Шууд Chart

Ц.ТУВААН: Улсын хэмжээн ургац хураалт оройтож магадгүй

2013-08-20 09:01:27

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн дэд сайд Ц.Туваантай цаг үеийн асуудлаар цөөн хором хөөрөлдлөө.

Дархан хотод болсон “Фарм-2013” арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгнө үү?
 
Энэ сарын 15-16-нд Дархан хотноо “Фарм-2013” шоу өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Энэхүү өдөрлөгт гадаадын хөдөө аж ахуй чиглэлийн 10 гаруй компаниудын сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи тавигдлаа.
Түүнчлэн тухайн техник технологийн сургалт, зааварчилгааг талбай дээр нь биечлэн хийх, зөвлөгөө өгөх, үзүүлэх сургалтийг хийлээ.
 
Мөн энэ 7 хоногийн сүүлээр улаанбуудай ургацын урьдчилсан баланс гарна. Өөрөөр хэлбэл энэ жил улсын хэмжээнд хэдий хэрийн улаанбуудай ургац хурааж авахаар байна тэрхүү тоон үзүүлэлт, балансууд тодорхой болох юм. Тиймээс энэхүү үзүүлэлт, баланс дээр тулгуурлан улсын ургацын комисс хуралдана. Хуралдаанаар ургацын тээвэрлэлтэнд ямар ямар компаниуд оролцох, түүнд шаардлагтай түлж, шатахууны бэлтгэлийг хэрхэн хангах вэ зэрэг чухал хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
 
Ургац гэснээс, улсын хэмжээний ургацын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ? Цаг хугацаандаа хурааж амжих уу, мөн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаарх мэдээлэл ямар байхаар байна вэ?
 
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд хур бороо элбэг орсон. Мөн энэ зун сэрүүвтэр зун байлаа. Тариалангийн бүс нутгаар шөнөдөө +13С-аас доош байсан нь үр тарианд хэрэгцээтэй дулааныг хангалттай өгч чадаагүй гэхэд болно. Үүнээс болж ургац хураалт оройтож магадгүй хандлага ажиглагдаж байгаа.
 
Хэрэв энэ сарын сүүл, ирэх сарын эхээр цаг агаарын хувьд сайхан байж, нар гарах юм бол ургац хураалтыг ангилан хураах ажлыг эхлүүлж болохоор байгаа.
 
Техник тоног төхөөрөмжийн хувьд тариаланчид маань өмнөх жилүүд шиг бэлтгэлээ сайтар хангаад байгаа. Өнөөдөр л гэхэд орон даяар хадлан, бордоо бэлтгэх ажил ид явагдаж байгаа ч, үргэлжилсэн борооны улмаас зарим газар ажил саатах байдал гарч байна. Цаашдаа цаг агаарын урьдчилсан төлөв байдал гайгүй байхаар байгаа шүү.
 
Ургац хураалтанд оюутан болон цэрэг дайчдын хүчийг ашиглах талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?
 
Нэмэгдэл ажиллах хүч авах талаар манай үр тариа, ногооны компаниуд ихээр захиалга өгч байна. Бид энэ талаар тухайн компаниудыг их дээд сургуулийн удирдлагуудтай уулзуулан оюутнууд авах хамтын ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байна, заримдаа нь ч гэрээ хийлгэж байна. Мэдээж оюутнууд маань зүгээр очоод ажиллахгүй, тодорхой хэмжээний өөрсдийн сургалтын төлбөрт нэмэр болохуйц хэмжээний цалин, урамшууллыг тухайн үр тариа, ногооны компаниудаас авах бүрэн бололцоотой.
 
Мөн Монголын Залуучуудын Холбооноос ажилгүй байгаа залуучуудыг нэгдгэн хэд хэдэн баг болгон гэрээгээр тариалангийн бүс нутагд, ургац хураалгахаар ажиллаж байна. Энэ талаар бид тодорхой тооны захиалгыг МЗХ-нд хүргүүлсэн байгаа.
 
Тэгэхээр хэдийн хэмжээний ажиллах хүчний захиалга тариалангийн бүс нутгаас ирээд байна вэ?
 
Ажиллах хүчний захиалга дээр хангалттай их тоо байгаа. Манай хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын ургац хураалтын цаг үед ажлын байр ихээр нэмэгддэг онцлогтой. Хажуугаар нь жимс жимсгэнэ, чацарганы ургац хураалт мөн давхарддаг учраас ажлын байр тэр хэмжээгээр хангалттай бий болдог.
 
Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ, Өвөлд бэлэн үү?
 
Өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газрын хуралдаан болон Онцгой Байдлын Ерөнхий газраас аймаг, сумын түвшинд аюулгүй нөөц буюу өвсний нөөц бэлтгэх ЗГ-ын тогтоол гаргуулж авсан. Тиймээс манай салбарын сайдын №01 тоот албан даалгварыг наадмын өмнөхөн аймаг, сумдын бүх засаг дарга нарт хүргүүлсэн. Бид энэхүү даалгварын явц, бэлтгэл ажлын талаарх мэдээллийг 7 хоног тутам хүлээн авч байна. Эхнийн нэгдгэсэн мэдээ энэ сарын 25-нд гарна. Түүнээс хойш ургацын мэдээлэлтэйгээ нэгдгэн, нэгдсэн мэдээллийг хэвлэл мэдээллээр тогтмол мэдээллээд явна.

Ц.ТУВААН: Улсын хэмжээн ургац хураалт оройтож магадгүй  
Үзсэн: 1858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй