байж таарна. Нэг үе Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг уучилсан нь буруу биш биз дээ. Н.Энхбаяр гуай эрүүл мэнд, эмчилгээ, сувилгаандаа анхаарах биз ээ.
Төр шийтгэж ч чаддаг, бас уучилж ч чаддаг байх хэрэгтэй л дээ. Энэ бол ардчилсан аль ч оронд байдаг л зүйл. Үүнийг гайхаад, эвэртэй туулай үзсэн юм шиг хандаад байх шаардлагагүй болов уу.
-Ер нь Ерөнхийлөгч жилдээ хэчнээн хүнийг уучилдаг юм бэ?
-Ерөнхийлөгч жилд цөөн тооны хүмүүст уучлал үзүүлдэг. Энэ удаа Н.Энхбаяр гэдгээрээ арай содон харагдсан байх. Тэрнээс биш байдаг л зүйл. УИХ-аас хууль гаргаж олон хүнийг өршөөдөг. Өршөөл нийтлэг шинжтэй, харин уучлалыг тодорхой хувь хүнд хандаж гаргадаг. Үүгээрээ өршөөл, уучлал ялгаатай. Ерөнхийлөгчийн зарлиг гармагцаа хэрэгждэг онцлогтой.
-Хүнийг уучилна гэдэг бол шийтгэхээс илүү хэцүү, ихээхэн ухаан, эр зориг зардаг юм шиг санагддаг юм. Та юу гэж бодож байна?
-Тийм ээ, тантай санал нэг байна.
 

 Д.ОЮУН




 


С.Эрдэнэболд: “Төр шийтгэж ч чаддаг, бас уучилж ч чаддаг байх хэрэгтэй”  
Үзсэн: 4167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-11-15 00:16
tiim shvv chamtai sanal negteigeer chinii uriag demjij bn
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-08-03 08:52
Өршөөлийн тухай хуулийг хүлээж байгаа олон сайхан аавын хүү, ээжийн охидууд эмэгтэйчүүд эхүүд байна шүү дээ. Ялимгүй зүйл дээрээс алдаж онож төрийн хуулиар шийтгүүлж, ар гэр амраг хань, алаг үрс нь тэсэн ядан хүлээж буй бусад иргэдээ хэзээ өршөөл үзүүлэх юм вэ. Тэд Энхбаяр шиг энэ улс орныг тонон зарж ард түмний авдрыг ухаагүй шүү дээ. Авилгач луйварчин суллагдаж байхад архи ууж агсан тавьсан найзынхаа дэргэд аашыг нь дарах гээд зогсож байсан аавын хүүд хам гэсэн зүйл ангиар 5-10 жил аваад Ардчилсан орныхоо шоронд амьдаараа хатаад сууж байна шүү дээ. Тэднийгээ наад луйварчдынхаа оронд суллаачээ. Ерөнхийлөгчөө, Эрхэм улсын их хурлын гишүүдээ. Тэднийгээ суллуулья ард түмээн. Шоронд байгаа хүү охидоо хүлээж суугаа аав ээж нараа.

Бидэнтэй нэгдээрэй