Шууд Chart

Урь дагуулан ирэх усны шувуудын хөрөг

2015-05-15 10:50:16

Гангар гангар дуугаараа үүлс бужигнуулж, далиараа цэцэгс адислан сэрээж ирэх шувуудын ганганаанд даанч их хайртай би...

Удахгүй өндөр өндөр уулсын цасыг арчсаар, аргалын утаа цэнхэртэн суунаглах хот айлын тоонон дээгүүр аянч үүл мэт цувсаар усны шувууд ирнэ ээ...

Ээжийн минь дээлийн хормой шиг хошуураад дэвэн дэвэх тэр л шувуудын ай-д даан ч би хайртай. Хээр талд, хээр морьтой хүний дээгүүр, хээрийн галуу хэцэлсээр, хөнгөн далавчаа сормуус шиг чимээгүй дэвэн нисэх шувуудыг хөдөө гэрийнхээ үүдэнд зогсож хараад хөөрөх хүүхдийн сэтгэл гэгээхэн...

Наадамд явсан ааваасаа чихэр горьдож тэсэн ядан хүлээдэг хүүхэд шиг.... 

Нуур хүртэл шувуудаа хүлээж, хавартаа долгисоо дэлгэн угтана. Ай урин цагийн өнгө гэрэл усны шувуудтай зохицон нийлэх тэр агшинд би дуртай. Өвөгт тогоруун ганганаанд мөсөн доорх усан оргилон цалигах...

Лам ангирын чимээнд цасан доорх үндэс сэрэн соёолох....

Хөх Дэглийн дэвэлтээр модод зэрэг нахиалах... сөөсгөр хүү бүдчин бүдчин хөлд орох нь урин цаг шиг эхлэлтэй.

Хөх хөх долгисоо дэлгэн, салхи хэмээх зөөлөн уруулаа түчээ шувуудын магнайд хүргээд мэндлэн тосох гүн цэнхэр нуур ижий юм.... Бидэр бидэр жигүүрээ хумисаар ижий нуурандаа үнсүүлж үдлэх усны шувууд үр нь юм. Ээ эгшиг хөг нь дундрашгүй эгшиглэнт цэнхэр дэлхий минь ээ....

Эгшиглэн нэмэн нэмэх аяз зөөлөн шувууд минь. Төрсөн нуураа бараадаад үүрээ мэтгэн засах усны шувууд, нар зөв дугуйрсан ханан ширээ үүрэн дээ улаан хушуу өмөлзүүлэн шулганах гал шаргал дэгдээхэйд хачин их хайртай би... Удахгүй дээ...

Үлдэж хоцорсон тэмээний нулимс шиг тунгалаг нуур үрсээ цуглуулж, халуун бүлээрээ шуугин цэнгэлдэнэ. Явсан бүгд ирдгийн үнэнд....

Ирсэн бүгд буцдагийн үнэнд....

Ниссэн бүгд иргээд буудгийн үнэнд....

Буусан бүгд иргээд нисдэгийн үнэнд би итгэнэ...

Урин цаг өөрөө он тооллын эхлэл юм....

Усны шувууд өөрөө урин цагийн түчээ юм...

Урин хонгор улиралд би усны шувууд шиг хайртай... Удахгүй дээ....

Урин цагийн үүдийг нээх алтан түлхүүр зуугаад усны шувууд нисээд ирнэ.... Удахгүй......

Нийтэлсэн: Х.Дугарсүрэн

Урь дагуулан ирэх усны шувуудын хөрөг  
Үзсэн: 4145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй