
Монголбанкнаас Монгол Улсын 2014 оны аравдугаар сарын гадаад худалдааны тойм мэдээг гаргасныг бүрэн эхээр нь хүргэе.
Гадаад худалдааны эргэлт: $9,080.0 сая
Мөнгөн дүн тайлант хугацааны эцэст 9,080.0 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.9%-иар буюу 258.9 сая ам.доллараар өссөн. Үүнд импорт 866.7 сая ам.доллараар буурсан ч экспорт 1,125.5 сая ам.доллараар өссөн нь нөлөөлөв. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 61.0% бую у 5,543.1 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 15.1% буюу 1,373.2 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 23.2%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 3.2%-иар тус тус өсчээ.
Гадаад худалдааны нийт тэнцэл: $131.4 сая
Мөнгөн дүн 2014 оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 1,992.2 сая ам.доллараар буурснаар 131.4 сая ам.доллар ашигтай гарлаа. Энэ нь экспорт 32.3%-иар өссөн, импорт 16.2%-иар буурсантай холбоотой байна. Экспорт, импортын жилийн өсөлтийн зөрүүг 3 сарын шаталсан дунджаар (moving average) авч үзвэл сүүлийн жилүүдэд байнгын бууралттай байсан бол 2014 оны эхнээс өсөх хандлага руу орсон. Энэ нь оны эхнээс экспортын өсөлт нэмэгдэж, импортын өсөлт буурсантай холбоотой байна.
Валютын төлбөртэй худалдааны тэнцэл: $393.8 сая
Валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл нь төгрөгийн валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлт юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд тогтмол алдагдалтай байсан валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2014 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 393.8 сая ам.долларын ашигтай буюу өнгөрсөн оны мөн үеэс 1,872.4 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлттэй байна. Үүнд валютын төлбөртэй экспорт 30.8%-иар өссөн, импорт 16.2%-иар буурсан нь нөлөөлсөн.
ЭКСПОРТ
Бүтэц: 88% + 12%
Ашигт малтмалын бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар буурч нийт экспортын 88%-ийг бүрдүүлэв. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох 4 түүхий эдийн экспорт ашигт малтмалын экспортын 87%, нийт экспортын 77%-ийг тус тус эзэлж байна. Түүнчлэн энэ 4 бүтээгдэхүүний ашигт малтмалын экспортод эзлэх хувь 3.6 нэгж хувиар, нийт экспортод эзлэх хувь 2.9 нэгж хувиар тус тус өссөн байна.
Өсөлт: +32.3%
Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 32.3%-иар өссөн бөгөөд уг өсөлтийн 28.2%-ийг ашигт малтмалын экспортын өсөлт бүрдүүлсэн байна. Гол нэрийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл зэсийн баяжмал болон боловсруулаагүй нефтийн экспортын өсөлт нь уг бүлгийн өсөлтийн 44%-ийг бүрдүүлжээ. Харин чулуун нүүрс болон төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн оны мөн үеэс харгалзан 22%, 33%-иар буурсан нь уг бүлгийн өсөлтийг 12%-иар бууруулжээ.
Өөрчлөлт
Экспортын бүтээгдэхүүн тоо хэмжээний өсөлтөөс шалтгаалж 1,104.9 сая ам.доллараар, үнийн өсөлтөөс шалтгаалж 20.6 сая ам.доллараар тус тус өссөнөөр нийтдээ 1,125.5 сая ам.доллараар өссөн байна. Бүлэг тус бүрээр авч үзвэл ашигт малтмалын экспортын хувьд зэсийн баяжмал болон боловсруулаагүй нефтийн тоо хэмжээ өссөнөөс шалтгаалж 996 сая ам.доллараар өсөх нөлөө үзүүлсэн бол төмрийн хүдэр, цайрын экспортын тоо хэмжээ буурснаас, мөн чулуун нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурснаас шалтгаалж экспорт 493 сая ам.доллараар буурсан байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үнэ, бусад экспортын бүтээгдэхүүний үнэ болон тоо хэмжээ өссөнөөр өмнөх оны мөн үеэс харгалзан 41.7 болон 103.7 сая ам.доллараар экспорт өссөн байна.
Дэлхий зах зээл дээрх түүхий эдийн үнэ
Алтны дэлхийн зах зээл дээрх үнэ 2014 оны аравдугаар дугаар сарын 31-ний байдлаар унц тутамд 1,172.9-д хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 11.3%-иар, өмнөх сараас 2.9%-иар тус тус буурсан байна. А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн үнэ 2014 оны аравдугаардугаар сарын 31-ний байдлаар 6,761.5, 79.0 ам.долларт хүрч өнгөрсөн сарын мөн үеэс зэс 0.6%-иар, төмрийн хүдэр 1.3%-иар өссөн бол өмнөх жилийн мөн үеэс зэс 6.6%-иар, төмрийн хүдэр 40.1%-иар тус тус буурсан байна.
ИМПОРТ
Бүтэц: 25% + 42% +22%
Эхний 10 сарын байдлаар нийт импортын 25%-ийг хэрэглээний бүтээгдэхүүн, 42%-ийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, 22%-ийг нефтийн бүтээгдэхүүн тус тус бүрдүүлж байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 4%-иар буурсан бол хэрэглээний болон нефтийн бүтээгдэхүүний хувийн жин өнгөрсөн оны мөн үеийн түвшинд хадгалагдсан байна.
Өсөлт: -16.2%
Импортын бууралтыг ерөнхий ангиллаар задалвал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт нь 11%-ийг, нефтийн бүтээгдэхүүний импортын бууралт 3%-ийг тус тус тайлбарлаж байна. Эхний гурван сарын байдлаар нефтийн импорт нийт импортын бууралтын 8%-ийг тайлбарлаж байсан бол хоёрдугаар улирлаас эхлэн нефтийн импорт өссөнөөр уг үзүүлэлт 3% болж буурсан байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт өмнөх оноос 25 %-иар буюу 614 сая ам.доллараар, нефтийн бүтээгдэхүүний импорт 14%-иар буюу 157 сая ам.доллараар буурсан нь нийт импортийг 16.2%-иар буурахад голлон нөлөөлжээ.
Задаргаа
Хэрэглээний бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеэс 10%-иар буюу 125 сая ам.доллараар буурахад удаан эдэлгээтэй барааны импорт, ялангуяа суудлын автомашин, түүний сэлбэг хэрэгслийн импорт 26%-иар буурсан нь голлон нөлөөлжээ. Хэрэглээний барааны импортын 3 сарын гулсах дунджаар тооцсон жилийн өсөлт тайлант хугацааны эцэст сөрөг тэмдэгтэй 19%-д хүрсэн /Дүрслэл 7/. Түргэн эдэлгээтэй хэрэглээний барааны импортын өсөлт 2013 оны эхнээс эхлэн тогтмол түвшинд байсан бол долоодугаар сараас эхлэн буурах хандлагатай болсон. Харин удаан эдэлгээтэй хэрэглээний барааны импортын өсөлт 2013 оны наймдугаар сараас эхлэн тогтмол буурч байна.
Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт буурахад машин, механизм, тоног төхөөрөмж, түүний эд анги 39%-иар буюу 631 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн. Харин барилгын материалын импорт өнгөрсөн оны мөн үеэс 4%-иар буюу 28 сая ам.доллараар өсчээ.
Аж үйлдвэрлэлийн орцын импорт 4%-иар буюу 20 сая ам.доллараар өссөн нь ерөнхий ангиллуудын хувьд өсөлттэй гарсан ганц бүлэг болж байна. Энэ нь цахилгаан эрчим хүчний импортын өсөлтөөр голлон тодорхойлогдож байна. Оюутолгойн зэс, алтны уурхайн үйл ажиллагаа жигдэрснээр 2013 оны 5 сараас эхлэн эрчим хүчний импорт огцом нэмэгдсэн.
Нефтийн бүтээгдэхүүний импорт 14%-иар буюу 157 сая ам.доллараар буурчээ. Дүрслэл 8-с үзэхэд хилийн үнэ 2012 оны сүүлээс эхлэн буурч, 2013 оны есдүгээр сараас өсөх хандлагатай байсан хэдий ч 2013 оны төгсгөлөөс эхлэн буцаад буурч байна.
Манай улсын экспорт 32.3 хувиар өссөн дүнтэй байна | ||
Үзсэн: 2286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.