Шууд Chart

ГССҮТ, Тайванийн “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ сунгалаа

2025-06-04 09:45:13

Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ сарын 2-ны өдөр Тайванийн “Tri-Service” эмнэлгийн захирал Юн Хао Чиен болон дэд захирал Эн Мен, Гадаад харилцаа хариуцсан захирал Вэн Хуй Фан, Халдварт өвчин судлал, эрчимт эмчилгээний их эмч Лин Тэ Ю болон Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай Ю, дэд консул Жан Чиун Шиа нарын баг бүрэлдэхүүн зочиллоо.

Энэ хүрээнд тус төвийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Тайванийн “Tri-Service” эмнэлгийн захирал Юн Хао Чиен нар хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж, санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Хамтын ажиллагааны дагуу гэмтэл согогийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж, чадавхижуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн төслүүдийг хэрэгжүүлэх, гэмтлийн хамтарсан сургалтын төв байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахаар боллоо.

ГССҮТ болон Тайванийн “Tri-Service” эмнэлгийн хамтын ажиллагаа 2019 оноос эхтэй бөгөөд энэ хугацаанд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, харилцан солилцож ажиллуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг томоохон ажлуудыг өрнүүлж, нийт 27 эмч, мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулсан байна.

Мөн 2025 оноос тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг ГССҮТ-д зочин профессороор урьж, эмчилгээний дэвшилтэт арга технологиос суралцаж, мэдлэг туршлага солилцож байгаа аж.

Энэ удаагийн уулзалтын хүрээнд Тайванийн зочид төлөөлөгчид ГССҮТ-ийн салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 


ГССҮТ, Тайванийн “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ сунгалаа   
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй