
Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхлаа.
УИХ-ын дарга З.Энхболд Монгол, Японы бүх талын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй Парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын бүлгийн гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын даргатай уулзах боломж тохиож байсан бөгөөд өнөөдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр дахин уулзаж буйдаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд Япон Монголын харилцаа үсрэнгүй хөгжсөөр ирсэн. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлал хийсэн, мөн эрхэм УИХ-ын дарга та албан ёсны айлчлал хийж буй нь парламент хоорондын харилцаа өндөр түвшинд гарсныг илтгэж байна. Япон Монгол хоёр орон стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх зорилготой байгаа. Японы парламентын Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөхүүдийн танхимын зүгээс Япон Монголын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Монгол Японы найрамдлын бүлэгт УИХ-ын 54 гишүүн ордогт талархалтай байдаг хэмээн Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда онцоллоо.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Эда тэргүүтэй зөвлөхүүдийн танхимын төлөөлөгчидтэй уулзаж буйд баяртай буйгаа илэрхийлээд, Монгол Японы парламентын харилцааг хөгжүүлэхэд зөвлөхүүдийн танхимын гишүүд ихээхэн хувь нэмэр оруулдаг гэлээ. Мөн хоёр орны парламентын уламжлалт хэлхээ холбоог бэхжүүлж буйд талархалж байна. Саяхан хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол УИХ богино хугацаанд соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг Япон Улсын парламентаар батлуулахад та бүхэн дэмжинэ гэдэгт итгэж байна гэсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхах үеэр, Япон Улсын Либерал Ардчилсан намын гишүүн, парламентын гишүүн Иваки, Ардчилсан намын гишүүн, парламентын гишүүн Нишимура, Японыг Эрчимжүүлэх намын гишүүн, парламентын гишүүн Яамада болон бусад Зөвлөхүүдийн танхимын гишүүд УИХ-ын даргын айлчлалд амжилт хүсч, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг хоёр улс байгуулж буйд сэтгэл өндөр байгаа бөгөөд Японы Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүд дэмжиж буйгаа илэрхийллээ.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Японы парламентын зөвлөхүүд дэмжиж байгаа гэв | ||
Үзсэн: 1451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.