Шууд Chart

Гурван цагаан юм

2015-03-26 10:39:12

/эсээ/

Хүүхэд ахуйд алдарт эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн “Хоёр цагаан юм” гэдэг эмгэнэлтэй ч юм шиг өгүүллэгийг уншиж бяцхан ухаандаа ухаарч ядаж байлаа. Олон жилийн хойно хонгор залуу насаа үдэхийн ялдамд “Гурван цагаан юм”-ны тухай бодолхийлэх болжээ. Хүмүүний ертөнцөд ээж, ааваа баярлуулан уйлж ирэхдээ өмгөр улаан амтай нялзрай амьтан байсан даа...Удалгүй тэр өмгөр улаан аманд цахиур цухуйж эхний “цагаан юм” ургаж эхэлнэ...Үүнийг сүүн шүд гэх болой. Сүүн шүд эхлээд амны төв хэсэгт хосоороо гарч ирнэ.

Тэгээд хоёр тийш нэмэн нэмсээр 6-7 жилд бүрэн ургаж эзэндээ идэхэд нь тус болсоор тав зургаан жил өнгөрнө. Тэгээд л нэг, нэгээрээ сугаран унаад дуусна. Унасан ором дээрээс нь ясан шүд түрэн түрэн ургаж эхэлнэ дээ. Нэгэн үе ясан шүд ургаж эхлээд л сургууль соёлын мөр хөөдөг байлаа. Одоо бол унах, ургахын зааг дээр л эрдмийн мөр хөөж ангаахай багын өд далиа дэвж эхлэх юм. Цаг хугацаа ийм яаруу болчихсон юм бол уу... Удаан хөл болоод хэлд орсон хүүхэд урт насалдаг хэмээн хэлэлцдэг сэн... Ямартай ч хүмүүн гэгч гурван цагаан юмны завагт л цагийн жамыг угтаж үддэг болой... Ясан шүд яралзуулж явахад даанч сайхан. Голгүй болтол хатсан ааруулыг голоор нь тас хийтэл хазаад л...Хүмүүн заяаг эхэлж тоссон аман дахь ясан сувдаа гамнаж яваарай... Цагийн жамаар сүүн шүд шигээ унаж эхэлнэ ээ...Тэр цагт өвгөн хүн нялх хүүхдийн адил асаргаа шаарддаг. Орчлон эргэж буй нь тэр... Эхний цагаан юм энэ болой...

Удаах цагаан юм...Толгойд бууралтаж эхэлнэ. Санчиг дамжин тэргүүнд авирах тэр цагаан юмыг насны хяруу хэмээн бэлгэшээнэ. Яргуйн гөрөөс шиг л явсан сан... Ялдам сарны гэгээнд нэг л өдөр санчиг гэрэлтэх нь ухаан нэмэх шиг... Бодол долгилох шиг... Хүүхэд өсч том болсныг, хөтлөлцөөд айл хэсэхээ больсныг тэгэхэд л мэднэ. Ай даа... Цагийн шувууд өд сөдөө ингэж л гээнэм зэ. Санчиг буурал ээжийгээ гээд л уянгаар зуурч бодолхийлдэг тэр сайхан дуу өнөөдөр л надад хүрээд ирлээ дээ... Тосох уу, болих уу...Тоотой насыг яалтай. Өвлийн өвгөний “имидж” нь цагаан сахал цагаан санчиг, цагаан буурал үс тэргүүтэн байдгийг хүүхэд ахуйгаас өдий хүртэл харж явна... Ганцхан цэн дурсамж зурсхийлгэхэд манай сургуулийн ёолкны өвөөг бид тааж ядан хэлэлцдэг байлаа. Тэгтэл майжгий эсгий гутлаар нь нэг л шинэ жилээр таньчихлаа. Сургуулийн галч Ооёогийнх байсан шүү... Ингээд л өвлийн өвгөн үнэхээр ирдэггүй гэж ойлгосон. Тэр үед Ооёо ахад цагаан санчиг ч ургаагүй, цагаан сахлын ч сураггүй, цагаан буурал тэргүүн ч байсангүй. Тас хар үстэй эр дунд насны л хүн байж билээ... Гэнэн насаа тэр жилийн ёолкоор л гээчихсэн санагдана. Хоёр дахь цагаан юм ийн түүх өгүүлнэм. Үнэнийг айлднам. Үсэн бууралтахын цаг доор үг хүртэл бууралтдаг жамтай... Буянтай дээдсийнхээ буурал үгийг авууштай...

Төгсгөлийн цагаан юм. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлтгэнэ” гэж тун ч оносон нэг үгийг ард түмэн хэлэлцсээр он цагийг дамжуулан одоод аваад ирсэн... Олон талаас нь ойлгож болно. Юуны ч туханд хүрээгүй их их амлахыг л гол нь хэлээд байгаа юм болов уу даа... Юутай ч энэ бол болоогүй, өөрөө үзэж харж амжаагүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Жамын буурал хорвоод заавал дайрдаг гурван цагаан юмны төгсгөлийнхийг бид өөрөө үздэггүй үр хүүхэд л анзаарах ажаам... Бага насны тэргэл өдрүүд хонины бэлчээр, адуу, тэмээний эрэлд явахдаа хөдөө буйд хунх хонхор, налгар дэвсэг голдуу газар ийм цагаан юмтай тааралддаг сан. Бурхан болоочдыг хөдөөлүүлсэн тэр өлзийтэй газар, хэдэн жилийн дараа ийнхүү нэг цагаан юм цавцайдаг.

Бурханы шувуу таалаад яс нь л үлддэг... Хөх дөлтэй фосфор ялгаруулж, хөхөлбий шөнө гэрэлтэх шиг болдог тэр цагаан юмыг одоо тэгтлээ үзэхээ больж дээ... Хааяа сүм хийдийн үзмэр дотор гавал аяга, ганлин бүрээнээс л олж харахуй... Хөөрхий эмгэнэлтэй шүү. Арван найман настай анхил залуу бүсгүйн дунд чөмөгний ясаар хийдэг ганлингийн харамсалтай нь аргагүй гангинан дуугарах бүрийд сэтгэл сэмэрч бодлын хяраанд нэг юм очоод айсан туулай шиг хярчихдаг сан... Тавилангийн үүдийг хаалтай биш. 
Хүмүүний алтан үе ийнхүү гурван цагаан юмны дунд түүх элээнэм... Яснаас ясанд хүртэл амьдарнам...Тэгээд ч:
“Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан”... хэмээж гантигласан болой. “Гурван цагаан юм”-аа гэж... 


Гурван цагаан юм  
Үзсэн: 3103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-03-27 17:53
yu bicheed bgaam dee neeh l mundag yum bichsen yum bh daa

Бидэнтэй нэгдээрэй