Шууд Chart

Тан улсын тайтгарал буюу Дү Фү

2015-02-12 10:54:24

Удаан хугацаанд үргэлжилсэн ханлиг хоорондын дайн байлдаан, ар араасаа өлсгөлөн, ядуурал, доройтол дагуулсан он жилүүдийн дараа Хятадын өргөн уудам газар нутаг дээр Тан улс бүрэлдэн тогтов. Чингээд хөдөө аж ахуйг, соёл урлаг, тэр дундаа утга зохиолтой зэрэгцүүлэн хөгжүүлэх талаар эзэн хаан ихэд чармайлт гаргасан нь талаар болсонгүй. Энэ нь үнэндээ Хятадын ард түмнийг ахуйн зовлонгоос ангижруулж, оюун санааны хязгааргүй орон зай руу хөтлөх мэргэн арга зам байлаа. Тэгэвч тал баригдсан цагаан хэрмэн дээр хүйтэн хуягандаа өвч биеэ өнөд хайруулсан нанхиад цэргүүд умараас уулгалах догшин нүүдэлчдийн довтолгооноос сэрэмжлэн түгшүүрийн дохионы аварга том галт бамбарыг үе үе ширтэнэ.

Манай эриний 712 он. Эртний Күнзийн хөндлөн гулд хэсүүчилсэн Хятад орны Пүн сянь буюу одоогийнхоор Хэнань мужид хохь тайж Дү Сяных нуган хөвүүнтэй боллоо. Гэр хотлоор нэг баяр хөөр болж, хол ойрын ахан дүүс, амраг садан цуглан улаан дэнлүү асааж, нэгэн үдшийг амтат зоог, хатуу дарстай цэнгэн өнгөрөөв. Дү Фүг хорвоод ирэхэд ингэж угтав. Дү Фүгийн дээд овог, удмыг сөхөж үзвээс сурвалжит язгууртан гаралтай төдийгүй тэрбээр бүр эртний Хятадын их найрагч, цэргийн жанжид, улс төрийн зүтгэлтнүүдийн удам угсаанд хүмүүн заяаг олсон бөлгөө. Гэвч суут найрагчийг төрөх үед Нанхиад үндэстэн эвтэй найртай оршин тогтнож, олон түмний амьдрал ахуй алгуурхан дэвжиж байсан ч эцэг Дү Сяных хөрөнгө чинээгээр даруухан айл байжээ.

Удам залгаж, гал голомтоо бадраах үртэй болсон тэр үдэш эцэг Дү Сян цэнгэгч хүмүүсийн дундаас түрхэн холдож, тэргэл сарыг сая нэг үзэхдээ өнөө балчирч маргааш өсч торнин, эрийн цээ, хүний дайнд хүрэх хүү нь эрдэм номд шамдан суралцаж, эзэн хааны их шалгаруулалтад тэнцэж, төрийн алба хашна. Эцэг өвгөд шиг ээ цог заль, авьяас билэг, суу алдар нь үеийн үед гэрэлтсэн хүчирхэг хүмүүн болно хэмээн бодож зогссон тухай Соёлын Гавьяат зүтгэлтэн Ганбаатар нэгэнтээ бичиглэн үлдээжээ. Үнэндээ ч эцэг нь хүүгийнхээ тухай эндүү эргэцүүлээгүй юм.

Дү Фү төрөлхийн эгэл бус гунигтай алаг нүдээрээ хүмүүсийг удаан ширтдэг, умарын зөөлөн салхинд зогсох дуртай хүүхэд байв. Гэвч түүний бага нас бүтэн байсангүй. Төдөлгүй ээж нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бага залуу Дү Фү санах, гансрах, өнчрөх, бэтгэрэхийн зовлонг амсаж эдлэв. Ган гачиг, үер ус, зовлон, жаргалыг сөрөн зогсож хатуужиж, эр чадал сууж, ухаажин, зовлон дундаас ертөнцийн яруу сайхныг хайж эхэлсэн Дү Фү. Үдэш бүр Күнзийн сургаалыг бүдэг дэнлүүний гэрэлд үзэж, сэтгэл зүрхээ боловсруулах Дү Фү.

Улс орон хөгжин цэцэглэж, ард түмний амьдрал ч өөдлөн дэвжиж байлаа. Алсын алсад Ли Бай хэмээх сод билэг оюун төгс найрагч дорнын яруу найргийн оргилыг бүтээж, өөр нэгэн газар Ван Вэй хэмээх шүлэгч байгалийг магтан дуулж эхлэв. Анхандаа Дү Фү тэдний сургийг амнаас ам дамжигдан ирэхийг хүлээж, чин сэтгэлийн мөр бадгуудаа нимгэн муту цаасан дээр буулган байлаа. Нөгөөтэйгүүр тэр үед түшмэлийн албаны шалгалт хэмээх зүйл бичиг үсэгтэй, угсаа гаралтай залуу хөвүүдийн мөрөөдөл байжээ. Төрд зүтгэх гэдэг тэдний хувьд зүйрлэшгүй их аз завшаан, нэр төрийн хэрэг байсан тул түүний төлөө чадах бүхнээ хийдэг  байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд олонтаа дурджээ. Идэр залуухан Дү Фү ч бас үүнийг мөрөөдөж, мэдлэг боловсрол, ур чадвараа ахиулж байсан. Ингэхдээ тэрбээр насны хэцэнд гарсан эцэг Дү Сяныг баярлуулах зорилготой байлаа. Цаасан цонхны цаана ургах алимны модод хэдэнтээ навчилж, жимслэн хэдэнтээ гундана.

Эртний дорнын мэргэд нэг газар удаан сууж, аж төрөхөөс илүүтэй даяанчлан явж, уул, усны гоо үзэсгэлэнг нүдээр үзэж, гараар барин, ард олны зовлон, жаргалыг сэтгэлээрээ мэдрэхийг хамгаас эрхэм болгож байв. Дү Фү ч энэ жам ёсыг дагаж, цасанд дарагдсан уулын тайгад ганцаар явж, ширүүн голыг гаталж, хуучин сүмийн дээвэр дор хуваргуудтай гүнцэг барьж, үгээгүй ядуучуудтай хамт хооллож, баяд ноёдынд уригдаж, хаврын бороо, намрын салхитай хамт оршжээ. Тэгэвч энэ хорвоо дээр суут хүмүүн өнөд жаргасан түүх даанч ховор. Эцэг Дү Сян нь бурханы орныг зорьсны дараа түүний цорын ганц халамжлагч болох авга эгч Дү Пэй нь дурсамж болон үлдлээ. Дахиад л илүү ихээр ухаарч, гуниглаж, ганцаардсан Дү Фү.

Дү Фү цэнгэл жаргалыг тийм ч ихээр хүсэмжилдэг нэгэн биш байлаа. Өөрөөр хэлбэл, тэр гуниг ухаарлын шүлэг яруу найргийг олноор нь бичиж, сүүмийсэн нүдээр ертөнцийн явдлыг ажин тандах дуртай байв. Гэхдээ тэр бас ихээхэн сэтгэл хөдлөлтэй хүн байсан гэдэг нь алдарт найрагч Ли Байд зориулсан шүлгүүдээс нь тодорхой харагддаг.

Манай эриний наймдугаар зуун хуучирсаар... Дү Фү аавынхаа мөрөөдлийг биелүүлж төрд зүтгэхээр түшмэлийн шалгалт өгсөн ч тусыг үл олов. Хөндлөнгийн хүмүүс билэгт залуу хөвүүнд атаархаж, үгсэн хувилдан улсын албанаас холдуулав. Тэгэвч Дү Фү бусдын адилаар гуньж доройтон, дарсны мухлаг руу алхсангүй ээ. Үргэлжлүүлэн даяанчилж, эх орныхоо дөрвөн зүг найман зовхистой танилцлаа.

Манай эриний 744 он. Луо ян хот... Хожим дэлхий дахинд алтаар үнэлэгдэх энэ цаг хугацаанд алдарт Ли Бай, аугаа их Дү Фү хоёр уулзаж, танилцжээ. Тэндий үерхэл нөхөрлөл болбоос хүн төрөлхтний түүхэнд эрдэнийн үсгээр бичигдэн үлдсэн үйл явдал байсан тухай дараагийн мянга гаруй жилийн мэргэд бичиж, тэмдэглэсэн ч одоо хэр нь дуусаагүй байна. Дү Фү буддын шашинд сүсэглэхээс илүүтэй Күнзийн сургаалийг амьдралын зарчим болгосоор ирсэн нэгэн байв. Гэвч тэрбээр гэнэтхэн наран ургах зүгийн сүсэг бишрэлийг тэнгис далайгаас амсаж, бурханы шашинд боловсрох болсон нь нөгөөх Ли Байн нөлөө байсан юм.

Үнэнийг хэлэхэд, энэ их яруу найрагчийн тухай дэлгэрэнгүй баримтуудыг Шар мөрний ус бүхэл бүтэн 1300 шахам жил урсахдаа бүдгэрүүлжээ. Одоо зөвхөн түүний тухай тоймтой хэсэг бусаг мэдээллээс гадна олон улсын судлаачдын анхаарал татахуйц таамаглалууд үлдсэн байна. Харин аугаа их найрагчийн шүлэг найраглалууд гал түймэр, үер ус, хаан ширээний төлөөх тэмцэл, дайн самуун, нэг улс мөхөж, нөгөө улс сэргэсэн энхэл донхол дундуур гэтэлж ирсэн нь гайхалтай. Нэгэн ухаантан хэлэхдээ гантиг чулуу хүртэл цаг хугацааны өмнө мэхийдэг гэсэн байдаг. Харин билэгт хүмүүнээс төрсөн мэргэн зүйлс судар, номноо шингэн үлдэх нь мөнхрөхийн эхлэл байдаг байжээ.

Ийн цагаан хэрэмнээс цааш нутагладаг байсан эртний Хятадын ард түмэн олон мянган жилийн бичиг үсгийн соёлтой, суурин иргэншилтэй байсан  болохоор суут яруу найрагч Дү Фү мэт билэгт хөвүүдийнхээ алдар суу, авьяас билгийг хожмын мэргэн хүмүүн таны гэгээн оюун руу өртөөлөн авч иржээ.

Дорнын суутан Дү Фүгийн амьдралын сүүлчийн хуудсууд ихээхэн анхаарал татна. Ид залуудаа төрийн албаны шалгалт өгсөн ч бусдыг буруугаас болж үл тэнцсэн найрагч хожим аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн юм. Тэгээд Тангийн төрд үнэнчээр зүтгэсээр сая нэг жинхэнэ түшмэлийн албанд ажиллаж байтал умарын нүүдэлчин угсаантай Ан Лушаны толгойлсон хаан ширээний төлөөх тэмцэл гарч, Хятад оронд дахиад л үймээн самуун болжээ. Энэ бослогын үеэр Дү Фү найрагч эхнэр, хүүхдийн хамт дүрвэн Куйжоу хэмээх газар бүгсэн тухай баттай нотолгоо байна. Энэ нотолгоог хожмын мэргэд их найрагчийн шүлгээс олж мэджээ.

Дү Фүгийн амьдрал хийгээд түүний насан туршид хашсан албыг нэхэж үзвэл бүр эртнээс суу билэгтнүүдээ ихэс дээдэс буруу таньж байсан нь илэрхий байна.

Уулсын цаанаас хэрэм цайз шатаж байгаа хар утаа суунаглана. Үүрийн цагаан гэгээнээр үүнийг үзэгч Дү Фү бээр өтөл болсон зовхио дааж ядан гуниглаж зогсоно. Ард олон үймэлдэж, нөгчсөн цэргүүдийн амьгүй бие энэ тэрүүгээр дүүрчээ. Одоо сэтгэл амар суугаад хэрхэн шүлэглэх билээ. Бүхэл өдөржин бороо шивэрсэн ч уулсын цаанаас улалзах гал, утаа хоёр эс арилна. Бүхэл шөнөжин гуниглан суугаад ч зүрхний хөндүүр эс хөнгөрнө. Өнөө хэрвээ ийн дотоодын үймээн самуунтай байх ахуйд умарын догшин нүүдэлчид довтлох аваас Тан гүрэн газрын хөрснөөс бүр мөсөн арчигдана.


Ашгүй бослого хөдөлгөөн дарагдлаа. Умарын ширүүн догшин нүүдэлчид яагаад ч юм бэ энэ сиймхийг ашигласангүй. Дү Фү найрагч харин гэр бүлийн хамт аглагт суун осол, сүйрлээс ангид байжээ. Өвгөн шүлэгч бийр, бэхэсийг шадарлуулаад тун ч завгүй. Тэр эцсийн мөчөө хүртэл хүмүүсийн сэтгэлийг анагаах үгэн шидээ үйлдэхээр бүр мөсөн шийджээ. Магадгүй үхэл ч түүнийг ялж эс чадах биз.

Хятадын ард түмний тод  нэгэн бахархал, Нанхиад найргийн од Дү Фүг хэрхэн бие барсан тухай яг таг мэдээ бас л үлдсэнгүй. Гэвч олон зуун жилийн өмнө салхинд хийссэн оюун санааны эзэнт гүрэн болох Тан улсын түүхэнд бичихдээ Юнтайн хоёрдугаар он буюу манай эриний 770 онд алдарт яруу найрагч Дү Фү Лэй Ань гэх газар сууж байхдаа тэндэхийн Юэ хэмээх сүмийг эргэж яваад гэнэтийн үер усанд боогдож, цаад эрэг дээр хоол, хүнсгүй ес хоногийг үджээ. Чингээд байж байтал Лэй Яны захирагч өөрийн биеэр завь хөлөглөн ирээд дорнын суут найрагчийг авч гэрийн зүг хөвжээ. Тэр орой Дү Фү захирагчийн гэрт мах зооглож, дарс хүртээд эргэж хэзээ ч ирэхээргүй үүрд явав” гэж бичсэн байна.

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Тан улсын тайтгарал буюу Дү Фү  
Үзсэн: 7771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2015-02-13 10:26
ГАЙХАЛТАЙ НИЙТЛЭЛ БАЙНА. БАЯРЛАЛАА
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2015-02-13 10:18
сайхан нийтлэл байна баярлалаа. манайхан ийм л гэгээн мэдрэмжтэй юм бичиж байвал сайхан байна.
87.113.124.xxx [87.113.124.xxx] 2015-02-12 20:30
Ym unshij boloxgvi umnvvr ni bga zvilsig arilgache naadula xardaggvi ymu site erxlegchide.....
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-12 19:12
uneheer uran yruu utga tuguldur oilgomjtoi buguud tsegtstei bchjee mongol helnii songodog tuguldur bichleg erhem duugees garch ehelleede ulam ih buteel hiigeerei mnb n setguulchid ene zaluugaas suraltsaasai asuugaasai bur chadahgui bol duuriagaasai

Бидэнтэй нэгдээрэй