Шууд Chart

Миний нутгийн аялгуу

2013-08-29 15:50:50

Алс алсын нутагт нь эр сувдан гэгэлзэнэ

Аав л юугаан сэрүүнд ахун сэтгэл бахтай

Элмэртэл намайгаа санагалзах эвий сэтгэлийн дуудлага
Ээж л юугаан сэрүүнд үр сэтгэл бахтай
(Өөрийн шүлгээс)
 
Сэтгэлд нэгэн гэгээн тэргэл аялгуу тунална. Талын хөх салхины илбэл зөөлөн сэрхэрээ шиг аясан аясан шуранхайлснаа үйлэнд уран ижийн минь зүү ороон мэтгэсэн аавын даалингийн хээ адил их л гоёмсог чамин торгон нугалаа гаргаж донжтойхон уянгалах тэр аялгуу цаанаа л нэг соёолон морь өвс хазлах мэт шувтарч татсан шударга бөлгөө. Зүрхэн дотогшоо сэнхэрэн анзаарваас чигч сэтгэлт, шударгуу ёст, итгэмхий цайлган, гэгээн аальт түмэн зонтой миний тал нутгийн аялгуу аж. Хэдүй хол сэрмүүн алсаас ч нутгийн минь аялгуу намайг ятган ийн эгшиглэсэн нь хоёр талтай ажгуу. - Нэг талаар манлай төгс цогт тэр нутгийн агаар салхиар амьсгалан, хөрс шороо, өвс цэцгэн дээр нь хөлд анх тэнцэж, ариг тунгалаг усаар нь умдалан, оргилон түрхэрэх их усан ундарга адил далай баялаг хэлээр нь хэлд анх орсныг сануулах, - Нөгөө талаар шувууд жиргэж эхлэх үеийн тэмдэгрэгч ягаан үүрээр нь цолмон од газар дэлхийд хамгийн ойр харагдах, өнгөн цаанаа халхын алдарт дархцуулын давтагдашгүй гайхамшигт ур хийцийг элэглэн сэмэлзсэн илбэ шидийн цэнхэр зэрэглээний орон хараа алдам сэлүүн тунгалаг тал нутаг, аав ижийгээ би дэндүү их санасных… Ийн сэтгэвээс соёмбо үсэг мэт өвсвэйн үүдсэн үзэсгэлэнгийн туйл тал нутаг минь ханьцашгүй буянт аав л ижий хоёрынхоо хайлан эрдэнийн ачлалыг санаж цаг тутам алгасалгүй хариулахын тухайд үйлийг хичээхийг сэнхэрүүлсэн болой. Ер эрдэнэт хүний биеийг олж төрнө гэдгийг “Зүүний үзүүрийг дээш хандуулж түүн дээр атга юнгар будаа цацах төдийд нэгэн ширхэг нь зүүний үзүүрт тогтохын энтэй ховор тохиол хэмээн “Авралыг одуулахын хөтөлбөр” судраас номлосон буй. Ийн ховор тохиолоос намайг хүмүүн болгож төрүүлсэн эгнэшгүй ачлалт хоёр буурлын минь сурган суясан нь цаглашгүй ээ. Аавын “Эр хүн удам судар өвөг дээдсээ эрхэмлэн дээдэлж ихсийн ариун голомтыг сэвтээлгүй нандигнан сахиваас цог хийморь төгс болж ажил амьдрал аандаа бүтдэг” хэмээн сургадаг нь хутагтын дөрвөн үнэн шиг чухаг үнэн болоод аливаа айл өрхийн тэргүүн хэдий чинээ цог заль төгс сортоо хийморьтой байна. Тэр айл төдий чинээ өнгөлөг өөдрөг байж голомтын гал нь улам төгөлдөр бадрангуй асдагийг хэн хүнгүй л мэднэ дээ. Бас удамт ихэс дээдсийнхээ голомтыг ариун сахиж чадалгүй тэдний нэр хүндийг гутааж, бус эмтэй самуурч, архинд шунамхайран, мөрийтэй цэнгэлийн мөн болж худал хуурмагийг өгүүлэн ухвар мөчид яваа хүн юмуу, алин бөгөөс эхнэрийнхээ энгээс үл хэтрэн гэрийн доторх аахар шаахар зүйл болон хог шороо, үнс тоостой хутгалдаж эрийн бус эмийн жаягийг барьсан эзэнтэй айлын гал голомт нэг л өнгө сэнсрий бүдэг бүрхэг сүүмэлзэж аж төрөхүй нь доройтон адаглаад л хараал хэрүүл салдаггүйг ч бас мэдэх л билээ. Энэ тухай: “Урамын дуугаар ирэгч буга гөрөөс Эмийнхээ үгэнд орогч эр хүн хоёр даанч тэнэг” хэмээн Бурхан багшийн билэг барамидын тухай номлосон “Билгийн чинад хязгаарт хүрэгсэн очироор огтлогч” нэрт зохиолын тус эрдэмийн тайлбарт өгүүлсэн нь ч бий. Аав нэгэнтээ “Миний өвгийг Авирмэд “Хүнд” гэдэг байсан юм. Тэрээр голомт залгах ганц хүүгээ тайж нарын Чогдон авхайд хайр сэтгэлтэй болсныг мэдээд хэтийн бэр болох үзэсгэлэнт залуу авхайг зориуд очиж шинжин “Миний хүүгийн хань болох гэж буй энэ залуу бүсгүй үргүй хүн байна. Би хүүгээ үүнтэй ханьлуулахгүй харин Мөнгөө зангийн гурван охины дундах нь таван сайхан үртэй хүн билээ. Түүнтэй хүүгээ ураг барилдуулна” хэмээн инж сүй тавьж их ёс төртэйгөөр бэрлүүлж авсан нь ганц нуган үрд нь гурван хүү хоёр охин таван хүүхэд төрүүлсний дөрөв дэх нь миний аав юм гэнэ лээ. Хожим нөгөө Чогдон авхай ер хүүхэд төрүүлээгүй үнэхээр үргүй хүн байсан юм гэдэг. Миний хүү ийм л билгийн мэлмийт ихэсийн удам шүү. Иймээс өвөг дээдсийн эрхэм алдарыг ямагт өндөрт өргөж яв” хэмээн өгүүлж билээ. Билгүүн тодорхой мэргэдийн зарлигласан “Хүний шинжийн судар” буйг бишгүй дээ нэг дуулж явсан би үүнийг сонсоод их Цагаан хэрэмний араарх төв азийн соёл иргэншилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн жаран жарны турших билгэ билгүүний оройн чандмань, тэвчиж авахыг сайтар эдэлсэн, төгс ухааны дээд явдалт олон арван эрдэмтэдийн нэгэн болох удамтайдаа омогшиж, нэгэн омогшихын хэрээр мөн удам судрынхаа уран тангарагыг сахих сэвтээшгүй нандин хариуцлагатайгаа ухаарсан юм. Үр нам юу даа эрхэмийн дээдээ соён гийгүүлэх миний аав нутаг хонхортоо гүн хүндэтгэлийг хүлээсэн уужуу ухааны тэнгэр бөгөөд алиа хошин үгээрээ ажлын бэрх цагийн саалтанд эвэршсэн ус нутгийн түмэн олны магнайн үрчлээг тэнийтэл баясгаж хүний хайрыг өөртөө татсан өргөн олонтой хүн бөлгөө. Аавд ер чадахгүй юм гэж үгүй. Юу л барина, түүнийгээ чаддаг, бүр хожим ухаан суусан цагтаа ч аливаа хүн ямарваа нэг юмыг хийж чадахгүй байхад нь би их гайхдаг байж билээ. Энэ ч бүр хар багаасаа л мэдээ томоо орж санаа суух хүртлээ юм бүхнийг чаддаг хүний дэргэд өсөн торнисных биз. Аавын энэ содон тэргэл гайхамшигт сэтгэлийн бахтай, санаа тайван амьдардаг цэцэгсийн үзэсгэлэнт ижийнхээ хорин нэгэн дээр нь би төрж тэр их сүүн мөрний ангир уургаар амлан уянгын эрхис болсон бүүвэйн дууны аялгуунаас гүн ухаарлыг олж өдий зэрэгтэй хүмүүн болж яваа билээ. - Миний ижий ийм л агуу ачтан аа. Эхийн ачлалын талаар Номын хаан цорж Бизъяа ринбүүчийн зохиосон “Бодь мөрийн зэрэг амар мөрийн үг утгасын зүрхэн чихний үндэслэл увдисын чухал шим” хэмээх сударт “Эн тэргүүнд хэвлийдээ хайрлан тэтгээд нярайлах цагт зөөлөн хучлагаар ороож арван хурууны дээр саатуулан биеийн дулаан илчэнд тэврээд энэрэн мөшмэлэзхүй царайгаар авч, баясахуй сайхан нүдээр үзэн, нусыг минь амаар арилгаад, ариун бусыг гараар арчин, эх өөрийн аминд хүрэх зовлонгоос илүү хөвүүн нь өчүүхэн өвдөхөд үлэмж зовних ба хилэнц, зовлон муушаал гурвыг хайхралгүй, ядаж чилж олсон эд идээг надад өгөөд, өөрийн аль чадлаар тус жаргаланг бүтээгээд, хорлол хийгээд зовлон бүхнээс аварсны тул цаглашгүй ачтай” гэж өгүүлсэн нь ижийдээ цэцэгсийн шүүдрийг түүн хуримтлуулж шүүдрийн усаар цай чанан бариваас зөвхөн нэг шөнө өндийн хөхүүлснийх нь ачийг хариулдаг хэмээгсэн мэргэн ардын үгтэй нэгэн айгаар утга дүйх ажээ. Ийн ачит ижий минь хөвүүн наддаа “Хүнд сайн санаж тус үйлийг бүтээж яв. Өчүүхэн төдий мууг санавал муугийн үрийг хорвоо амсуулдаг юм” гэж дагтан сургадаг эгүүнийг би их л сүүлд дээд сургууль төгсөн буддын гүн ухааны далай чандмань баялагаас өөрийн шанаганы хэрээр утгаж авсныхаа дараа л оюуны савыг уйтан явцуугаас хагацуулах үйлийн үрийг сайтар номлосон цаглашгүй яруу тодорхой сургааль болохыг нь сая ухаарч нэн өчүүхэн оюут болохоо мэдрэн өөрийгөө ихэд чамлаж билээ. Харин энэ эрдэнэт сургаалийг гүн дэлгэрэнгүй ухаарсан цагаасаа хойш үйлийн хаягдал өнө холын тул үлэмж жаргал зовлон үүнээс хойногши болохыг үргэлж санах болсон доо. Нэгэн удаа ижий минь “бамбай булчирхайн хордлого” өвчнөөр өвдөж эмчлүүлэхээр хотод ирэх тэр үест “Галабингаан яруу дуун” хэмээх шашин номын гайхалтай сайхан арга хэмжээ болж тохиосон юм. Хар шар үй олон цугалсан тэр гэгээн ёслолын хоймор сэнтийд Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба, Дашчойлин хийдийн хамба, Манба дацангийн хамба, Дэчинчойнхорлин хийдийн хамба тав заларсан нь бурхад нэгэн дор чуулсан элбэг таарахгүй торгон агшин байсан юм. Би ижийгээ хөтлөн тэр гэгээн бурхадаас адис авхуулахад нэн ихээр наминчилан сүсэглэж баярлаагүйгээрээ баярлсан төдийгүй даан удалгүй шаналгаат өвчин нь алгуурлан ажирсан нь гүн биширлийнх нь ач ажгуу. Ер “сүсэг бишрэлгүй хүнд буяны ариун цагаан ном төрөх нь үгүй” гэж бурханы шашны Гэлүгвагийн ёсыг үндэслэгч илт туулсан гэгээн богд Зонхова айлдсан байдаг. Миний ижий тийм чин сүжигт буюу. Ээжийн минь ур сэтгэлээ шингээж хийсэн дээлийн энгэр тасмыг имэрч үздэггүй хүн бараг байгаагүй. Тийм чамин хээнцэр эмждэг байсан. Одоо л харин ойрын хараа нь жаахан муудаад үйл үртэс нэг их хийхгүй байгаа болохоос биш үйлэнд урнаараа нэгэн үе гайхагдаж явсан Удамбор цэцэг мэт нэн ховор нинж сэтгэл хайр энэрлийн далай билээ. Чухам яагаад Удамбор цэцэг мэт ховор хэмээгсэн үүнийг “Хиргүй шил эрих” судраас “Удамборын цэцэг хэмээгч нь Энэтхэгийн Очирт суурийн ууланд ургадаг бөлгөө. Түүний шалтгаан болвоос хан хурмаст тэнгэрийн Амгалан тэтгэгч хатан хамаг амьтны тусын тулд биеэ угаасан ус нь мөн чанар суурьт найман гишүү төгөлдөр далай болон тогтоод түүний төв дундаас ургадаг бөлгөө. Эртний Гашиб бурханы үед шар өнгөтэй, Эдүгээ Шигэмуни бурханы үед цагаан өнгтэй, ирээдүй Майдар бурханы үед улаан өнгөтэй болох бөлгөө” хэмээн номлосонтой адилтган зүйрлэсэн би бээр ийм л хүний сайхан чанар болох төв шударга, чин итгэлт, элбэрэл журамт, ариун сайхан сэтгэлтэй аав л ижий хоёртой, унаган балчир наснаасаа унаж босож өссөн улингар зөөлөн хөрст уудам тэргэл тал нутагтай хүн дээ. Загас усандаа жаргалтайн адил талын хүн талдаа жаргалтай амой. Жаргалтайн дэлгэр тал нутагтаа эсэн энх түвшин жаргалтай аж төрөн буй аав л ижий хоёр минь эх нутгийн хүйн цэнхэр салхиар ухаарал сэнхэрлийн уянгатай амар мэндийн аялгуу илгээсэн нь энэн буюу. Тиймээ миний тал нутгийн нуурсан цагаан аялгуунаас л аавын минь аргадаж зэмлэсэн аяс, ээжийн минь учирлаж эвийлсэн эгшиг тоорог татан сацрангуйлж сэтгэлийн алганд баригдмуй. Эгшиг аялгуу тунарсан энэ хэлбэрэлт ертөмцийн жам ёсон магад үгүйн үнэнд л дээд богд мэргэд нар эцэг эхийн ачийг оройдоо залан санаж цаг алгасалгүй хариулахын тулд хичээдэг сайн цадигийн хойноос наминчлан дагахыг эрс шамдму би.
 
 Цаглашгүй ачлалт хоёр буурлыг минь
Чадагчийн эрхэт Очирдар адислан соёрх оо.
 
Өлзий хутаг орших болтугай.
 
 
2005 оны 7 сарын 4 эхлэж 2005 оны 7 сарын 7-ны өглөөний 5 цагт өндөрлөв. Япон улсын Сэндай хот Аоба дүүрэг Санжоу хэсэгт
Нийтэлсэн: П.Нямлхагва

Миний нутгийн аялгуу  
Үзсэн: 4198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй