Шууд Chart

Чарльз Спенсер Чаплин

2015-03-18 11:19:33

XIX зууны сүүлч болоход шашны мунхралаас арай гэж гарсан өрнө дахин шинжлэх ухаан, соёл урлагт анхаарлаа хандуулж, шинэ, содон, араасаа хөрөнгө мөнгө дагуулсан нээлтүүд рүү хошуурч эхэллээ. Эртний түүхт англичууд уламжлал болсон, тэгэхдээ бүр хэтэрхий явцуурч, туйлширсан хөрөнгөтний ёсыг халж, боол зарцаа цөөлөөд илүү бие даасан амьдралыг сонгож байлаа. Өнгөт арьстнуудын нийгмийн байдал өмнөх зуунуудыг бодвол арай дээрдэж, цагаан арьстнууд тэдэнтэй хүссэн ч, эс хүссэн ч зохицож амьдрах шаардлагатай болов. Чингэж байтал 1895 онд мөн л олон зууны турш Европт нөлөөтэйгээр оршиж байсан Франц оронд нэгэн том нээлт хийлээ. Ах, дүү Люмер овогт Огюст, Луи нар багагүй хөдөлмөрлөн байж 35 мм-ийн хальсан дээр хүмүүсийн дүрсийг буулгаж, тэдний үйл хөдлөл, зүс царай, хот тосгодын өнгө үзэмж, цаг үеийн үйл явдлыг дүрсжүүлж чадлаа.

Урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хачин жигтэй энэ нээлт тэр даруйдаа л тахал мэт тархаж, дэлхий даяар түгэн дэлгэрч, улмаар урлаг болох замдаа эргэлт буцалтгүй оров. Гэвч хар цагаан, дуугүй дүрсийг ашиглан хүмүүс анхандаа яг юуг хийхээ сайн мэдэхгүй байтал театрын урлагаас эх авсан өөр, цоо шинэ, илүү ашигтай зүйлийг бодож олох нь тэр. Чингээд түүнийгээ кино урлаг гэж нэрийдэв ээ. Кинонд олон давуу тал байлаа. Тэр уран зураг, утга зохиол, хөгжим, бүжиг гээд их урлагийн бүхий л төрлийг өөртөө агуулж чадсаны зэрэгцээ, хэрэв хэдхэн зоостой бол хэний ч өмнө нээлттэй байдаг байв. Энэ нь нийгмийн элитүүдийн гэгдэх театраас тэс ондоо зүйл юм. Гэвч кинонд тоглох жүжигчдийн тал дээр асуудал байсаар байлаа. Үнэндээ тэр үеийн кино жүжигчдэд дүр бүтээнэ гэдэг амархан зүйл байжээ. Тэд зохиолын дагуу жүжиглэж байхдаа “дуугүй” тул юу ч хамаагүй ярьдаг, анхаарлаа өөр зүйлд хандуулдаг байсан нь кино урлагийг тийм ч их амжилтанд хүргэж чадсангүй. Харин тэгтэл 1889 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Их Британи улсын нийслэл Лондон хотноо дуучин хатагтай, ноён Чарльзын гэр бүлд нэгэн хөвгүүн мэндэллээ. Урлагийн гэр бүл шинэ хүүдээ Чарльз Спенсер Чаплин гэдэг нэрийг хайрлав. 

Балчирхан Чаплины бага нас үлгэр шиг байлаа. Гэхдээ тэр тийм ч хөгжилтэй, хөдөлгөөнтэй нэгэн байсангүй. Төлөв, томоотой, урлагт хайртай гэр бүлийн хүндэт гишүүн болохоор мөн л аав, ээжийнхээ замналаар сэтгэлийн гоо сайхан руу бага багаар хөл тавьж байв. Гэтэл бүх зүйл эхэлсэн шигээ байсангүй. Удалгүй ноён Чарльз эхнэр, хүүгээ орхин явж, тэд тусдаа амьдрах боллоо. Тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Чарльз бяцхан хүү дээрээ ирэх нь цөөрсөөр тэдний харилцаа бүр мөсөн тасарчээ. Ээжтэйгээ хамт амьдралын хатуу, хөтүүг туулах Чаплины бага нас театр дотор өнгөрч байв. Үдэш бүр ээжийгээ тайзан дээр хэрхэн дуулахыг харж, тоглолт тарсны дараа тэд хамтдаа харьдаг байв. Хоёрдугаар зуун даруухан эхэлж, шоу бизнес цэцэглэн, бүлэг зохион байгуулалттай гэмт хэрэг газар авсаар.

Дэлхийн их үймээний он жилүүд айсуй 1910-аад он.  Амьдралын сүүдэр дундуур алхаж үзсэн Чарли Чаплин хорь гаруй настай идэр нэгэн болжээ. Тэр бас театрын алтан тайзан дээр жижиг ч гэсэн хэд хэдэн дүр бүтээчихсэн, ер нь өөрийнхөө явах замыг олчихжээ. Ингээд шинэ зууны эхний аравдугаар онд Чарли Чаплин эрх чөлөөний орон гэгдэх АНУ-ыг зорьж, тэнд хэсэг уран бүтээлчдийн хамт аялан тоглолт хийв. Эртний садан англичуудын инээдтэй үзүүлбэрүүдэд сэтгэл хангалуун америкчууд залуус руу цэцэг шидэж, баяр хүргэн, “Браво, браво” гэж орилолдож байлаа. Энэ бүхэн Чарли Чаплинд таалагдсан юм. Өөрөөр хэлбэл, америк, залуу Чарли Чаплиныг соронз адил татаж, зах хязгааргүй зугаа цэнгэлээрээ “үлдээч, үлдээч, бидэнтэй хамт үлдээч” гэж шивнэж байв. Чаплин Англи эх орон руугаа буцсангүй. Тэр Америкт үлдэв. Шинэ эх орон нь түүнд ихийг өгөх болно.

Гэвч Америк харагдаж байгаа шигээ байсангүй. Чарли Чаплинд тэр болгон боломж олдохгүй байлаа. Тэд  Чарли Чаплинд итгэхгүй л байжээ. Гэлээ ч 1914 он бол түүний хувьд азын тэнгэр ивээсэн цаг хугацаа байсан юм. Учир нь нөгөөх кино гэдэг өдөр ирэх тусам хүчээ авч, хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж байсан шидэт зүйлд Чарли Чаплин хөл тавилаа. “Венец дэх хүүхдүүдийн авто уралдаан” хэмээх дэлгэцийн цоо шинэхэн бүтээлд давжаа морь шиг жижигхэн биетэй, тэгсэн хэрнээ үзэгчдийн зүрх сэтгэлийг татах ер бусын увидастай залуу эр гарч, ёстой нэг хөгөө хөлдөө чирэв.

Бүтэлгүй гэхэд дэндүү бүтэлгүй тэр эр өөртөө хэтэрхий жижигдсэн хүрэм, хэтэрхий томдсон өмд, тохой хэрээний гутал өмсөж, түүнийгээ болоогүй буруу харуулаад жийчихсэн, онгож хуучирсан бүрх өмсчихсөн, хамар дороо чимхийн төдий сахалтай, нүдээ тод хараар тойруулан будсан, нүүрэндээ цагаан будаг түрхчихсэн, үсээ буржийлгасан байсан нэн сонин, бас инээдтэй. Тэгээд бас болоогүй тохитой томоотой, бийлэгжүү эр болох гэсэн юм шиг нарийхан таяг барьж, түүгээрээ замдаа дайралдсан юм бүхнийг тоншиж явах нь хоржоонтой хийгээд хөгжөөнтэй. Чарли Чаплиныг ингэж дэлхий дахин мэддэг болсноор барахгүй, инээдмийн киноны үүсэл хөгжлийг үүгээр эхлүүлж бас болно.

Чаплин анхандаа хүмүүсийг яаж инээлгэх тухай их бодож, олон удаагийн оролдлого хийж байлаа. Гэвч түүний гадаад байдал нэг л болж өгөхгүйгээр барахгүй үйл хөдөлгөөн нь ч бас бусдын сэтгэлийг  гижигдэж чадахгүй байсан юм. Үүнийгээ сайтар мэдсэн эр нэгэн өдөр хөлсний байрынхаа дээврийн өрөөнд байх дааман толины өмнө зогсов. Тэгээд нүдээ тойруулан хар толбо зураад, нүүрэндээ цагаан пүүдэр түрхэв. Гэтэл энэхүү шинэ дүр төрхөнд нь төрөлхийн шар үс нь нэг л зохилдсонгүй. Тэгэхээр нь зэргэлдээх гудамжинд байдаг бүсгүйчүүдийн гоо сайхны дэлгүүрээс хамгийн сайн өнгө ордог хар будгийг худалдаж аваад, мөн дээр нь үс буржийлгагч хавчаар барьсаар гэртээ ирлээ.

Хэсэг хугацааны дараа нөгөөх дааман толины өмнө огт өөр хүн сууж байх нь тэр. Буржгар, хар үстэй, өчүүхэн салхинд ойчоод өгмөөр туниа муутай царайтай түүнийг харсан хүн нэг бол өрөвдөж, нөгөө бол шоолж, элгээ өвдтөл инээмээр... Нүүр царай боллоо. Харин ямар хувцас өмсөх билээ гэж бодсон Чарли Чаплин шуудхан л шуудай шиг өргөн өмд углаж, таталдсан дэндүү бариу хүрэм өмсөөд, хошуу нь цоорч, зулагаараа ханзарсан төмрийн үйлдвэрийн хүдэр эрчүүд л өмсдөг байхдаа гэмээр далбагар шаахай жийж орхив. Утас шиг нарийхан таяг, ямар ч зүйл бодолгүй хогийн саванд хийж орхимоор бүрх, чимхийн төдий сахал... гүйцээ. Танилц намайг Чарли Чаплин гэдэг...

Чарли Чаплин зөвхөн кино жүжигчин байсангүй. Тэр өнөөгийн дэлхийн кино урлагийн цөм болсон Холливудын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсны зэрэгцээ, ихэнх уран бүтээлийнхээ хөгжмийг бичсэн нь даруй 500-д хүрсэн юм. Үүгээр нь түүнийг шаггүй хөгжмийн зохиолч гэж ойлгож бас болно.

Чаплин 1918 онд хувийн кино студи байгуулж, нэг жилийн дараа жүжигчдийн нэгдсэн корпорацийн үндэс суурийг тавилаа. Энэ үед түүний бүтээсэн “Аянчин”, “Хотын гэрэл”, “Орчин үе”, “Алтны ангуучид” тэргүүтэй хар цагаан, дуугүй кинонууд олон улсын үзэгчдийг байлдан дагуулж, манай бүтэлгүйн ажил үйл, уран бүтээл мандан бадарч байлаа. Мөн эдгээр кинонууд бүх цаг үеийн шилдэг дэлгэцийн бүтээлүүдийн жагсаалтад зүй ёсоор орсон юм. Тэгэвч Чарли Чаплины хамгийн шилдэг бүтээл бол “Тэнүүлч эр” хэмээх цуврал болно. Орох оронгүй, үгээгүй ядуу хүнийг ямар нэгэн зовлон гуниггүй, үргэлжийн жаргалтай, адал явдалтай, инээдтэйгээр дүрсэлж, амилуулж чадсан жүжигчин  Чаплинаас өөр төрсөнгүй. “Тэнүүлч эр” 1914 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр анх нээлтээ хийснээс хойш өдгөөг хүртэл үзэгчдийн хайртай уран сайхны кино байсаар байна.

Дэлгэцнээ хөгтэй эрийн түүх үргэлжилсэн 1929 онд Чарли Чаплин Америкийн кино академийн хамгийн том шагнал болох “Оскар”-ын эзэн боллоо. Англи залуугийн эрин үе эхэллээ. Шуудхан хэлэхэд, хөгшин Европын хөл толгой нь мэдэгдэхгүй болсон 1914 оны долоодугаар сарын 28-ны өдрөөс 1918 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл бүхэл бүтэн дөрвөн жил үргэлжлэн, олон мянган эрдэмт хүмүүний алтан амь насыг авч одсон дэлхийн нэгдүгээр дайны хүнд бэрх он жилүүдийн гэрэл гэгээ бол  Чарли Чаплин байв. Түүнээс хэдхэн хоногийн өмнө төрсөн ноён Гитлер их бууны салаа удирдан холбоотны цэргийн өмнөөс хүчтэй тулалдаж, шархадан цэргийн эмнэлэгт хэвтэж байхад Чарли хүмүүсийг жаргааж байлаа.

Ерөөс Чаплины инээдтэй үйлдлүүд санаандгүй зүйл огтоос биш, тэр бүгдийг урдаас бодож, төлөвлөдөг байсан юм. Чарли ширээн дээрээс хэн унавал, боксын рингэн дээр хэнтэй яаж тулалдвал, төмрийн үйлдвэрийн далд хэсэг, араа соёо руу болгоомжгүйгээсээ болж яаж орвол, сайхан бүсгүйтэй дугуйт тэшүүрээр гулгах романтик мөчид ямархан үйлдэл хийвэл, хайртай бүсгүйнхээ бэлдэж өгсөн өдрийн хоолыг хаашаа хийвэл сая, сая үзэгчийн элэгний эм болохыг сайтар мэддэг байсан.

Чарли Чаплинаас ярилцлага авч, түүний дотоод сэтгэлийн мөн чанартай танилцаж чадсан азтай сэтгүүлч тун цөөхөн. Тэр сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийнхэнд тийм ч их цаг зарцуулаад байсангүй. Гэвч тэртээ XX зууны аль нэг гэрэлт өдөр түүнээс авсан нэгэн ярилцлага ширээн дээр минь үзэгдэнэ. Богинохон ч гэсэн чамбай, товч бөгөөд тодорхой, илэн далангүй тийм нэгэн ярилцлага. Чарли Чаплины эл ярилцлага “Миний амьдрал хошин жүжгээс огт өөр” гэсэн гарчигтай. Сэтгүүлч Чаплинаас “Та өөрийгөө гоц хүн гэж боддог уу?” хэмээн асуусанд манай хүн “Би хэзээ ч гоц хүнтэй тааралдаж байсангүй. Харин илүү авьяаслаг, мэдрэмж сайтай хүмүүсийг мэднэ” гэж хариулсан байна. Мөн тэр “Хэрэв та бодит амьдрал дээр тэнүүлч байсан бол?... гэсэн асуултанд “Амьдрал баян. Би тэнүүлч байсан ч амьдралд хайртай хэвээрээ байна. Би өдөр хоног, цаг минут тутамд үхэлд биш, амьдралд бэлддэг” гэж хариулжээ. Сэтгүүлч түүнтэй хэсэг ярилцсаны эцэст “Та хошин шогийн жүжигчин гэхэд их тайван хүн юм аа гэсэнд Чаплин “Өөрийнхөөрөө байгаа минь л энэ. Тайван байвал зөв шийдвэр гаргана гэж би боддог” гэжээ. Тийм ээ... Тэр бодит амьдрал дээр инээдтэй хүн байсангүй. Тэр зүгээр л бодох дуртай, бодсон зүйлээ хийх дуртай нэгэн байв.

Кино урлаг хөгжсөөр бүрэн хэмжээний болж, дүрсний чанар сайжран, дуутай болов. Гэлээ ч Чарли Чаплины дуугүй, хар цагаан кинонууд үзэгчдийг урьдын адил араасаа хошууруулсаар. 1952 он болоход Чарли “Анхаарлын төвд” хэмээх уран сайхны киногоор хоёр дахь удаагаа Оскарын эзэн боллоо. Өдгөө тэр хөгширч, залуу цагийнхаа эрч хүчийг алджээ. Гэвч хүмүүс түүнээс уйдаагүй.

Чарли Чаплины хувийн амьдрал ихээхэн ээдрээтэй, нууцаар дүүрэн байсан тухай судлаачид бичсэн нь олонтаа. Бүр түүнийг тагнуул байсан гэж ташаарсан нь ч байх. Ямартай ч түүний анхны хайр бол Хетти Келли гэх жүжигчин бүсгүй байжээ. Чаплиний  амьдралын намтарт дөрвөн эхнэр, 12 хүүхэдтэй байсан гэж бичсэн байна. Тэгэхдээ Чаплин дандаа дөнгөж насанд хүрч байгаа залуу охидтой ханилан сууж, амьдран жаргаж, амраглан явсан талаар мэдээ бий.

Охин минь, өнөөдөр зул сарын баяр. Дүү нар чинь аль хэдийнээ унтчихсан. Ээж чинь ч бас. Надаас хэдий хол байвч дүр төрх чинь үргэлж хажууд минь байх юм. Чи минь Парисийн театрын тайзнаа бүжиглэж байгаа ч хөлийн чинь чимээг сонсож, нүүр царайг чинь шөнийн оддын дундаас олж харах шиг болдог. Чи минь Татар Монголын хаанд богтлогдсон Персийн Гүнжийн дүрд хувиран бүжиглэж байгааг би мэднэ ээ. Гоо үзэсгэлэнгээ гайхуулан бүжиглэ, охин минь. Од болон гялалз охин минь. Тэгэвч үзэгчдийн алга ташилт, уухайн дуунд мансуурч, цэцэгсийн үнэрт толгой чинь эргэж эхэлбэл эцгийнхээ захидлыг уншиж зүрх сэтгэлээ сонсоорой... Энэ бол 1965 оны зул сарын баярын шөнө 76 настай өвгөн болсон Чарли Чаплин охин Жеральдинадаа бичсэн захидал. Тэр үнэхээр сайн аав байсан... 

Чарли Чаплины амьдралын сүүлчийн он жилүүд гоо үзэсгэлэнт Швейцар оронд өнгөрсөн юм. Тэр 1953 онд АНУ-ын иргэн болох хүсэлтээс татгалзсан нь эрх чөлөөний эх оронд цаашид аж төрөх эрхгүй болгожээ. Чаплин хэзээ ч Америкийн иргэн байсангүй. Тэр бас хэзээ ч эх орноосоо урваагүй... 1977 оны зул сарын баярын шөнө. Өтөлж, хөгширсөн Чарли Чаплин унтахаар хэвтээд дахиж сэрсэнгүй. Тэр нүүрэндээ дүүрэн, дүүрэн инээмсэглэл тодруулсаар энэ хорвоогоос явжээ.

Хачирхалтай нь аугаа их инээдмийн жүжигчнийг сүүлчийн замд нь үдээд удаагүй байтал гэнэт түүний цогцсыг хулгайлсан жигшүүрт хэрэг гарсан юм. Тонуулчид алдарт жүжигчний мөнхийн амгаланг олсон биеийг барьцаалан гэр бүлээс нь их хэмжээний мөнгө нэхэн, сүрдүүлж  байгаад бүтэлгүйтсэн байна.

Чарли Чаплины гэр дотор хэд хэдэн сонирхолтой зүйлс байдаг. Тэр хүүхэд төрүүлсэн эрэгтэй хүнд, тамхины цагираг дундуур буудаж чадсан нэгэнд бүх эд хөрөнгийнхөө талыг гэрээслэсэн юм.

 

/Жич: Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, ашиглахыг хориглоно./

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Чарльз Спенсер Чаплин  
Үзсэн: 5352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-19 16:41
Mundag zaluu mini bicheed l bgaarai
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-03-18 13:24
ум ма ни бад ми хум

Бидэнтэй нэгдээрэй