
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.08/ Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.
УИХ-ын дарга З.Энхболд Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “70 жилийн өмнө дэлхийн түүхэнд хамгийн аймшигтай, хамгийн олон сая хүний амийг авч одсон Аугаа Эх орны дайн зөвлөлтийн ард түмний гайхамшигт ялалтаар дууссан билээ. Энэхүү аймшигт дайныг Монголын ард түмэн хөндлөнгөөс ажиглан суугаагүй. Дайны эхний өдрүүдээс дуусан дуустал БНМАУ-д “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” хэмээх уриан дор монголчууд бид зөвлөлтийн ард түмэнд байгаа бүх хүчээ дайчлан оюун санаа, эд хөрөнгө, санхүүгийн туслалцааг сэтгэл харамгүй үзүүлж байсан” гэлээ. Түүнчлэн энх тунх амьдралын төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан фронтод баатарлаг гавъяа байгуулсан ахмад дайчид, ар талын хүнд хэцүүг үүрч гарсан ахмадуудад чин сэтгэлийн гүн хүндэтгэл илэрхийлээд, “Бидний найрамдал, хамтын ажиллагаа үеийн үед хөгжин бадартугай” хэмээн ерөөлөө.
Мөн тэрээр энэ үеэр ОХУ-ын Элчин сайдын яаманд дайны эхний өдрүүдэд Монгол Улс фашизмын эсрэг зөвлөлтийн ард түмэнтэй мөр зэрэгцэн тэмцэнэ гэдгээ тунхагласан баримтын хуулбарыг дурсгав.
Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, ахмад дайчид болон хүндэт зочид төлөөлөгчид оролцсон юм.
УИХ-ын дарга З.Энхболд Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.