Шууд Chart

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2015-05-14 13:17:47

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форумаас өнөөдөр Төрийн ордонд Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион явууллаа. Эрүүгийн байцаан шийтгэх тухай анхны хууль 1926 онд Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нэртэй батлагдаж, 1929, 1935 онд Аливаа хэргийг хэрхэн шийтгэх ба байцаах хууль, 1949, 1963 онд  БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус тус батлан мөрдөж байсан. 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 1994 онд зарчмын шинжтэй нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан нь шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэх нөхцөл болсон бөгөөд 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баталж байжээ.

Энэ үеэр Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийлээ. Тэрээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийн төлөв байдлын талаар гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийсний үр дүнд санал дүгнэлтүүдээ гаргасан. Мөн орчин цагийн нийтлэг чиг хандлагыг тодорхойлсон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, түүнд шударга ял шийтгэл онооход чиглэсэн тогтолцоо болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын чиг үүргийн хуваарилалтыг өөрчлөх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хэргийг зөвхөн байцаалтаар нотолж байгааг өөрчилж, бусад нотолгоогоор хэргийг батлах, эрх зүйн орчинг бий болгох, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтолцоо журмыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлсон” гэлээ.
 
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Эрүүгийн процессын дэлхий нийтийн түгээмэл хандлага” сэдэвт илтгэлийг олон улсын эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээний жишээнд тулгуурлан танилцуулав. Өнөөдрийн байдлаар 40 гаруй улс Эрүүгийн процессын хуулиа шинээр баталж, шинэ үзэл баримтлалаар боловсруулсан хуулийн төслөө янз бүрийн түвшинд хэлэлцэн боловсруулж байгаа юм байна. Хэрэг шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш байдал, хүний эрхэд халдсан, хязгаарласан ажиллагааг ил тод, шударгаар явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, хүнд сурталгүй, саадгүй явуулах, бодит үнэнийг тогтоох олон талын боломжийг эрэлхийлэх, мөрдөлтийг эрүү шүүлтээс ангид явуулах, хүүхдийгн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай процесс, хүний эрхийг хамгаалсан эрүүгийн процессын олон улсын хэм хэмжээг баримтлах нь эрх зүйн хөгжлийн ерөнхий хандлага болж байгааг тэрээр илтгэлийнхээ үеэр танилцуулав.
 
Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Хүний эрхийг хангах нөхцөл” сэдэвт илтгэл, Хууль зүйн доктор Б.Батзориг “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн өмнөх шат” сэдэвт илтгэл,  Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн шат” сэдэвт илтгэлүүдийг танилцуулсан юм.
 

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 1484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй