Шууд Chart

УИХ-ын дарга устөрөгчөөр ажилладаг “Мираи” автомашинтай танилцав

2015-02-26 15:07:59

УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Токио хот дахь "Тоёота"-гийн үзэсгэлэнгийн танхимд зочлон "Мираи" машин болон уг машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай танилцав. "Тоёото" компанийн гүйцэтгэх захирал К.Исэ УИХ-ын даргыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд устөрөгчөөр ажилладаг “Мираи” машиныг танилцууллаа.

Японы “Мираи” буюу “Ирээдүй” нэртэй устөрөгчөөр ажилладаг машиныг "Тоёота" корпораци 2015 оны 12 дугаар сараас эхлэн зах зээлд анх удаа нийтэд зориулсан хэлбэрээр борлуулж эхлэх юм байна. "Мираи" машин нь устөрөгчийн түлшний элемент гэж нэрлэгдэх цахилгаан генераторт устөрөгчийн түлш болон хүчилтөрөгчийг урвалд оруулан цахилгаан эрчим хүч үүсгэж, хөдөлгүүрийг ажилд оруулах зарчмаар ажилладаг бөгөөд нүүрсхүчлийн хий болон бусад хорт утааг огт ялгаруулдаггүй, яндангаас нь зөвхөн усны уур гардаг, жинхэнэ эко автомашин болж чаджээ. "Мираи" машиныг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн өртөг нь хэт өндөр бөгөөд нэг машин хийхэд нэг сая ам.доллар зарцуулж, хэрэглээнд нэвтрүүлнэ гэж байсан боловч Тоёото корпораци энэхүү таамаглалыг няцааж, уг машиныг 7.2 сая иенээр худалдахаар болсон байна.
 
Гэхдээ Японы Засгийн газраас байгаль орчинд ээлтэй устөрөгчийн автомашиныг нийтийн хэрэглээнд түгээхэд дэмжлэг болгон үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон аж. Тоёото корпораци дэлхийн дулаарлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх устөрөгчийн автомашиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх эхлэлийг ийнхүү тавьж байна. "Мираи" автомашин нь устөрөгчийн түлшийг цахилгаан эрчим хүчинд хувиргаж хөдөлгүүрийг ажиллуулдаг тул цахилгаан автомашины нэгэн адил чимээ багатай, механик эд анги нь хялбар, тогтвортой зэрэг олон давуу талтай аж. Цахилгаан автомашинаас илүүтэй тал нь гэвэл нэг удаа цэнэглээд 600 орчим километр замыг туулах  боломжтой, шатахуун цэнэглэхэд гурван минут зарцуулдаг болохыг УИХ-ын даргад танилцуулав.
 
Устөрөгчийн автомашиныг дэлгэрүүлэхэд тулгамдаад буй гол асуудал нь устөрөгчийн түлш үйлдвэрлэх, түгээгүүрийн сүлжээг шинээр бий болгох асуудал юм байна. Өнөөдрийн байдлаар "Мираи" автомашин худалдан авсан хэрэглэгчид устөрөгчийн шатахууныг үнэ төлбөргүйгээр ашиглаж байгаа тухай шатахуун түгээх станцын ажилтан танилцууллаа.
 

УИХ-ын дарга устөрөгчөөр ажилладаг “Мираи” автомашинтай танилцав  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
98.207.97.xxx [98.207.97.xxx] 2015-02-26 15:38
2015 оны 12 дугаар сараас эхлэн зах зээлд анх удаа нийтэд зориулсан хэлбэрээр борлуулж эхэлсэн байна.

Бидэнтэй нэгдээрэй