Шууд Chart

МАН-ын цаашдын хувь заяаг Их хуралд үлдээлээ

2013-08-06 16:16:39

Сүүлийн хоёр өдөр олон нийтийн анхаарлын дунд зүй ёсоор ороод байсан МАН-ын VIII Бага хурал санасныг бодвол харьцангуй тайван уур амьсгалтай болж өндөрлөв.

МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн, Бага хурлынхаа үеэр санасандаа хүрсэн үү, аль эсвэл намын одоогийн Удирдах зөвлөлийнхөнтэйгээ тохиролцсон уу юутай ч энэ удаагийн хурлаар зарим нэг тохиролцоонд хүрээд авсан бололтой.
 
Бага хурлын эхний хэсэгт өнөө л уламжлалт “зохиол”-ынхоо дагуу намын даргын илтгэлийг сонссон бол, дараа нь залгуулаад МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын шинэчлэлийн илтгэлийг сонссон юм. Үүнээс цааш билэгдлийн Бага хурал өнөөдрийн хүртэл хаалттай болж өндөрлөсөн нь энэ.
 
Гэхдээ, МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн оргүйгээс ортой гэгчээр МАН-ын Их хурлаа 2013.10.27-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулахаар санасандаа хүрч чадсан нь энэ удаагийн хурлын гол хөзөр нь байлаа гэхэд болно.
Юутай ч МАН-ын VIII Бага хуралд бүлэглэлүүд тус тусынхаа шинэчлэлийн байр сууриа илэрхийлсэн, үзэл бодлоо дэвшүүлсэн хурал болж чадлаа хэмээн зарим нэг гишүүд үзлээ.
 
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ассан МАН-ын залуучуудын гал ийнхүү Бага хурал хүрээд “цурманд” орлоо. Энэхүү “цурам” нь ирэх намар болох МАН-ын Их хурлаар гадагш сэдрэх, эсэх нь МАН доторх бүлэглэлүүдийн нааш, цааш хөдөлгөөн, тохиролцоо нь хэрхэн явагдахаас шалтгаалах биз ээ. Өөрөөр хэлбэл МАН-ын шинэчлэлийн бусад асуудал, хариуцлага, намын цаашдын хувь заяаг Их хурлын нийт төлөөлөгчдийн гарт үлдээлээ...
 

МАН-ын цаашдын хувь заяаг Их хуралд үлдээлээ  
Үзсэн: 3725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй