Шууд Chart

УИХ-ын даргад ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч бараалхав

2015-02-27 09:41:49

Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-гийн Ерөнхийлөгч А.Танака бараалхав.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр Монгол орны эдийн засгийн хөгжилд сүүлийн 20 гаруй жил дорвитой хувь нэмэр оруулж буй Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газрын зээл, тусламж нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлж, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Монгол Улсын Засгийн газар, ард түмэн өндөр үнэлж, талархаж байдгийг тэмдэглээд Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж ирсэн зээл, тусламжийг хэрэгжүүлэхэд JICA байгууллагын гүйцэтгэж ирсэн үүрэг, роль, хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

 
Тэрбээр хэлэхдээ "Хөгжлийн албан ёсны тусламжийн ерөнхий буцалтгүй тусламжаар бага, дунд сургуулийн барилгын өргөтгөлийн 4 шаттай тусламжийн төсөл амжилттай хэрэгжсэн болон ерөнхий буцалтгүй тусламжийн сүүлийн төслөөр “Монгол, Японы сургалтын эмнэлэг барьж, байгуулах” төсөл хэрэгжүүлж буйд талархал илэрхийлье. Өчигдөр би Япон, Монголын найрамдлын нийгэмлэг, хамтын ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Саяхан хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталсан. Энэхүү хэлэлцээр нь технологи шилжүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааны үндсийг тавихад чухал ач холбогдолтой юм" гэдгийг онцлов. Түүнчлэн "Монгол Улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаас хөнгөлөлттэй зээл авдаг орон руу шилжсэн боловч одоо бид хөнгөлөлттэй шатны зээлийн хэмжээнд байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаас тус байгууллагын удирдлагад албан ёсоор тавьсан байгаль орчныг хамгаалах, жижг дунд үйлдвэрлэлийг дэмжих хоёр үе шаттай зээлийн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл авах, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, АХБ, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт төслийн дэмжлэгийн зээл авах зэрэг хүсэлтийг судалж нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн бүтээн байгуулалт хийгээд орхих биш, сургалт явуулах, хүнд чиглэсэн баялаг бүтээх, ноу хау нэвтрүүлэх зэргээр дэмжин ажиллахыг хүсч байна" гэлээ.
 
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака хэлэхдээ, хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ байгуулсан байна. Энэ нь Монгол, Японы харилцааг хөгжүүлэхэд асар чухал үүрэгтэй. Ер нь цаашдаа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ Монгол Улстай өнөөдөр хүрсэн харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой. Таны хэлсэн бодитой ажил хэргүүдийг би судлаад хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно" гэдгээ илэрхийллээ. Мөн Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй  шинэ нисэх буудлын ажлын явц байдлын талаарх зарим асуудлаар санал солилцов.

УИХ-ын даргад ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч бараалхав  
Үзсэн: 1270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй