Шууд Chart

УИХ-ын даргын айлчлал үргэлжилж байна

2015-02-24 12:31:10

Япон улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийлээ. Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки уулзалтын эхэнд "УИХ-ын дарга З.Энхболд Та манай улсад албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд, чин сэтгэлийн халуун мэнд хүргэе. Манай хоёр улс түүхийн урт хугацаанд энх тайван, харилцан ойлголцлоор зэрэгцэн оршиж ирсэн түүхтэй. Хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсэнд хоёр орны парламентын бүлэг их үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэе. Монголын талаас өнөөдөр хүрэлцэн ирсэн Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг болон бүлгийн гишүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Миний бие мөн найрамдлын бүлэгт багтдаг бөгөөд өнөөдөр хүрсэн парламент хоорондын харилцааг идэвхтэй үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гуравдагч орнуудтай харилцах харилцаанд Монгол Улс ихээхэн анхаарч байгаад баяртай байна. 2020 онд Токиод олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Олимпийн эрхийг авах энэхүү чухал үйл явдалд танай улсын зүгээс бидэнд дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлье. 2020 оны Токиогийн олимпийн наадамд Монголоос олон тамирчин, үзэгчид ирнэ гэдэгт итгэл төгс байна. Спортын их наадмаар дамжуулан хоёр орны харилцаа улам өргөжин хөгжөөсэй" гэсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Монгол, Японы харилцааны хөгжилд  Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байдгаа УИХ-ын дарга илэрхийлэв. Мөн хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Монгол Улс аж үйлдвэр, дэд бүтэц, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын үйлдвэрлэлд японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы дэмжлэгийг авах хүсэлтэй байна. Түүнчлэн монголд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт японы оролцоог ханган ажиллахад бэлэн байна. Мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Монголын Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ чиглэлд танай улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байна.
 
Монгол, Японы харилцаа олон улсын тавцанд ч хөгжиж, харилцан бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж буй Япон Улсын хувь нэмрийг үнэлж, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакиг Монгол Улсад айлчлан ирэхийг хүслээ.
 

УИХ-ын даргын айлчлал үргэлжилж байна  
Үзсэн: 1302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй