Шууд Chart

Лаброторийн аргаар ургуулсан махаар гамбургер хийжээ

2013-08-07 11:51:34

Недерландын “The Maastricht University (UM)” их сургуулийн профессор Марк Пост лабораторийн аргаар ургуулан гаргаж авсан дэлхийн анхны “үхрийн мах”-ыг гаргажээ. 

Тэрээр “The Cultured Beef” хэмээх энэхүү төслөө 2008 оноос эхлүүлсэн ажээ. Хиймэл мах ургуулах энэхүү санааг анх 86 настай бизнесмэн Вильем ван Ийлен 2004 онд санаачилж, хүн төрөлхтөн хүнсний хэрэгцээгээ бүрэн хангахуйц махыг лабораторийн аргаар ийнхүү ургуулах боломжтой гэдгийг хэд хэдэн удаагийн туршилт судалгаагаараа баталж байжээ.

Махыг лабораторид ургуулахын тулд ургуулах гэж байгаа махны төрлөөсөө шалтгаалж гахай, тахиа, үхрийн булчингийн хэсгийн махнаас тодорхой хэмжээний эсийг биопсийн шинжилгээгээр ялгаж авдаг байна.
 
Энэ нь байгалийн жамаараа хэд хэдэн хэсэг болж хуваагдах ба энэхүү процессийг дэмжихийн тулд цусны ийлдэс (шар ус - серум) болон нэмэлт амин дэмүүдийг шингээж өгдөг аж. Илүү том хэмжээний зүсэм махыг гаргаж авахыг хүсвэл уусамтгай шинж чанар бүхий сахарын полимерийг хийж өгөх юм байна.
Ирэх 40 жилд дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрэх бөгөөд энэ цагт хүн төрөлхтний хоол хүнс, махны хэрэглээ хэрээс хэтэрч мах үнэд орох ба 2050 он гэхэд махны эрэлт 73% болж нэмэгдэнэ гэж судалгаагаар тогтоосон байдаг.
Тэгвэл “The Cultured Beef” төсөл нь өдрөөс өдөрт хоол хүнсний хомсдолд нэрвэгдээд байгаа дэлхийн хүн амын махны үйлдвэрлэл болон хэрэглээг хангахад эрүүл басхүү найдвартай “шинэлэг” шийдэл болж байгааг онцолсон бөгөөд нэг үхрээс авах хэдхэн ширхэг эснээс 10 тн орчим махыг ургуулах боломжтой гэнэ.
 
Лабораторийн аргаар, ямар ч химийн бодис оруулалгүйгээр гаргаж авсан үхрийн энэхүү махыг танилцуулах арга хэмжээ Лондон хотноо болсон ба амталсан “хиймэл” үхрийн махаар тогооч Ричард Мак Гиөүн гамбургер хийж туршсан нь энэ ажээ.
Үхрийн жинхэнэ махтай харьцуулахад харьцангуй зөөлөн, шүүс багатай бөгөөд амт чанарын хувьд арай сул ч гэсэн цаашид хөгжүүлэх бүрэн боломжтой төдийгүй нэг үхрээс авах хэдхэн ширхэг эснээс 175 сая “гарбургер” үйлдвэрлэх юм байна.
 
Профессор Маркийн хэлснээр тэд лабораторид ургуулан гаргаж авсан энэхүү махаа ирэх 10 - 20 жилд зах зээлд жинхэнэ ёсоор нь худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад энэхүү төслийг “Google”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин санхүүжүүлж байгаа гэнэ.
Т.Дуяа
 





Лаброторийн аргаар ургуулсан махаар гамбургер хийжээ   
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй