Мал, амьтан болон амьтны гаралтай түүхий эдээр дамжин хүнд халдварладаг халдвар харшлын өвчин бол бруцеллёз юм. Малчид, тэдний гэр бүлийнхэн, малын эмч мэргэжилтнүүд гээд ихэвчлэн мал, амьтантай байнга харьцдаг хүмүүс илүү өвчлөмтгий байдаг ч хагас, дутуу боловсруулсан сүү, цагаан идээ, нойтон арьс, шир, заримдаа ангийн гаралтай түүхий эдээс халдварлах нь бий. Өвчин үүсгэгч нь бруцеллёз өвчтэй болон уг өвчнийг үүсгэгч нянг тээгч амьтад, тэднээс авч хэрэглэсэн сүү зэрэг түүхий эд байдаг. Харин өвчтэй хүнээс хүнд халдварлах нь бараг үгүй. Гэхдээ бруцеллёзтэй эх төрөх үед цусаар, төрсний дараа эхийн сүүгээр дамжин халдварлаж болно. Зарим хэвлэлд бичсэнээр бол бруцеллёз бэлгийн замаар халдварлах нь бий гэжээ. Халдвар авсан эхэн үед онцгой шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ заримдаа огцом халуурах байдлаар хурц илэрч болно. Яг бруцеллёз гээд оношлохоор тодорхой өвөрмөц шинж тэмдэг гардаггүй учир өөр өвчнүүдтэй андуурагдан цаг алддаг талтай. Ерөнхийдөө халдвар авснаас хойш 7-21 хоног далд үе байдаг. Тэгээд халуурах, ядрах, бие сульдах, сэтгэл санаа хямрах, хөлрөх зэрэг шинжүүд гарч аажмаар үе мөч, нуруу өвдөх, биеэр жижиг тууралт гарах зэргээр даамжирна.
.jpg)
Анхны шинж тэмдэг илэрсэн л бол эмчид хандах хэрэгтэй. Бруцеллёз хавар илүү халдварладаг. Өөрөөр хэлбэл, мал төллөх үед цус, хагтай хамт газарт хаягдан хөрс, усыг халдварлуулан үлддэг. Тиймээс хашаа хороогоо ариутган цэвэрлэх, худаг, шандны усыг заавал буцалгаж хэрэглэх, гар, хувцсаа сайтар угааж ариутгаж байх нь урьдчилан сэргийлэх үндсэн арга мөн. Бруцеллёзоор бүх төрлийн мал, амьтан өвчилдөг.
Тиймээс муур, нохой зэрэг гэрийн тэжээмэл амьтад ч халдвар дамжуулах аюултай. Ан ав хийх дуртай хүмүүс амьтны түүхий элэг, бөөр, цус зэргийг хэрэглэх нь олширсон. Энэ нь ганц бруцеллёз ч биш тухайн амьтанд халдварлагдсан байсан бэтэг, хялгасан хорхой гэхчлэн өвчин тусах магадлалтайг анхаар. Бруцеллёз архагших нь элбэг бөгөөд байнгын хяналтанд байж эмчилгээгээ тогтмол хийхгүй бол бүх эрхтэн системийг гэмтээдэг аюултай өвчин. Хамгийн түрүүнд үе мөч, тэр дотроо том үеүдийг гэмтээх учир өвдөг, тохой, бугуйн үеүд хавдаж муруйн, сүүлдээ хөдөлмөрийн чадваргүй болдог. Нурууны үеийг гэмтээх нь цөөнгүй. Бруцеллёз бөөр, элэг, зүрх, умай, өндгөвчийг ч гэмтээдэг. Ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж байвал бруцеллёзоор өвчлөхгүй, өвдсөн ч хөнгөн байдлаар тусаад эмчилгээ авах нь хялбар байдаг. Мал, амьтантай харьцдаг ажил мэргэжлийн хүмүүст урьдчилан сэргийлэх, зорилгоор бруцеллёзийн вакцин хийдэг. Гол халдвар тараагч нь мал, амьтан болохоор тэднийг ч өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулдаг юм. Бусад хүмүүс ч гэсэн хүнсний ногоогоо сайн угааж, болж өгвөл буцалгаж хэрэглэх нь өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой хэдий ч тухайн ногоон дахь амин дэмүүдийг үгүй хийх муу талтай. Тиймээс хүнсний ногоог худалдан авахдаа зөв сонголт хийхийг хичээх нь зөв. Ялангуяа зориулалтын биш бордоо /жорлонгийн ялгадсаар талбайгаа бордох нь өдгөө ховордсон ч гэлээ энд тэнд хэвээрээ байгаа/ хэрэглэдэг эсэхийг мэдэх нь чухал. Үндсэн эмчилгээ нь антибиотик, амин дэмүүд, харшлын эсрэг эм, эмийн бус эмчилгээ байдаг.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
| Бруцеллёз өвчний тухай | ||
| Үзсэн: 13517 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.