
1931 онд үндэс сууриа тавьж 1934 оноос Монгол орон даяар радио өргөн нэвтрүүлэг дамжуулж эхэлсэн МҮОНРадио түүхт 80 жилийнхээ ойтой золгож байна. Наян жилийн түүхэн замналтай МҮОНРадиогийн үе үеийн ажилтнуудын хөрөг нийтлэл болон өдөр тутмын үйл ажиллагааны мэдээ мэдээллийг хүргэх “АГААРЫН ЦЭНХЭР ДОЛГИОН” буландаа. ШЭРС-ын сэтгүүлч, редактороор ажиллаж асан МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч Цэндийн Чимиддоржийн уран бүтээлийн “уламжлал шинэчлэл”-ийн талаар Нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга П.Нямлхагвагийн бичсэн шүүмжийг хүргэж байна.
Монголын шинэ уран зохиол өнөөдөр хоёр салаа замын уулзвар дээр ирсэн мэт санагдана. Энэ ямар хоёр салаа зам байна вэ гэвэл нэгдүгээрт, суурин иргэншлийн нөлөөнд хэт автсан, суурин ахуйгаас ургуулан сэтгэсэн шүлэг дууллын нэгэн жим хоёрдугаарт, уламжлалт монгол ахуйд дулдуйдаж эрт эдүүгээгийн уламжлал шинэчлэлийг хослуулсан нэгэн жим байна. Энэ хоёр замын эхнийхээр буюу суурин иргэншилд шүтэн сэтгэх, шүлэг яруу найрагт хэт автах юм бол монгол уран зохиолын уламжлалт туурвих зүй орхигдож тэр хэрээр монгол ахуйгаас ангид хол болох хийгээд яруу найргийн хэлний хувьд ихэд явцуурч суурин тойрсон цөөхөн хэдэн үгэнд эргэлдэх болох нь ээ. Үг хэдий чинээн цөөхөн байна төдий чинээн сэтгэснийг чөлөөтэй илэрхийлж чадахаа байна. Мөн энэ жимээр яваар одогсодын шүлэг найргаас гадныхан буюу харийнхан монгол гэсэн нэгэн онцлогийг төдийлөн харж чадахгүйд хүрнэ.
Нөгөө нэг зам нь бол нүүдэлч удмын ахуй амжирлага дундаас урган гарсан сэтгэлийн дотоод мөн чанараар бүтсэн шүлэг найраг байх ба энэ нь уламжлал дээр суурлаж шинэчлэлийг эрэлхийлсэн яруу найргийн нэгэн ай сав байна. Чухам энэ ай савд хамаарах шүлэг яруу найргийг бүтээгчдийн нэгд Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Цэндийн Чимиддорж багтана.
Ц.Чимиддоржийн яруу найраг нь үзэгдэж уншигдах, уншисныг сонсох наад өнгөндөө сэдэв агуулгын хувьд хэтэрхий чөлөөтэй ч юм шиг, зарим шүлэг нь эмх цэгцгүй, алдаа мадагтай мэт харагдах боловч утга учрын цаад гүндээ жинхэнэ монгол чанар, монгол сэтгэлээг өвч шингээж чадсанаараа онцлогтой юм. Жишээ нь “Хөл хүндтэй бүсгүй аргал түүж явна” шүлэгт
Хөл хүндтэй бүсгүй
Аргал түүж явна
Хөх халтар хомоол
Арган дотор нь “унагална”
Алтанхан хараацайд
Хоньтойгоо ээрүүлээ л
Амгалан буурал талынхаа
Эзэн нь юм шиг явна
Ардаа арагтай
Өвөртөө үртэй бүсгүй....
гэж хөл хүнд бүсгүйн аргал түүж яваа нэгэн үзэгдэх үйлээс нөгөө үл үзэгдэх үрийг “унагалуулж” аргал түүж яваа бүсгүйг хараад ээжийгээ санан, ээж араг хоёроор нөхцөлдүүлж тэр бүсгүй чухам яагаад араг үүрч аргал түүж яваагийн шалгааныг нээсэн байна.
... Хөл хүнд бүсгүйг харахад
Хөөрхий ижий минь зандан нас бодогдож байна.
Босго тотго тулга гурвынхаа дунд
Босон суун өвдөж
Бор гэрийнхээ хатавчинд миний л ижий
Бохирон байж амаржсан байлгүй
Хурнаас урьтаж аргал түүдэг
Хураг ишиг дотор нь хоргоодог
Хөмөрсөн аргаа түшихэд ижийд минь
Хөмрөг дэлхий шиг санагдсан байлгүй
Үдээр нь тас үсэрсэн араг нь одоо хаа билээ
Үүрээ л алхаж явсан ижий минь одоо хаа билээ
Хотол хорвоог аргадахын эрхэнд муу сэгсгэр хүү нь
Хомоолтой шүлэг хялгасаар хэлхэн баруун хатавчиндаа зүүе дээ
хэмээн “төрөх үхэх хоёр адилхан” гэж хэлцэн, амаржиж буй хүнээ эсэн энх төрүүлэхийн тулд элдэв дом шившлэг хэрэглэдэг монголчуудын бэлгэдэлт сэтгэхүйг илэрхийлэхдээ, түшиж төрөх араг нь дэлхий мэт нөмөр нөөлөг, түшиг тулгатай байхын зэрэгцээ эрүүл хөнгөн төрөхийнх нь үндэс язгуурт, утга углуургаар нь аваачин зангидаж, тийн загнидаад зогсохгүй хорвоо дэлхий дээрх хувисан өөрчлөгддөг юмс үзэгдэл бүхэн, мөнх бус байдгийг ухаарч өгдөггүй, өнгөнд атгагтах хуумгай сэтгэлийн цоож цуургын хависыг “мөнөөх ижий араг хоёр одоо алга” гэсэн санааны түлхүүрээр онгойлгоод нэгэнт л мөнх бусын орчлонд төрсний тул өнгөрсөнд энэлэн сэтгэлийг бэтгэрүүлэлгүй үйлийг хичээн, буяныг барихын мэргэн санааг, шүлэг бичиж хүмүүнд дотоод сэтгэлийн амгалан цэнгэлийг эдлүүлэхийн утгаар тайлжээ. Тэрээр зүгээр ч нэг “буян бодож шүлэг бичье” гэж хэлсэнгүй. Түүж ирсэн арагтай аргалаа дөрвөлжинд юүлэх үест хялгасан холбоотой хомоол гарч ирэх юм бол ихэд бэлгэшээж “адуу олон болог” гэж шившин гэрийн баруун хатавчиндаа зүүдэг нүүдэлч монголчуудын бэлгэдэлд зан үйлээр санааг ихэрлүүлж, утгыг гүнзгийрүүлэн хашиж төгсгөсөн байна.
Хоосон чанарын агаараар дүүрэн хорвоод аливааг бодтойд барьж бийд бодох юм бол бүхий л юм буй. Тийнхүү бүх юм байдгийн тод томруун жишээн дээр дурдаж болохуйц “Үхээд л өхийн хооронд” хэмээх шүлэгт
Очоод золгох ээжгүй болсноос хойш
Ойчин тусан л явна даа
Нулимсаа дотогшоо залгисаар байтал
Нуур тогтож дээ, цээжинд минь
Энэ нууранд ганц муу ангир уйлж хөвнө
Эхгүй л амьтан даа, хөөрхий.
гэж хорвоогийн номын гадаад өнгөнд л тодоор өгүүлэгддэг гуниг харууслын аясыг “ээжгүй болсноос хойш амьдрал дардан биш байна. Гунигаа дотогшоо нуур болтол залгиж явна” гэсэн санаагаар хөндөснөө, түүнийгээ эргүүлэн эерүүлж энэрхүйн их нинжээр “эхгүй л амьтан даа хөөрхий” гэж хучин далдлаад, үүсдэг бөхдөг хүмүүний орчлонгийн жамаар ээжий минь халин одсон ч гэлээ санааны чинад дах сэтгэлийн гүнгэрваанд минь үргэлж сэрүүн тунгалгаараа оршсоор байгаа гэсэн утгыг энэ шүлгийн дараагийн бадагт
Ижийгээ би өөр дотроо нутаглуулсаан
Энэ биенээс минь өөр хаанаас ч олохгүй
Үүрдийн хань минь энгэр налж суухад
Үр ач нар минь алаглан ноолж байхад
Бууралхан будраатай хорвоогийн эргүүлгэнд
Бурхан болсон ижий минь амьд байхийм.
гэж өмнө өгүүлсэн санаагаа сөхөөж, сөхөөхийн хэрээр өмнөх санаагаар арын утгыг улам тодруулж, ухаандаа үр үндэсгүй ургамал цэцэг байдгүйн адил ижийнхээ ачаар төрж өсөөд, ижийнхээ соён сургаснаар энэхүү амьдарлын утга учрыг ухаарах болсноо өгүүлж байна. Хүний ижий гэдэг үр хүүхдийнхээ санааны хумхыг алтан сургаалийн рашаанаар дүүргэдэг. Тэрхүү хумхыг нэгэнтээ л сургаалын рашаанаар дүүргэсэн л бол хожим үр нь эгүүлэн асгая аа ч асгарч өгдөггүй бат нот дүүрдэг гэсэн санаагаар энэхүү шүлгийг төгсгөсөн байна. Учир нь энэ шүлгийн төгсгөлд
Талын зээр хуйлруулахад
Тархин дундуур минь татах юм
Болохгүй юм руу ухасхийхэд
Боль гэх юм
Дэлхийн тал шиг ижий минь
Дээрээс харж байгаа болохоор
Элбэг дээлий нь нөмрөн шүлгээ бичилгүй болохгүй
Эрхиний нь наран хэлхээгээр маани хэлэлгүй болохгүй
Үхээд л өхийн хооронд
гэж ижий нь үрдээ аливаа болж бүтэхгүй зүйлийг, үйлдэж болохгүй л гэж хэлсэн бол тархи оюунд нь хадагдаж, нүднээс нь далд ч тэр, бурхан болсон ч тэр, далдаас харж байгаа мэт, дээрээс харж байгаа мэтээр сэтгэх, мөн түүнд итгэхийн мөн чанарыг хэлжээ. Энэ мэтчилэн “Майга”, “Элсэн тасархай”, “Шувууны хараал”, “Дундговийн хээр намар”, “Нүдээн аньж бодоход” зэрэг олон шүлэг найргаараа уламжлалт ахуй соёлоос урган гарах сэтгэлгээг ур ухааны шинэчлэлээр баяжуулан туурвисныг нэмэн дурдюу.
Мөн Ц.Чимидоржийн яруу найрагт хөдөөх ахуйн язгуур хэл, хэлцүүд нэн элбэг. Энэ нь монгол хэлний үгийн баялгаар явцууран хумигдаж буй өнөө цагийн залуучуудыг урагшаа явж байна гэж сэтгэвэл уламжлалт хэл соёл руу нь арагшлуулаж уяж өгөхөд их тустайн дээр тэдгээр үг хэлцүүд шүлэг яруу найрагт байр байршлаа олоод ирэхээрээ монгол яруу найргийг хэрхэн төгс чимэглэг, гүн дэлгэрэнгүй болгож өгч байгааг хэдэн жишээгээр өгүүлье. Түүний “Ижийтэйгээн” шүлэгт
Гүйж яваа моринд чөдөр үзүүлэхгүй ижийтэйгээн
Буцаж яваа шувуунд нулимс харуулахгүй, ижийтэйгээн
“Чөдөр үзүүлэхгүй”, “нулимс харуулахгүй” гэх үгсүүд “Миний жартгар өвгөд буюу морь унасан хүн чулуу” шүлэгт
Морь унасан хүн чулуу шиг өвгөдтэй
Монголоор минь энэ дэлхий
Нарны өмнө нүүр тахлана
Нар монголоор дэлхийн өмнө нүүр тахлана
“Нүүр тахлах” гэх үг залуусын битгий хэл нэр түгсэн зарим зохиолчийн бүтээл туурвилд ч тусгалаа олоогүй байх нь элбэг байна. Мөн “Сууж байхдаа ч нүүж байдаг монгол” шүлэгт
Суунаг цэнхэр дэлхий алаг бөөрөн дээр
Сууж байхдаа ч нүүж л байдаг Монгол оо
“Сууж байхдаа” гэх энэ үгийг өнөө цагт залуус бичиг зохиол хэл яриандаа хэрэглэдгүй юм. “Танайх суугаа юу” гэж асуухаад нэг л ойлгож өгөхгүй болохоор нь “Танайх гуравдугаар хороололд хуучиндаа хэвээрээ юу” гэж асуухад сая нэг юм ойлгож байх жишээтэй. “Таанын толгой дээр тэнгэр бууддаггүй” шүлэгт
Талаар нэг
Тараачихмаар тачигналаа ч
Талыг таллаж нүүдэггүй миний нутгийн
Таанын толгой дээр тэнгэр буудаггүй юм аа
“Тэнгэр буух” одоо энэ үгийг хүмүүс “аянга ниргэх” гэдэг нэг л утгаар дийлэнх нь хэрэглэх болжээ. Тэнгэрээн шүтэж, хурмастаа дээдэлдэг монгол түмэн минь “үгэнд учир, суманд гичир” байдгийн нууцыг нээж тэнгэрийн дуу чимээ, аянга цахилгааны аюулыг “тэнгэр буух” гэдэг эерүү үгээр аргадан холдуулж, аргалан цээрлэдэг байсан сайхан ёс Ц.Чимиддоржийн шүлгэнд цагаан цаасан дээр хар мөрөөр хадагдан үлдсэн нь таашаалтай.
Энэ мэтээс жишээлэн дүгнэхэд Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Чимиддоржийн шүлэг бүтээл нь бичгийн болон аман уламжлалт монгол найргийн хөрс суурин дээр шинэ үеийн уран зохиолын дэвшилтэт санаануудыг бүтээлчээр тусгаж монгол яруу найргийн өв их санд өөрийн тод мөрийг үлдээж чадсан юм.
Ц.Чимиддоржийн яруу найраг-уламжлал шинэчлэл | ||
Үзсэн: 4767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.