
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн биржийн явуулж буй бодлого, үйл ажиллагаа, Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа, зах зээлд нэвтрүүлэх шинэ бүтээгдэхүүн мөн хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллах тухай зөвлөлдөв. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай Монгол Улсын Сангийн Яам болон Монголбанк нь өнгөрсөн онд “Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хөтөлбөрт Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх болон үүнийг хэрэгжүүлэхэд тус банкны оролцох эрх үүрэг тусгагдсан юм. Дээрх зорилтыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх саналыг өмнө нь Монголын талаас Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Сэр. Сума Чикробартид хүргүүлсний дагуу тус банкны Лондон хот дахь төв оффисын төлөөлөгчид Монголын хөрөнгийн биржид хүрэлцэн ирж уулзалт хийлээ. Хамтран ажиллах чиглэлийн талаарх яриа хэлэлцээг ойрын үед үргэлжлүүлэхээр хоёр тал санал нэгджээ.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.