
Майкрософт-ийг үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн тэрбумтны нэг Билл Гейтс хөрөнгийнхөө дийлэнх хувийг ирэх 20 жилийн туршид Африкийн хүн ардын эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулахад зарцуулахаа мэдэгдсэн байна. Өдгөө 69 настай тэрбумтан эрүүл мэнд, боловсролоор дамжуулж хүний боломж нөөцийг бүрэн нээж дайчилснаар Африкийн улс болгон хөгжин цэцэглэж чадна гэж ярьжээ.
Тэрээр Этиопийн Аддис-Абеба хотод Африкийн Холбооны төв байранд хийсэн энэ мэдэгдэлдээ, африкийн залуу шинийг санаачлагчдыг тивийнхээ эрүүл мэндийн системийг боловсронгуй болгоход ХОУ-ыг хэрхэн ашиглах талаар бодож сэтгэхийг уриалжээ. Тэрээр 2045 он гэхэд буюу сангийнх нь үйл ажиллагаа зогсох хүртэлх хугацаанд 200 тэрбумд хүрэх тооцоотой байгаа нийт хөрөнгийнхөө 99 хувийг хандивын үйлсэд зориулна гэдгээ өнгөрсөн сард зарлаж байсан. Тэгвэл энэ хөрөнгийнх нь ихэнх хувь нь Африкт тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэж, хүн ардад нь туслахад зориулагдана гэдгийг тэрээр өчигдөр Африкийн Холбооны байранд мэдэгдсэн байна.
Мозамбикийн тэргүүн хатагтай асан Грака Макел яг хүнд бэрх үед тусламжийн гараа сунгаж байгаа түүнд талархал илэрхийлжээ. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Америк нэгдүгээрт” бодлогынхоо хүрээнд Африкт олгодог тусламжаа танаснаар ХДХВ/ДОХ-той өвчтөнүүдийн эмчилгээ тасалдах, эрүүл мэндийн систем нь доголдох зэрэг олон бэрхшээл тулгарч байгаа. Билл Гейтс Африкт олон жилийн туршид ажиллаж байгаа өөрийнх нь сан эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сайжруулахад гол төвлөрөхөө мэдэгдсэн байна.
Энэ хүрээнд эх хүүхдийн дундах урьдчилан сэргийлж болдог өвчлөлийг таслан зогсоох, халдварт өвчинд зовж шаналахгүйгээр өсөж өндийх боломжийг шинэ үеийнхэнд олгох, сая сая хүнийг ядуурлаас гаргах 3 зорилтыг дэвшүүлж байгаагаа тэрээр мэдэгджээ. Үүний зэрэгцээ Билл Гейтс хөрөнгийнхөө 99 хувийг хандивласан ч өдгөө дэлхийн эхний 5-д багтдаг том хөрөнгөтөн тэрээр тэрбумтан хэвээрээ байна гэдгийг Блумберг тэмдэглэсэн байна. Тэрээр 1975 онд Пол Аллентай хамтран Майкрософт компаниа үүсгэн байгуулсан нь программ хангамж, бусад технологийн салбарт тэргүүлэх болсон.
Гейтс 2000 онд компанийн ерөнхий захирлаас, 2014 онд удирдах зөвлөлийн даргын албаа өгч компанийнхаа ажлаас алгуур холдох болсон. Тэрээр Уоррен Баффет болон бусад сайн үйлс эрхлэгч хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгөө бусдад түгээж хандивлах санаанаас урам зориг авснаа хэлж байжээ. Гэвч бас түүнийг сангийн үйл ажиллагааг шүүмжлэгчид, буяны үйлсийн нэрээр татвараас зайлсхийж, дэлхийн эрүүл мэндийн системд тэгш бус нөлөө үзүүлж байна гэж буруутгах байр суурь илэрхийлдэг гэдгийг BBC-ийн мэдээнд дурдсан байна.
Билл Гейтс 200 тэрбум хөрөнгийнхөө ихэнх хувийг Африкт зориулна | ||
Үзсэн: 426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.