
Өнгөрсөн 7 хоногийн Пүрэв (2013.08.22 12:30 Төрийн ордон) гарагт Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ээлжит “Ерөнхий сайдын 30 минут”-аа хийлээ. Сэтгүүлчдэд 30 минутын дотор цаг үеийн болон улс төр, нийгэм, эдийн засгийн талаарх сүүлийн үеийн мэдээллүүдээ Ерөнхий сайд өөрийн биеэр тоймлон хүргэдгээрээ энэхүү мэдээллийн цаг хэвлэлийнхэнд үнэ цэнэтэй хором байдаг.
Уламжлал ёсоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим нэг асуудлаар товч мэдээллийг 15 минутанд багтаан хийж дууссан юм. Түүнийг ийн мэдээлэл хийсний дараа миний бие сэтгүүлчдээс хамгийн эхний асуултыг тавьсан боловч асуултандаа хариулт авч чадалгүй мухардалт орсон юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн эхнийн асуултанд хариулт өгч чадахгүй, асуултыг өөрөөсөө зайлуулан бүдэрсэн нь энэ.
Би түүнээс, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой нэгэн төслийг хөндөж, хоёр асуултанд албаны хариулт, тайлбар хүссэн төдий... Миний асуултын агуулга нь, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт 2013 онд хийж гүйцэтгэх ажил, түүнтэй холбоотой нэгэн төслийн төсвийг тодруулж ийн асуусан юм. “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт хийгдэх байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээний анхны үндэслэл нь өөрчлөгдсөн мөртлөө 6 тэрбум төгрөг нь анхныхаараа хэвээрээ батлагдсан нь ихэд анхаарал татаж байна. Мөн энэхүү судалгаа, үнэлгээний тендер нь явагдаагүй байхад тус бүс нутаг судалгаа, үнэлгээ хийх компаниар төв аймагт бүртгэлтэй Монголын “Natural sustainable”, Австралийн “Sustainabiliy” компаниудын хамтарсан түншлэл ажиллана гэсэн мэдээлэл байна. Дээрх асуултанд хариулт өгнө үү?” гэж асуусан.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Би уг нь ихэнх юмаа бараг мэддэг. Гэхдээ наадахыг чинь огт мэдэхгүй юм байна, бүх юманд хүрч чадахгүй учраас... Сайншандын аж үйлдвэрт шаардлагатай эхний ээлжийн хөрөнгө мөнгийг Засгийн газар зураг төсөлтэй нь танилцаад зориулалтынх нь дагуу батлаад өгсөн. Харин тэр 6 тэрбум төгрөгийн асуудлын талаар салбар хариуцсан сайд Х.Баттулга болон Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын захирал нараар тодорхой дэлгэрэнгүй мэдээллийг тусгайлан өгүүлэх ажлыг Ц.Мөнхтөр дарга та зохицуулаад өгчих. Би тэр нарийн ширийн процессыг нь сайн мэдэхгүй ч, ихэнх чухал юмнуудаа гадарлаж байгаа шүү” хэмээн бөөрөнхийлж, асуултыг салбарын сайдтай үлдээсэн юм.
Ерөнхий сайдын сайн мэдэхгүй байгаа энэхүү асуудлын гол санааг би энэ удаад хөндөж бичих гэж оролдъё. Учир нь мэдээлэлд хамгийн ойр байдаг Ерөнхий сайдын мэдэхгүй байгаа тэрхүү үй түмэн асуудлын зөвхөн нэг сэдвийг нь хөндөн хүргэж байна.
Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн бол энэ улс орны нэгдүгээр төсөв захиран зарцуулагч гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Тэрээр танхимаараа хэлэлцэж, баталсан тогтоол, шийдвэр, төсөв, төсөл бүрт нэгдүгээр гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Н.Алтанхуяг сая саяар тоологдох мөнгөнд бус тэрбум тэрбумаар захиран зарцуулагдах төсөв, төсөлд гарын үсгээ харамгүй зурдаг нэгэн. Зурах зурахдаа аливаа асуудлынхаа гол цөмийг нь ойлгож зурдаг байх.
Гэвч Ерөнхий сайд маань улс орны маань хөгжил цэцэглэлтэнд (ирээдүйд) үнэ цэнэтэй байр суурь эзлэх “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, бүтээн байгуулалт, түүнтэй холбоотой зарим нэг ажлын төслийг сайтар ойлгоогүй бололтой. Зөвхөн салбарын сайдынхаа аманд орж, түүнд итгээд орхисон уу, аль эсвэл салбар хариуцсан сайд нь болон Ерөнхий сайдын зөвлөхүүд нь Засгийн газрын тэргүүнээ мэдээллээр гүйцэт хангаж, ойлгуулаагүй хэрэг үү... Юутай ч “мордохын хазгай” гэгч үйл явдал “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын эргэн тойронд хэдийнээ өрнөөд эхэлжээ.
Аливаа улс орнын хот гэгч хүний ая тухтай, эрүүл, аюулгүй амьдрах наад захын хэм хэмжээг хангасан сайн шийдэл, зөв төлөвлөлт зохион байгуулалтай байхыг анхнаасаа шаардаж ирсэн. Энэхүү шаардлагын дагуу олон улсад хот төлөвлөлт ба аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн стандартыг бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл олон улсад тавигддаг хот төлөвлөлтийн бүхий л шаардлага, үзүүлэлт, судалгаа, үнэлгээг хангасан төсөлд олон улсын санхүүгийн байгууллага, улс дамнасан корпариациуд гар татахгүй хөрөнгө оруулдаг.
Тиймээс, манай улс бүтээн байгуулалт, эрчимтэй хөгжлийнхөө замд орсон өнөө үед Сайншанд дахь бүс нутгийг аж үйлдвэрлэлийн цогц хот болгохоор хэдийнээ сонгож, зарим нэг ажлыг эхлүүлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан ҮХХАА-н сайд Х.Баттулга “Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай 76 дугаар тогтоол”-ыг Засгийн газраар хэлэлцүүлэн гаргуулж авчээ.
Сайд Х.Баттулга ганц тогтоол ч гаргуулаад зогссонгүй “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт 2013 онд хийж гүйцэтгэх ажил, төсөв” гэгчээ мөн батлуулж авсан. Тэрээр зөвхөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт зориулж Засгийн Газраас 60 тэрбум төгрөг батлуулж авахаар зүтгэсэн ч багагүй эсэргүүцэлтэй тулгаран бараагүй. Харин ч Ерөнхий сайд өгөөмөр загнаж 14 тэрбум төгрөг баталж өгөхийг танхимынхандаа зөвшөөрсөн юм.
Чухам ямар ажил гүйцэтгэх болоод ганц суманд хэрэгжих 60 тэрбум төгрөг 14 тэрбум төгрөг болж танагдсаныг нь судалж, сонирхолоо.
“А4” хэмжээтэй арванхоёрхон хуудаснаас бүрдэх “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 2013 оны төсвийн төсөл” гэх материалыг хуудас хуудсаар нь эргүүлж харлаа. “Дэд бүтцийн судалгаа”, “Орчны судалгаа”, “Усны хайгуул, боломжийн судалгаа”, “Төслийн удирдлагын баг PMC”, “Төслийн зөвлөх баг” гэсэн таван бүлэг төсөлтэй аж. Таван бүлэг төсөл нь тус бүрдээ 3-9 төслөөс бүрдэх бөгөөд ажлын гүйцэтгэл нь 2-10 сарын хугацаанд хээрийн нөхцөлд байнга байрлаж хийхээр заагдсан байна...
Үргэлжлэл бий...
Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ба "Мордохын хазгай" № 01 | ||
Үзсэн: 6329 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.