Шууд Chart

“Олон нийтийн радио телевизийн тухай хууль-10 жил” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2015-01-27 21:03:14

Манай улсад Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдсаны 10 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Олон нийтийн радио телевизийн тухай хууль-10 жил” нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Су.Батболд, М.Батчимэг, Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн анхны дарга Н.Содномдорж нарын төлөөлөгчид болон сэтгүүлч, уран бүтээлчид оролцов. МҮОНРТ-ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, санхүүжилт олох гарцыг эрэлхийлсэн гээд олон чухал асуудлын хүрээнд хэлэлцүүлэг цааш өрнөсөн юм.

Уншигч та бүхэнд  хэлэлцүүлэгт оролцсон зарим хүний сэтгэгдлийг хүргэе.  

Олон нийтийн радио, телевиз бол үндсэн сэтгүүлзүйгээ зөв авч явах үүрэгтэй байгууллага

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь: -Аливаа нэг шийдвэр дараа дараагийнхаа шинэ гарцыг хайх боломжийг нээж өгдөг. МҮОНРТ-ийн улсын төсвийн дэмжлэг хаагдаж байгаа нь өөр эх үүсвэрийн шинэ арга замыг хайх, шинээр сэтгэх бололцоог олгож байж болох юм гэж хэлэлцүүлэгт оролцсон зарим зочид хэлж байна. Энэ нь биднийг өөрчлөлт хийх шинэ зам руу хандууллаа. Мөн бүтцийн өөрчлөлт хийж байгаа үед хэлэлцүүлэг хийсэн нь сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ дуу хоолойг сонсоход чиглэсэн. Олон нийтийн радио, телевиз бол үндсэн сэтгүүлзүйгээ зөв авч явах үүрэгтэй байгууллага. Үнэ цэнэтэй хараат бус байх явдлыг төлөвшүүлэх бүтцийг өрөөд эхлэх юм бол энэ байгууллага маань нийгэмд өөрийн гэсэн үлгэр дууриалал болно гэж бодож байна. Өнгөрсөн бүх хугацаанд бид санхүү, менежмент талыг хэтэрхий анхаарч ирсэн болохоос сэтгүүлзүй гэдэг үнэ цэнийг тэр бүр тэргүүнд тавьж байгаагүй. Тиймээс одоогийн энэ зорилго маань ард түмнийхээ итгэлийг хүлээж, тэднийхээ дуу хоолой болж ажиллахад оршино. Ингэснээрээ бид өөрсдөө санхүүгийн хараат бус байдлаас гарах боломжтой болно гэсэн итгэл төрлөө. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг олон, олон шинэ санааг тусгасан сайхан арга хэмжээ боллоо. 

Нэг ч ажилтан халахгүйгээр бүтцийг нь хэвээр үлдээх гарцыг олж чаддаг байсан

МҮОНРТ-ийн анхны Үндэсний зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор Н.Содномдорж: -Өнөөдөр УИХ-аар “Олон нийтийн радио телевизийн тухай хууль” батлагдсаны 10 жилийн ойн хүндэтгэлийн хэлэлцүүлэг болж байна. Энэ хуулийг санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн, батласан УИХ, энэ хуулийг хэрэгжүүлж ирсэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүх ажилтнууд, иргэд үзэгчдэдээ энэхүү хууль батлагдсаны баярын мэндийг хүргэе.

Энэ хуулийг ингэж дээдлэгдэж, бас онцгойлон дурсагдаж байх хууль гэж би боддог. Зах зээлийн эдийн засагтай хувийн өмч давамгайлсан, аль болох бүх зүйлийг хувийн өмч рүү оруулах гээд байдаг үед тийм замналаар явуулж болохгүй авч үлдэх, хөгжингүй орнуудын нэг туршлага бол Олон нийтийн радиао, телевиз байдаг. Тиймдээ ч улс орнууд үндэсний телевиз, радиогоо олон нийтийн хэлбэрээр нь авч үлдээд, бусад арилжааны телевиз радиогоо хөгжүүлж байх бодлогыг хуульчилж өгсөн байдаг юм билээ. Тэр бодлого руу дөхөхөд энэ хууль түүхэн түлхэц болж өгсөн. Өөрөөр хэлбэл, МҮОНРТ хуулинд зар сурталчилгааны цагийг хязгаарласан.

Ингэснээр арилжааны телевизүүд маань хөгжиж, харин МҮОНРТ-ийн статус, байр хувьчлагдахгүй үлдэж, төвийг сахисан, улс төргүй бөгөөд хувийн өмчийн ашиг сонирхол цухалздаггүй бодлогыг энэ газарт зохицуулж өгсөн. Энэ хуулийн гүйцэтгэсэн хамгийн  чухал үүрэг тэр байсан гэж ойлгож болно. Өнөөдөр УИХ-ын гишүүд энэ хуулийн агуулгад онцгойлон анхаарч, улстөржих байдлаар, төсөв санхүүгийн асуудлыг багасгаж, танаж байгаа явдалд би хувьдаа сэтгэл зовниж явдаг.

Анхны Үндэсний зөвлөлийн гишүүд шигшигдэн гарч, өөр өөрийн бодлоор ажилладаг төлөөлөгчид байсан. Хэдийгээр энэ хүмүүс өөрсдийн хариуцсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ч нэг нь ч ОН-ийн байгууллагыг хувийн өмч болгож авах талаар бодож байгаагүй. Хамгийн цэвэр чанар нь тэр юм. Үндэсний зөвлөлд ажиллаж байх хугацаанд бид 700 ажилтанг халахгүйгээр бүтэц бүрэлдэхүүнийг нь яаж, хэвээр нь авч үлдэх вэ гэж ажиллаж, гарцыг олж чаддаг байсан.

Улсын төсвөөс өгдөг тэр санхүүжилт 7 тэрбумаас доош байж хэрхэвч болохгүй гэж хэлмээр байна. Өнөөдрийн энэ зах зээл, үнийн хөөрөгдөл ямар байгаа билээ. Энэ бүхнийг тооцоход одоо өгч буй улсын дэмжлэг бол хаанаа ч хүрэхгүй юм.
Санхүү мөнгийг нь буулгавал ямар үр дүнд хүргэх вэ гэдэг ойлгомжтой. Тиймээс энэ хүчирхэг телевиз радиог, бүх хувийн хэвшлийн байгууллагын үлгэр жишээ, загвар болгож авч явах ёстой. Арилжааны телевиз бол өөр бодлоготой шүү. Нуух юм байхгүй. Бизнесийн бодлого давамгай. Тэгэхэд Олон нийтийн телевиз бол бизнесийн бус олон индэр байх хэрэгтэй.
Тэгээд энэхүү олон нийтийн телевиз радио цаашид дэлхийн хэмжээнд хөгжин дэвжих, дэлхийн хэмжээний байгууллага болох зорилт тавьж ажиллах болтугай гэж хэлье.

ОНРТ-ийн тухай хууль батлагдсан нь их чухал үйл явдал гэж боддог 

УИХ-ын гишүүн С.Батчимэг: -Арван жилийн өмнө ОНРТ-ийн тухай хууль батлагдсан нь их чухал үйл явдал гэж боддог. Дэлхийн аль ч улсад, тэр тусмаа ардчилсан улсад улс төрөөс, Засгийн газраас хараат бус, бие даасан, олон нийтийн санаа бодлыг илтгэж чадах хэвлэл мэдээллийн хэрэгсэл төлөвшиж хөгжинө гэдэг бол их чухал зүйл. МҮОНРТ-ийн үүрэг бол нэгдүгээрт хараат бус байдал, хоёрдугаарт, улс орны үндэсний үнэт зүйл, соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн санаа бодолд нийцсэн үндэсний контентуудыг олон нийтэд хүргэх явдал байдаг. Зах зээлийн өрсөлдөөнтэй орчинд ажиллаж байгаа хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол цаг нартай уралдаж байдаг учраас тэр болгон цаг зараад уран бүтээл бэлтгэх боломж бага. Тийм учраас нэгэнт 10 жил болчихсон энэ суурин дээрээ МҮОНРТ олон нийтийн сайн сайханд нийцсэн, улс үндэстний эрх ашигт нийцсэн чанартай уран бүтээлүүдийг нийтлэх нь чухал гэж бодож байна.

Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ-аас анхаарах шаардлагатай гэж бодож байна. Цаашдаа МҮОНРТ-ийн хуулийг боловсронгуй болгох, МҮОНРТ-ийг улам бүр бие даасан, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагааг идэвхжүүлэх байх гэж бодож байна.

МҮОНРТ гэх том айлын менежментийг сайжруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн А.Бакей: -Одоогоос 10 жилийн өмнө ОНРТ-ийн хуулийг УИХ-аар батлахад оролцож явсан гишүүний нэг нь би. Энэ хуулийн гол үзэл баримтлал нь төрд үйлчилж байсан ОНРТ-ийг Олон нийтэд үйлчлэх статустай болгосон явдал юм. Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний эрх үүргийг хангахад түлхэц болсон гэж үзэж байгаа. 10 жилийн өндөрлөгөөс харахад болж байгаа, болохгүй байгаа зүйл аль аль нь байна. Үүнийг нуух шаардлагагүй байх. Статусын тухай ярихдаа ашгийн бус олон нийтийн эрх ашигт нийцсэн байгууллага байх ёстой гэж дурдсан байдаг. Өнөөдөр тэр статуст хүрч чадсан уу, үгүй юу гэдгийг харахаар бүрэн төлөвшиж чадаагүй байна. Үүний шалтгаан олон байна. Нэн тэргүүнд ОНРТ-ийн удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлийг бүрдүүлэх, үйл ажиллагаа явуулах арга хэлбэрийн хувьд хөлөө олж чадалгүй өдийг хүрлээ. Улстөрөөс бүрэн биш ч хараат байсаар ирсэн. Үндэсний зөвлөлөөр томилогдож очсон гишүүд ажиллах ёстой чиг үүргийнхээ дагуу ажиллаж чадахгүй байна. Зарим нь хэн нэг том даргын дохио зангаагаар, зарим нь хуулийнхаа дагуу ажилладаг байх жишээтэй.

Гэхдээ өнөөдөр би Үндэсний зөвлөлийг шүүмжлэх гэж ирсэнгүй. Миний бодлоор Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгохдоо холбогдох Төрийн бус байгууллагууд нэрсийг нь дэвшүүлж, Ерөнхийлөгч, УИХ-аар хянуулж батлуулдаг байх хэрэгтэй. Гэтэл өнөөгийн Үндэсний зөвлөлийнхнийг сонгодог сонгууль олон нийтийн санаа бодлыг тусгаж, ил тод байдлыг хангаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс бид энэ асуудалд хандаж, алдаа дутагдал байвал түүнийгээ засах хэрэгтэй гэж бодож байгаа. ОНРТ-ийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Өнөөдөр цугласан та бүхнээс санал авч, сайжруулах хэрэгтэй байна. Мөн ОНРТ-ийн уран бүтээлчдийн эрх ашгийг хэр хангаж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Уран бүтээлчдийг улстөрөөс хараат бус ажиллах боломжийг хуулиндаа тусгаж өгөх нь чухал. Түүнчлэн санхүүжилтийн асуудал ч нэлээд хамааралтай. Төсвийг 50 хувиар хассан нь ОНРТ-ийн хуулиндаа хөндлөнгөөс оролцож, зөрчиж буй хэрэг юм. Үүнийг аль аль талдаа анхаарах хэрэгтэй. ОНРТ гэх том айл, УИХ хоёрын аль аль нь үйл ажиллагаандаа энэ талаар тусгаж ажиллах хэрэгтэй. Айл өрхүүдээс авдаг телевизийн хураамжийг авч чадвал санхүүгийн бэрхшээлээсээ ангижрах боломж байгаа. Хамгийн гол нь энэ талаараа олон нийтэд зөвөөр маш сайн ойлгуулах хэрэгтэй. Хүмүүс яагаад энэ хураамжийг төлөх вэ гэдгээ мэддэггүй. Тиймээс түүнийг тайлбарлах хэрэгтэй байх.

Түүнчлэн МҮОНРТ гэх байгууллага зөвхөн нийслэлд нэгдсэн том удирдлагатай байгаа. Энэ байдлаа өөрчилж орон нутгуудад ч холбогдох албан тушаалтанг байрлуулах менежментийг хийх хэрэгтэй. Энэ том айлыг авч яваа менежмент зөв байгаа эсэхэд хяналт тавих ёстой болоод байгаа. Гэхдээ өнөөдрийн байгаа энэ хүндрэл зөвхөн өнөөдөр л байгаа бэрхшээл шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх. 

Телевизийн хураамжаа бүтэн хурааж чадвал 10 тэрбум төгрөг бүрдүүлэх боломжтой

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: -Олон нийтийн телевизийн тухай хууль гарснаас хойш 10 жилийн дараа түүний талаар ярьж шүүн хэлэлцэж байна. Гэтэл зарим хүн ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 10 гишүүн нь Ардчилсан нам, таван гишүүн нь МАН-ын хүмүүс гэлээ. Ингээд тавьчихаар улстөрөөс хараат байж чадсан уу гэх асуулт гарч ирнэ. ОНРТ арилжаа болоод улстөрөөс хараат бус байх ёстой. Тэгвэл өнөөдөр энэ байдлыг хангаж чадахгүй байна. Түрүүн арилжааны хязгаартай байдлын талаар ярьж байсан. ОНРТ реклам сурталчилгаа явуулж болохгүй гэдгийг хуулиар нь заасан байдаг. Тэр хоёр хувийн реклам нь нийгмийн шинж чанартай байх ёстой. Энэ тал дээр хууль зөрчигдөж байгаа. Үүнд Үндэсний зөвлөл холбогдох хүмүүс анхаарал тавих ёстой гэж бодож байна. Сүүлийн үед санхүүжилтийн талаар нэлээд яригдаж болж. МҮОНРТ-д 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт очсон байгаа. Харин төсвийн 50 хувь нь хасагдсан гэх гомдол явж байна. Өнөөдөр та бүхэн бодоод үзээрэй. Арван жилийн өмнө Монгол Улсад 500 мянган телевизор байсан.  Нэг телевизээс 1000 төгрөг авахад МҮОНРТ таван тэрбум төгрөгийг зөвхөн хураамжаасаа авах боломжтой. Та бүхэн хураамжаа бүтэн авч чадах юм бол улсаас ямар нэгэн татаас авахгүйгээр 10 тэрбум төгрөгийг олж, үйл ажиллагаагаа явуулах боломж байгаа шүү. Хураамжаа бүтэн авах чиглэлд Үндэсний зөвлөл анхаарал хандуулж ажиллаарай.

Түүнчлэн МҮОНРТ улстөрөөс ангид байх хэрэгтэй. Үндэсний зөвлөлийн гишүүд өмнө нь ямар нэгэн намын харьяалалд байсан бол түүнээсээ татгалзах ёстой. Өөрийнхөө ажиллаж буй газраа тэрхүү улстөрийн үзэл бодлоо шингээхгүй байх юм бол та ОНРТ-ийн нийтэд зориулсан үйл ажиллагааг хийж чадаж байна гэсэн үг юм шүү. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй. Тийм боломж нь бий. ОНРТ-ийн давуу тал нь эрчүүд олон ажилладаг. Үнэндээ энэ хүмүүсийн олонх нь ядуу. Энэ байдлыг арилгах боломж Үндэсний зөвлөлийнхөнд байгаа шүү. Төр засагт олон асуудал тавиад байхаас илүүтэйгээр дотооддоо, шийдвэр гаргах түвшнийхэндээ асуулга тавих ёстой. Ажилчид Үндэсний зөвлөлд яагаад аль нэг намын харьяалалтай хүмүүсийг оруулдаг юм бэ гэх асуултыг УИХ-д тавьж болно. Энэ боломж 700 хүнд нээлттэй байгаа. ОНРТ-ийн тухай хуулийн хамгийн том алдаа нь Хяналтын зөвлөлийг Үндэсний зөвлөл дотроосоо хянадаг байдал. Өөрөө өөрийгөө хянадаг хүн гэж хаана ч байхгүй. Тиймээс энэ хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Хөндлөнгөөс хянадаг Хяналтын зөвлөлийг байгуулах хэрэгтэй.

ОНРТ-ийн тухай хуулийг шинэчлэх талаар яригдаж байгаа 

УИХ-ын гишүүн Су.Батболд: -ОНРТ-ийн тухай хуулийг УИХ-аар батлах, дараа нь хэрэгжилтийг хангах ажилд оролцож явсан хүний хувьд би хуулийн хэрэгжилт, байгууллагын төлөвшилт зэрэгт байнга анхаарал хяналт тавьж байсан. Би МҮОНРТ-ийн үе, үеийн уран бүтээлчид, ажилчид, сэтгүүлчдийг энэ хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийтийн болгох, бусдаас хараат бус байх чиглэл рүү өөрсдийнхөө чадлын хэрээр ажилласан гэж дүгнэдэг. Харин энэ хуулийн хэрэгжилтийг харахад жилээс жилд улс төрийн, намын, Засгийн газрын оролцоог нэмэх чиглэлийн алхмууд хийгдэх болсон. Одоо иргэдэд энэ ямар зорилттой хууль юм, ямар ач холбогдолтой вэ, арилжааны бусад сувгуудаас юугаараа ялгарах вэ гэдгийг ойлгуулж, үндэсний эрх ашигт нийцсэн сурталчилгааны бодлого явуулах хэрэгтэй байна.

Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ОНРТ-ийн тухай хуулийн шинэчлэлийн талаар судалгаа хийж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулахаар ярьж байгаа. Амжвал хаврын чуулганаар хэлэлцэх бодолтой байна. Үндэсний зөвлөлийг хэрхэн яаж сонгох вэ гэдэг дээр бид цоо шинэ бодлого гаргаж ирэх ёстой юм шиг байгаа юм. УИХ-аар хэлэлцээд тодорхой субьектүүдээс нэр дэвшүүлдэг нь улс төрийн нөлөөлөлтэй байж болох юм. Үүнийг өөрчилж ТББ-аас шууд сонгодог хэлбэр рүү яаж орох вэ гэдэгт анхаарч ажиллах нь чухал байна. Харин санхүүжилтийг УИХ болон шүүх байгууллагын санхүүжилтийн зарчимтай ижилхэн болгох хэрэгтэй. 

 Олон нийтийн итгэлийг хүлээж чадвал үзэгчид хураамжаа нэмлээ гэж дургүйцэхгүй 

“Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал: -МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг бүрдүүлэх чиглэлээр анхнаасаа хуулийн төсөл бичиж байх үед хараат бус байдлыг хангах нь чухал гэдгийг ярьж байсан. Гэсэн ч жаахан гажуудалтай гэж хэлж болохоор хууль батлагдчихсан байгаа. ОНРТ-ийн сонгодог хэлбэрийг BBC-ийн зарчим гэж үздэг. Английн BBC, Японы NHK-гийн Үндэсний зөвлөлийн гишүүд нь сэтгүүл зүй, менежмент, маркетинг, санхүүгийн менежмент, хэвлэл мэдээллийн менежментээр мэргэшсэн хүмүүс байдаг. Энэ нь тухайн байгууллагыг удаан хугацаанд хараат бус байдлаар оршин тогтноход нь нэмэр болох зорилготой. Тэдний үүрэг нь олон нийтийн өмнөөс энэ байгууллагыг улс төрийн болоод арилжааны ашиг сонирхлоос хараат бус байлгах явдал. Мөн шашны, хүүхдийн, хүний эрхийн мэргэжилтнүүдийг зөвлөх хороондоо багтаадаг. Дээрх хоёр байгууллагад 100 гаруй гишүүнтэй зөвлөх хороо ч бий. Тэд нь стратеги, хөтөлбөрийн бодлогын талаар зөвлөдөг. Гэтэл манай хуульд энэ хоёрыг холиод оруулчихсан юм. Эхний гажуудал нь энэ. Дараагийнх нь Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгохдоо ТББ-аас нэр дэвшүүлдэг нь буруу. Хамгийн гол нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-аас ямар намтар түүхтэй хүнийг олон нийтийг төлөөлүүлж энд гаргах гээд байгаа нь ил тод биш байдаг. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд янз бүр л бий. Заримыг нь бид “халаасны” гэж нэрлэдэг. УИХ-ын гишүүдийн юм уу, аль нэг намын гишүүдийн байгуулсан ТББ байхыг үгүйсгэхгүй. Энэ нь улс төрийн намуудад өөрсдийнхөө хүнийг Үндэсний зөвлөлд оруулах боломжийг олгож байна.

Мөн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн корпорациудын санхүүжилтийнх бараг 90 хувь нь хураамжийнх байдаг. ОНРТ олон нийтийн төлөөлөлтэй, олон нийтийн санхүүжилттэй, олон нийтийн хяналт дор үйл ажиллагаагаа явуулах зарчимтай. Нэг жил орчмын өмнө BBC-ийн үзэгчид бид BBC-г үнэн мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна, тиймээс хураамжаа нэмэхийг нь зөвшөөрч байна гэсэн учраас хураамжийн үнийг нэмсэн байдаг. Тэгэхээр мөнгө авч байгаагийнхаа хэрээр үзэгчдийнхээ итгэлийг даах хэрэгтэй юм. Үзэгчид улс төрийн болоод арилжааны ашиг сонирхолгүй, үнэн зөв мэдээллийг авахыг хүсдэг. Үүнээс гадна тэдэнд хүрч байгаа нэвтрүүлгийн чанар нь мэргэжлийн өндөр түвшинд байх ёстой. Тэгэхээр олон нийтийн итгэлийг л хүлээж чадвал эдийн засгийн хүнд байдалд орлоо гээд хураамжаа нэмэгдүүлэхэд иргэд дургүйцэхгүй.

Бид 50 жилийн турш Монголоо гадагшаа сурталчилж байна

МҮОНР-ийн Утга зохиолын нарийн бичгийн дарга Д.Байгалмаа: -Сэтгүүлзүй бол нийгмийн эмч юм. Үндэсний эрх ашгийг дээдэлсэн байгууллага бол Үндэсний олон нийтийн радио, телевиз юм шүү гэдгийг бүх хүрээнийхэн ойлгоосой. Бид өөрсдийгөө ойлгуулж чадаагүй болохоор төсөв танагдсан байж болох юм. Бид өөрсдөө үйл ажиллагаандаа шинэчлэл хийх ёстой байсныг хэтэрхий удаашруулсан юм болов уу гэж би хувьдаа ойлгож байна. Мэдээлнэ, соён гэгээрүүлнэ, хөгжүүлнэ гэдэг зорилгыг биелүүлэхийн тулд эхлээд байгууллагынхаа бүтэц зохион байгуулалтыг харах хэрэгтэй байх. Дараа нь менежментээ ярина. Сэтгүүлзүйн зөвхөн мэдээний багцад тойм, тайлбар нэвтрүүлэг, шуурхай мэдээ, эрэн сурвалжлага багтах болж байна. Харин соён гэгээрүүлэх агуулга дотор уламжлал, ёс заншил орно. Хөгжөөн цэнгээнт нэвтрүүлэг гэдэгт зүгээр нэг марзаганаад өнгөрөх биш хүмүүст ямар нэгэн байдлаар мэдлэг олгох хэрэгтэй. Энэ гурван зорилгоо ухаж бүтцээ хараад дараа нь менежментээ яаж хийх вэ гэдгээ харсан бол бид олон нийтийнхээ сэтгэлд хүрч чадах байлаа.

Жишээлбэл, сонгууль боллоо гэхэд нэг намын хүнийг нэвтрүүлэгтээ оруулах бус хэлэлцүүлгийн хэлбэрээр нэвтрүүлгээ явуулах хэрэгтэй. Радиог хэн сонсдог юм бэ гэсэн ташаа мэдээлэл яваад байна. Харин энэ зуунд хүмүүс радиог л илүү сонсож байна. Цунами болоход цахилгаан тасраад хүмүүс мэдээллийг зөвхөн радиогоос л авч байсан шүү дээ. Радио, телевиз гэдэг мэдээллийн хэрэгслийн нэгийг нь илүү үзээд телевиз л гээд яриад байх юм. Радиогийн агуулга хүчтэй хэвээрээ байгаа. Бид Монгол Улсаа гадагшаа тэр бүр сурталчилж чадахгүй байгаа. Гэтэл МҮОНР 50 жилийн турш нэвтрүүлгээ гадагшаа цацсан байна. Эцэст нь хэлэхэд, зөвхөн телевиз гэж хошуурах юм бол нөгөө олон нийтийнх гэж ярьдаг мөн чанар, утга нь алдагдана. 


“Олон нийтийн радио телевизийн тухай хууль-10 жил” нээлттэй хэлэлцүүлэг боллоо   
Үзсэн: 3081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй