Шууд Chart

С.Бямбацогт: Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх боломжгүй

2015-05-05 14:53:08

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ. Дэмжихгүй байх учир шалтгааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дараах үндэслэлээр тайлбарлав. Нэгдүгээрт, 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд олон суудалтай болсон АН-д сонгуульд дэвшүүлсэн "Улс шиг хөгжүүлье, хүн шиг амьдруулъя" уриатай мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Аливаа ажлыг бодлоготой, тооцоо судалгаатай хийх ёстой. Монгол гэр барих гэж байгаа бол нэг тоонотой, 80 уньтай, зургаан ханатай, нэг хаалгатай байх учиртай. Гэтэл эрх баригчид хоёр хаалгатай, 20 уньтай, хоёр тоонотой гэр барих гэж ямар ч бодлогогүй зүтгээд байвал ажил үр дүнд хүрэхгүй, бүтэхгүй гэдгийг МАН-ын бүлгээс байдлыг удаа дараа сануулж ирсэн.

Сүүлийн хоёр жил шинэчлэлийн Засгийн газрын явуулсан алдаатай, тооцоо судалгаагүй бодлогын улмаас нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн. Макро эдийн үзүүлэлтүүд унасан, ажилгүйдэл нэмэгдсэн, валютын ханш өссөн, татварын орлого 1-1.3 их наяд төгрөгөөр тасарсан. Эдийн засгийг хямралд хүргэсний хариуцлагыг хүлээж огцорсон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ямар ч боломжгүй.
 
Хоёрдугаарт, өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 56 хувьтай гэж дүгнэж байгаа ч бодит байдал дээр мөрийн хөтөлбөрт тусгасан олон заалт хэрэгжээгүй. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ гэсэн ч өнөөг хүртэл биелэгдэхгүй байна. Бодит байдал дээр бараа бүтээгдэхүүний үнэ 20-80 хувиар өссөн ч цалин 8-10 хувиар л нэмэгдсэн. Зээлийн хүүг бууруулж нэг орон тоонд оруулах, ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь шатны шинэчлэл хийх гэх мэт баялаг бүтээгчид, ард иргэдэд хэрэгтэй олон заалт хэрэгжээгүй. Татварын орлого сүүлийн хоёр жил 1-1.3 их наядаар тасарсан. Үүнийг дагаад татварын хяналт шалгалт, дарамт нэмэгдэж, акт дөрөв дахин, торгууль зургаа дахин өссөн. Бүртгэлтэй 51 мянган аж ахуйн нэгжийн 24 мянга нь л үйл ажиллагаа явуулж байна. Үүний 11200 нь татварын хяналт шалгалтад өртөж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Ийм байдалтай байхад өмнөх Засгийн газрын хэрэгжилт муутай мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх ямар ч боломжгүй.
 
Гуравдугаарт, АН нь шийдлийн Засгийн газарт МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө боловсруулж, улс орноо бодлоготой хөгжүүлэх дунд хугацааны баримт бичгийг батална гэж тусгасан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хямралыг даван туулах, уналтыг зогсоох хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах явцад өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ярьж байгааг дэмжихгүй. Нэгэнт хоёр нам гэрээ байгуулж засаг хамтарч ажиллаж байгаа тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой, үүний тулд гэрээний заалтыг хэрэгжүүлэх шаардлагыг тавьж ажиллана гэдгээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.
 

 

 
 

С.Бямбацогт: Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх боломжгүй  
Үзсэн: 1531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй