Шууд Chart

Байгаль эхийн хилэн-1

2026-01-20 17:05:08

Хүн төрөлхтний хөгжил, шинжлэх ухаан, техник технологийн дэвшил байгалийн гамшигт үзэгдлийн өмнө хүч мөхстөж, сөхөрч байна.
Халуун хүйтэн, баян ядуугаас үл хамааран уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх боллоо. Хэдхэн хоногийн өмнө буюу 1 дүгээр сарын 16-нд ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас оров. Цас зарим бүсэд 4-6 метр хүрч, орон сууц, зам талбай бүрэн дарагдан, нийтийн тээвэр, сургууль, байгууллагуудын үйл ажиллагаа зогслоо. Хойд бүсээс ирэх хүйтэн агаарын урсгал хамтдаа их цас дагуулаагүйд "талархая".
Хэрвээ Монголд ийм хэмжээний цас орвол нөхцөл байдал ямар түвшинд хүрэх нь ойлгомжтой биз ээ.
НҮБ-ын шинжээчид дэлхийн ирээдүйн талаар бараан боловч онц чухал тайланг 2023 онд танилцуулсан. Энэ илтгэл УАӨ-ийн сөрөг үр дагаврыг дэлхийн хэмжээний ЭКОЛОГИЙН СҮЙРЭЛ гэж нэрлэхээс өөр аргагүй гэж дүгнэсэн юм. Тэрчлэн уур амьсгалын өөрслөлтийн эрчийг сааруулж чадахгүй бол дэлхийн нийт ДНБ-ий 7-8 хувь нь салхинд хийсэх мэт үгүй болно гэж анхааруулав. Тэгвэл дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд, тэр тусмаа 2023-2025 онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй ямар томоохон гамшигт үзэгдлүүд бичигдсэнийг тоймлоё.
Европ тивийг бүхэлд нь хамарсан хэт халуун, эсвэл гэнэтийн аадар бороо, эсвэл огцом хүйтрэл, их цас, хүчтэй салхи, шуурганаас улбаатай гамшгаас үүдэлтэй үр дагавар өнөөдөр ч үргэлжилсээр байна. 2024 оны 3 дугаар сард Италид орсон их цаснаас болж 6000 гаруй хүний хөдөлгөөн хязгаарлагдаж, гацаанд оров. Грект цаг агаарын таагүй байдал хэд хоног үргэлжилснээр гудамжууд тэр чигтээ үерт автлаа. Германд нэг л өдөр дахин өвөл болсон бол Ирландад их хэмжээний цас орсноор сургууль, цэцэрлэгийг хааж, хөл хорио тогтооход хүрсэн. Саяхны жишээ. АНУ-ын Ердөө хэдхэн хоногийн өмнө гэхэд л АНУ-ын Калифорни муж үерт автлаа. Гамшигт үзэгдлийн хамрах хүрээ, амсах хохирол хийгээд улс орны авч буй арга хэмжээг олон улсын судлаачид анхааралтай ажиглаж байна.
Туркт олон тооны усан хуй салхи үүсэж асар их эвдрэл сүйрэл авчирсан гамшиг бичигдэв. Торнада хуй салхины нэг нь гэхэд 12 км зам туулж, энэ зуур эвдэрсэн сүйтгэгдсэн газар нь 80 метрийн өргөнөөр хэмжигдлээ. Сүйтгэлд өртсөн хүлэмжийн аж ахуйн талбай гэхэд л 300 гаруй га-д хүрчээ. Мөн ОХУ-д сүүлийн жилүүдэд гараагүй байгалийн гал түймэр дэгдэж, хүчтэй салхи хүч хавсран шуурснаар ховор үзэгдэх байгалийн аюулт үзэгдлийн тоонд бүртгэгдээд байна.
Аргентин түүхийн бүх хугацаанд тохиолдсон хамгийн том байгалийн гамшигт үзэгдлийг мэдэрсэн жил бас тохиолдов. Гуравхан цагийн хугацаанд 300 мм-ээс их тунадас буусан бөгөөд 200 мм нь ердөө 1 цагийн дотор орсон байна. Энэ нь сард буудаг дунджаас их ус юм. Аадар борооны улмаас цахилгаан тасарч, эмх замбараагүй байдал газар авахтай зэрэгцээд эмийн сан, үнэт эдлэлийн дэлгүүрийг тонох дээрэм гарснаас улбаалан бүс нутагт онцгой байдал тогтоохоос аргагүй хүрсэн байна.
Ливад газар хөдлөлтийн үйл явц болоогүй атлаа асар том ан цав гарч, ангал үүссэн шалтгааныг судлаачид бүрэн тогтоогоогүй байна. Хойд Америкт амь насанд аюул учруулахуйц хүчтэй цасан шуурга тавилаа. 3 өдөрт 3 м цас орж, салхины хурд ноцтой түвшинд хүрснээс хэдэн мянган айл цахилгаангүй болжээ. Пакистанд их хэмжээний үер бууснаас багадаа 37 хүн амиа алдсан төдийгүй 20 хоногийн дотор 2 жилд ордог хур тунадас буусан гэж мэдээлжээ. Иранд орсон аадар бороо үерээс болж 178 тосгон хаалттай бүс болон тусгаарлагдсан бүртгэл үлдэв. Үндсэндээ энэ бүхэн, дэлхийн уур амьсгал жил ирэх тутамд хэрхэн өөрчлөгдөж, ааш авир нь хувирсаар байгаагийн нэг баталгаа, нэг баримт юм. Монгол оронд гэхэд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж өнгсөрн 40 жилд 2 дахин нэмэгдсэн судалгаа гарсан. БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН нийтлэлийн дараагийн цувралаар Монгол оронд нүүрлэж байгаа байгалийн гамшгийн талаар үргэлжлүүлэн хүргэнэ.
 
 
 
 
Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн
Нийтэлсэн: COP17

Байгаль эхийн хилэн-1  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй