Шууд Chart

Дэд сайд Д.Ганхуяг Европын уулзалтад оролцож байна

2014-12-05 10:00:36

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид энэ хоёр өдөр Швейцарийн Базел хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр уулзалтад оролцож байна. Энэ жилийн уулзалтын эхний өдрийн бүгд хуралдаан “Европын аюулгүй байдлын хямралыг даван туулах нь: цаашдын чиглэл” сэдвээр, хоёр дахь өдрийн бүгд хуралдаан “Терроризмтой хийх тэмцэл: ЕАБХАБ-ын хүрээнд болон тус бүсээс гадна тулгарч буй нийтлэг сорилтууд” гэсэн сэдвээр тус тус явагдаж байна. Уулзалтын үеэр Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг ЕАБХАБ-ын дарга-Швейцарийн Гадаад хэргийн сайд Д.Бүркхалтер, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва, ЕАБХАБ-ын Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Дуня Миятович болон хуучин Югославын БНМакедони Улс, Монако зэрэг улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаас гадна хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт оролцогч орноор болсноосоо хойш тус байгууллагын Парламентын ассамблей, Ардчилсан институц, хүний эрхийн алба болон бусад албатай идэвхтэй хамтран ажиллаж байна. Байгууллагын үндэс суурийг тавьсан Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийн 40 жилийн ой тохиож байгаа 2015 онд манай улс ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн намрын хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Мөн оны эхний улиралд Монгол Улс ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны форумыг даргалах юм. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хамгийн том байгууллага бөгөөд тус байгууллагад манай улс 2012 онд гишүүн болсон юм.

Дэд сайд Д.Ганхуяг Европын уулзалтад оролцож байна  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй