Шууд Chart

Монгол Улсад ердөө 22 мазаалай үлдсэн гэв

2015-05-29 10:54:08

БОНХАЖЯ болон Мобиком Корпораци дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах "Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг  БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нар үйлдсэн юм. Энэхүү санамж бичиг нь ирэх зургаадугаар сарын нэгнээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байх юм.

Арга хэмжээний үеэр Дэвид Холлидэй “Үндэсний өв соёлоо хайрлан, хамгаалах нь Мобикомын үндсэн үйл ажиллагааны нэг бөгөөд Монгол Улсын хувьд ховор нандин энэхүү амьтныг хамгаалахын төлөө бид чадах бүхнээ хийнэ” гэлээ. Зөвхөн Монголын говь цөл нутагт идээшин амьдардаг мазаалайг судлах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Мобиком Корпораци харилцаа холбооны дэвшилтэд технологийн дэмжлэгийг үзүүлэх болно. Тухайлбал, алсаас мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар судлаачид цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан гадаргын усны нөөц бууралттай холбоотойгоор баавгайн дуртай шүүслэг гишүүнэ ургамлын нөөцөд үзүүлж буй нөлөө зэрэг баавгайд нөлөөлөх байгаль орчны аюулыг тодорхойлох боломжтой болох юм.
 
“Үндэсний Бахархал Мазаалай” ТББ-ын судлаачдын хэлснээр“Байгаль хамгаалагчдын үзэж буйгаар тал нутагт ердөө л 22 мазаалай үлдсэн бөгөөд зөвхөн Монголын цөл нутагт орших, дэлхийд цорын ганц энэхүү баавгайг хамгаалах ажлыг одоо л эхлүүлэхгүй бол хэтэрхий хожимдох болно” гэжээ.
 
Иймд улс даяар энэхүү нэн ховор мазаалайг хамгаалах ажлыг Монгол Улсын харилцаа холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпорациас ивээн тэтгэж буй “ICT Expo 2015” үзэсгэлэнгээр эхлүүлсэн юм.
 

Монгол Улсад ердөө 22 мазаалай үлдсэн гэв  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй