Шууд Chart

Халхын их аварга Д.Хадбаатарын дуулал

2015-07-12 11:48:56

 /Таталбар/

Намуухан сэвшээ сэвэлзэж байснаа хөх тэнгэрийн хаяанаас зузаан, зузаан үүлс зуун жилийн тэртээх шиг ээ нүүж ирлээ. Борооны ийм үүлсийг мөрөөдөн байсан Монголын их хөдөө нутаг уулсаа улам өргөж, талаа улам тэнийлгэх шиг санагдана. Угтаалцайдам нутаг бороошлоо. Адуундаа явсан эр суналзсан уургаа барьсаар, нэгэн төгс сайхан биетэй хээр морин дээр хатируулан гэртээ ирлээ. Ханхар цээжтэй хангайн буга шиг энэ эрийг Давгацэрэн гэнэ. Олон түмэндээ гэмгүй, цагаан цайлган сэтгэлтэй, хүнд туслахаас илүү сайхан зүйл нэгээхэн ч үгүй хэмээн сэтгэж явдаг түүний гэргий гэтэл өнөө, маргаашгүй амаржих болчихсон хуучны хөгшчүүлийн хэлдгээр тэнгэр шиг гэдэстэй, аргалаа бүтээж явна. Давгацэрэн уяан дээр бууж, олом, жирмээ султгаад, гөлмөө шууж орхин, гэр рүүгээ алхлаа. Алсаас бороо шуугиад ирж байх нь нэг л сайхан.
    Энэ хоёр хүмүүн болбоос орчлонгийн зовлон, жаргалаас амсаж эдэлж, яваа улс. Хөөрхий өмнө нь хоёр ч хүүхэд заяасан боловч хүн болох тавилангүй байсан тул хүүхдийн мөрөөдөл хүний зүдгүүрийг юутай зүйрлэх. Харин энэ л эхийнхээ хэвлийдээ зүүдлэн байгаа үрээ л горьдож, дээд тэнгэртэй залбирах. Бороо эхлээд овоо том, том ширхэгтэй байснаа нарийсч, намуухан шивэрч эхэллээ. Монголчууд ийм бороог цагаан бороо гэдэг дээ. Тулгар биетэй Бужгар хоол цайг зэхэж суугаад, тулганаас эргэнэг рүү эргэснээ гэнэт “Ёо” хэмээн сөхөрчихлөө. Давгацэрэн ухасхийж, гэргийгээ түшин, гэрийн зүүн талын хуучин модон орон дээр хэвтүүллээ. Артолгойн ар өврөөр бороо шивэрсээр. Цайран намирах энэ бороон дундуур тэр ирсэн юм. Энэ бол 1951 оны долоодугаар сарын 4-ний билэгт сайн өдөр болой.


    Хүүг Хадбаатар хэмээн нэрлэсэн нь санаандгүй хэрэг огт биш. Үрийн хагацал гэдэг үнэн хүнд зовлонг үүрсэн ээжий, аав гурав дахь хүүхдээ хад шиг бат бөх, нөмөр түшигтэй нэгэн болоосой хэмээсэн тул ийн нэрлэжээ. Хадбаатарын бага нас малчны хүүхдийнх. Гэхдээ тэр үеийн жаалуудаас үлэмж том биетэй байлаа. Гурван настай байхдаа л зургаан настай хүүхэд шиг үзэгдэх түүнийг үеийнхэн нь “лоолой” мэтээр хочлон дуудна. Хадаа тэглээ гээд уйлж, өнхрөөд байхгүй. Давгацэрэн гуай нүдний цэцгий шиг хайртай хүүгээ ёстой нэг эрхлүүлсэн шиг эрхлүүлж, өсгөсөн шиг өсгөнө. Хадаа гэвч хачин гэнэн хүүхэд байв. Тэр тийм биетэй атлаа хүүхэд зодож байсан нь даан ч үгүй. Харин жаахан жаалуудаар шоглуулчихаад дүрлэн алаг нүднээсээ том, том нулимс унаган уйлж зогссон нь олонтаа. Давгацэрэн гуай уг нь Морин заводын дарга хүн. Гэхдээ тэр жирийн адуучин шиг хатирч явах нь олон. Түүний даргалдаг морин заводад монгол морины чанарыг сайжруулах ажил нэлээдгүй хийгдсэн юм. 1959 он боллоо. Хадбаатар хүү наймхан настай атлаа үлэмж том хөвгүүн болчихсон, Угтаалцайдмынхаа сургуулийн нэгдүгээр ангид орлоо. Хүү барилдаж, ноцолдох дуртай. Гэвч түүний хоёр гаранд насандаа баймгүй бяр тэнхээ нуугдах ч хөл нь яг л алаг даахайнх шиг. Хөл муутай болохоор үеийн жаалууд нь Хадбаатарыг өлхөн хаячихна. Гэвч Хадаа босч ирээд дахин барилдана. Уг нь бөх хүний хөл майга байх ёстой юм. Гэтэл Хадбаатар хүүгийнх сайрагдуу. Тийм болохоор тогтвор муутай байх нь аргагүй. Он жил улиран өнгөрсөөр Хадаа ч өсч өндийсөөр... 1967 онд Хадбаатар хүү 7 дугаар ангийн сурагч болчихсон, улаан бүчтэй үлэмж биетэй амьтан тоглож, наадаад гүйж байх үед хотоос ээж Бужгарынх нь төрсөн дүү Монгол Улсын Гавьяат Тамирчин, Ази тивийн аварга, хөнгөн атлетикийн спортын мастер Намжилмаа нь ирлээ. Намжилмаа гуай Хадбаатар хүүг хараад баахан билэгшээж, дотроо баярлаж байв. Ийм сайхан бие бялдартай, хүч тэнхээтэй хүү энэ алс газар дэмий суугаад юу хийнэ. Түүний оронд хот орж, их спортод зүтгэвэл машид төгөлдөр болох тухай тэр ухаант эмэгтэй эргэцүүлж амжив. Чингээд Намжилмаа буцахдаа Хадбаатарыг аваад явлаа.
    Хот хүрээнд ирсэн хөдөөний хүүгийн нүд, чих хоёр онгойлгүй яахав. Хадаа тэр үедээ Азийн цагаан дагина байсан Улаанбаатар хоттой танилцаж, энэ тэрийг сонирхон явна. Нэг жил өнгөрөхөд Хадбаатар ердөө 16-хан настай атлаа улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин, Найдан багшийн шавь болчихсон байлаа. Зээрэнцэг шидэх, бөөрөнцөг түлхэх бол түүний хийх ёстой гол ажил. Хадаа шидсэн шиг шидэж, түлхсэн шиг түлхэж байлаа. Хүнд хүчир дасгал сургуулилтын зэрэгцээ тэр оройн сургуульд сурч, аравдугаар ангиа төгсчихлөө. Маанагдуу ч юм шиг мөртлөө хачин сайхан сэтгэлтэй, үргэлж инээж явдаг залуу хүүд анд нөхөд нь хайртай. Хадаа ч хүмүүсийг хайрлана гэж халгина. Аравдугаар ангиа төгссөн, улсын шигшээ багийн тамирчин Хадбаатарт цэргийн зарлан ирлээ. Энэ тухай багш, гэр бүлийнхэн нь мэдсэн тул Хадаад улсын шигшээ багийн тамирчин гэдэг тодорхойлолт хийж өгөв. Улсын шигшээ багийн тамирчин хүн цэрэгт явж, цаг алдах ёсгүй. Түүний оронд бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж, амжилтаа ахиулах нь зөв байлаа. Гэтэл Хадаа тэгсэнгүй. Нөгөөх тодорхойлолтоо нуусаар, эрүүл мэндийн үзлэгээр орж, ногоон гэрлээр тэнцээд армийн байлдагч боллоо. Гурван жилийн цэрэг, тэр дундаа 70-аад оны арми гэдэг чинь хүнийг ёстой нэг чангалж чаддаг, басхүү жавхайлгаж чаддаг байсан үе. Тэгтэл байлдагч Хадбаатарт таарах гутал олдсонгүй. Аргаа барсан хангамжийн дарга “За хүү минь, наад өмсч ирсэн гуталтайгаа л жагсаад байж дээ” гэчихэв. Шинэ цэргүүд оройн тоонд, шингэж байгаа нарны шингэн шаргал туяанд алхаж байхад Хадаа жагсаалын түрүүнд Зөвлөлтийн далбайсан том шаахай өмсчихсөн үзэж тарж байлаа. Тийн цэргүүд крантинд байж байтал “Алдар” нийгэмлэгээс тамирчин шалгаруулж авахаар хүмүүс ирэв. Тэд шинэ цэргүүдийг удтал шалгатал аргагүй байлдагч Хадбаатар тэнцлээ.
    Шинэ цэрэг байна гэдэг амаргүй. Халуудтай учир зүйгээ олно, халуунд хална, хүйтэнд хөрнө.  Хал үзнэ, халуун чулуу долооно, хаврын салхинд гандана. 1971 оны зургаадугаар сарын 1-нд “Алдар” нийгэмлэг  зуны үйл ажиллагааныхаа нээлт болгож үндэсний бөхийн барилдаан зохион байгуулав. Жаахан хал үзсэн байлдагч Хадбаатар багш, дэд хурандаа Дашид энэ наадамд барилдмаар  байгаагаа хэллээ. Даш байлдагч Хадбаатар овоо бөх болж мэдэх юм гэсэн найдлагатай шинэхэн шавиа дагуулсаар наадмын бөхийн бүртгэлд оруулчихлаа.


Зүлэг ногоон дэвжээн дээр хорьдугаар зууны сүүлийн хагасын их хүчтэнүүд зодоглож, харахад сүр бараа, эр бяр мөн ч төгс. Хадаа нэгийн даваанд улсын заан Адъяаг давж, хоёрын даваанд улсын заан Барамсайг өвдөг шороодуулав. Наадамчин олон шуугиад явчихлаа. Ардын армийн шинэхэн байлдагч Хадбаатар улсын хүчит заануудыг удаа дараалуулан өвдөг шороодуулсан нь ёстой хэний ч санаагүй явдал болов. Гурвын даваанд хэнийг ч хаяж мэдэх залуу бөх Хадбаатарыг дархан аварга Баянмөнх амлаж давлаа. Аваргад өвдөг шороодсон ч энэ залуу удахгүй халхын дэвжээн дээр ханалзах вий гэсэн бодол наадамчин олны зүрх сэтгэл дотор эргэлдэнэ. Хадаа хүүхэд ахуйдаа хөл муутай байсан гэдгийг  бид мэдэх болсон. Гэсэн ч “Алдар” нийгэмлэгийн тамирчин, Ардын армийн 013 дугаар ангийн байлдагч тэрбээр Дархан аварга Цэрэнтогтох, улсын заан Ишгэн, Гочоосүрэн, Цэнд-Аюуш, улсын начин Цэрэндаш нартай уйгагүй ноцолдсоны үр дүнд зангирч, чангарчээ. Халхын их аварга Хадбаатар энэ үедээ 180 гаруй см өндөр, 110 кг жинтэй байсан тухай зарим судлаач бичжээ.
    Залуу бөх Хадбаатарын хамгийн анхны зодог шуудгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Даваахүү оёж өгсөн гэдэг. Хүлэг морин эрдэнийн уяа сойлгийг хэрхэн тааруулж, жигүүртэн болгох эрдэмд нэгэн төгөлдөр суралцсан энэ эрхэм хүмүүн ирэх он жилүүдийн домогт бөхийн зодгийг тийн урлаж суухдаа юуг эргэцүүлж байсан бол гэдэг нь мөн ч сонин, сайхан зүйл.
1972 онд Давгацэрэнгийн Хадбаатар  47 метр 29 см бөөрөнцөг шидэж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод, дараа нь 13 метр 92 см бөөрөнцөг түлхэж мөн л дээд амжилтыг эвдчихлээ. Төдөлгүй улсын наадамд зодоглосон Хадбаатар учраа бөхчүүдээрээ Монгол наадмын зүлэг ногоон дэвжээг шилбүүрдсээр тавын давааны өмнө ирлээ. Начны даваа чинь угаас чанга, аавын хүүгийн эр бяр, цог золбоог шалгасан зүйл. Тэгтэл Хадбаатарыг улсын арслан Чойжилсүрэн амлаж авав. Төв цэнгэлдэх хүрээлэнд хуран чуулсан наадамчин олон Хадбаатарыг харж, эд хав, эр бяр нь жагсаж яваа түүгээр бахархан, ам амандаа хэлэлцэнэ. Чойжилсүрэн арслан, Хадбаатар хоёрын барилдаан Монгол бөхийн ховор сайхан үзэгдэл болсон юм. Чойжилсүрэн арслан залуу хүчтэнд өвдөг шороодчихоод буцаж ирэхдээ толгой сэгсэрч байлаа. Хадбаатар Монгол Улсын начин цолны болзлыг хангав. Тэвхийсэн, бүр нэг ямар ч ачаа ачсан ажигч үгүй хүдэр чийрэг хөлөн дээрээ таатай гэгч нь алхах, тэгээд тэнгэрийн хаяаг зорих ширээ хүрэн ат шиг начин Ардын хувьсгалын 51 жилийн ойн их баяр цэнгэл наадмын алтан соёмбот төрийн далбаагаа тойроод дэвж явлаа. 
    1974 оны улсын их баяр наадмын өмнө бөхчүүд бэлтгэлд гарлаа. Хадбаатар начин Дархан аварга Мөнхбатын шавь болчихсон, Мөөеө аварга нутгийнхаа ирээдүйтэй залуу начинд бөхийн эрдэм зааж байв. Хадбаатарын эр чадал гэдэг хангайн уул шиг болжээ. Газрын дээрээс дайрахдаа тэр залуухан моддыг үндсээр нь булга татаж орхиод, 200 литрын устай торхыг ганцаараа зөөх. Наадмын бэлтгэл хийж байгаа бусад бөхчүүд түүний гараас барина гэж үгүй. Хадаа сэгсрээд л хаячихна. Монголын ард түмний хайртай бөх, аат хэмээх дархан аварга Мөнхбат Хадбаатарын тухай хэлэхдээ “Хадбаатар начин гурвын давааг л давчих юм бол энэ наадам түүнийг байхыг үгүйсгэхгүй” гэв. Хадаагийн бие задарчихсан, өөрийн эрхгүй эр бяр нь амтагдаад байх.
Ардын хувьсгалын яруу алдарт 53 жилийн ойн их баяр цэнгэл наадам улсын нийслэл Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхлэв ээ. Идэр залуу 23 настай Монгол Улсын начин Хадбаатар нэг, хоёрын даваанд учраа бөхчүүдээ зовлонгүй өвдөг шороодуулаад гурвын даваанд ам авлаа. Ханхайсан улсын начинг гарын даа нар дээр очиж ам авахад цэрэг голдуу бөхчүүд байх. Хад харин Архангайн Шинжээ, Дорноговийн бүдүүн Одсүрэн хоёрын аль нэгийг авахаар шийдлээ. Чингээд Архангайн Шинжээг амлан авч, өрж эхлэв. Наадамчин олон данагар начингаа давна гэж байтал Архангайн Шинжээ Хадааг хазайлгаж чадсанаар барахгүй, хаяж орхилоо. Төв цэнгэлдэх хүрээлэн шуугиад явчихлаа. Хадаа инээсээр босч ирээд тахимаа өгчихөөд яваад өгөв. Мөөеө аварга түүнийг нэлээдгүй зэмлэсэн нь тодорхой. Ингэж Халхын их аварга Хадбаатар анх удаа том алдсан юм. Хүч нь дэндсэн хүмүүс заримдаа ийм алдаа гаргасан тохиолдол нэлээдгүй. Гэхдээ тэд дандаа алдаан дээрээсээ суралцаж чадсан байдаг.
    1975 он. 24 настай, алдаж үзсэн, Хадбаатар алдаагаа засах ёстой байлаа. Ардын хувьсгалын түүхт 54 жилийн ойн их баяр цэнгэл наадамд Хадбаатар начин тавын даваанд Увс аймгийн харьяат Улсын начин Мөнгөнийг хаяж, зургаагийн даваанд Говь-Алтай аймгийн харьяат улсын начин Цэрэндаштай тунаж барилдан даваад, долоогийн даваанд Өвөрхангай аймгийн уугуул улсын начин Долгорсүрэнг өвдөг шороодуулан Монгол Улсын заан цолны болзлыг хангалаа. Төв цэнгэлдэх даяар шуугина.

Энэ оны наймдугаар сард мөн ч тоогүй зүйл болсныг тэр үеийн бөх сонирхогч, бөхөд хайртай хүмүүс цөм мэднэ. Монгол Улсын заан Хадбаатар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гадаадын иргэнд гар хүрэв. Энэ зүйлийг угтаа үнэн гэхэд хэцүү юм. Хадбаатарт байдаг байсан олон сайхан чанаруудын нэг нь хүүхэд шиг гэнэн сэтгэл. Уул шиг биетэй атлаа арван хэдхэн настай хүүхэд шиг сэтгэлтэй түүнийг ашиглах, хорлох хүмүүс нэг биш байсныг энд дурдах хэрэгтэй. Хадаа ер нь хүн л дагаж явдаг байлаа. Анд нөхөд нь түүнээс “Чи наад дагаж яваа хүнээ таних юм уу?” гэж асуухад Хадбаатар “Үгүй танихгүй, энэ л намайг танидаг юм байна” гэчихсэн явж байх. Элдэв улс түүнийг дагуулан цэрэг, цагдаа, их сургуульд хүүхэд оруулах, том, жижиг дарга нараас өөрт ашигтай зүйлийг салгах ажлыг хийж явсан. Хадаа тэр бүрийг мэдэхгүй зүгээр л инээгээд хамт явсан. Зарим нэг мунхаг хүмүүс Хадбаатарын нүүрээр нүүр, нэрээр нэр хийж байсан.
    Хорхойд хоргүй халхын сайхан эр, Монгол Улсын заан Хадбаатар хүний тарчлаан шингэсэн шоронгийн хүйтэн өрөөнд гуниглан сууна. Ханан дээгүүр урд өмнө нь энд хоригдогсод нэрээ, бас эрх чөлөөг мөрөөдсөн үгээ бичжээ. Хадаа тэр бүгдийг уншчихсан. Харин өөрийнхөө нэр хийгээд, чин сэтгэлийн үгээ тэр ийм газар бичиж орхихыг хүссэнгүй. Ногоон малгайтай хуягууд хорих өрөөнүүдийн голоор тахтай гутлаар тас тасхийн алхах нь чихэнд юутай чийртэй хийгээд, заримдаа цөхөрсөн хоригдогсод дуу алдах нь мөн ч хэцүү. Хадбаатар бодож суулаа. Тэр уудам цэлгэр хөдөө нутгаа, ээжий аавыгаа, Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ санаж, том алаг нүдээ арчиж суулаа. Жил гаруй хоригдох ял авсан гэх боловч Хадбаатар найман сар суугаад хатуу газраас гарсан гэдэг. Тэр нартай өдөр 1976 оны 4 дүгээр сард тохиосон бололтой.
Ардын хувьсгалын 55 жилийн ойн их баяр цэнгэл наадам ойртлоо. Хадбаатар Алдарт Бээжин аварга, Чойжилсүрэн, Жамц арслан, Өвгөнхүү начин тэргүүтэй 20 гаруй бөхчүүдийн хамт Сонгинын 023 дугаар ангийн хажууд 25 хоног бөхийн бэлтгэл хийлээ. Хадбаатар дүүгүүрдэж, өлгөж хавирах мэхээ дархалж, хэнд ч хийж чадахаар боллоо.
Монгол хүмүүн бүрийн зүрх сэтгэлийг догдлуулан баясгасан үндэсний их баяр наадам эхэлж, Хадбаатар заан зүлэг ногоон дэвжээгээ хотолзуулан дэвэв. Залуу заан доор давааны учраа бөхчүүдээ зовлонгүй шилбүүрдсээр тавын даваанд Одсүрэн начинг хаяж, зургаагийн даваанд шинээр начны болзол хангасан бөхийг, долоогийн даваанд улсын начин Мөнгөнийг орхиж, наймын даваанд улсын заан Долгорсүрэнг давж, есийн даваанд улсын арслан Давгасүрэнг өвдөг шороодуулж Монгол Улсын арслан цолны болзлыг хангалаа. Монгол эрийн гурван наадмын Төв цэнгэлдэх хүрээлэн дахиад л шуугиж байв.

Монгол Улсын Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, нэрт кино найруулагч Бадраагийн Бадар-Ууган хоёр Төв аймагт бөхийн тухай нэвтрүүлэг бэлдэж явлаа. Чингэтэл Сүрэнжав найрагч “Найруулагчаа энүүхэн урагшаа давхиад Авдрантад байгаа Хадаагаа нэг эргэж, сайхан яриа авъя” гэсэнд Бадар-Ууган найруулагч зөвшөөрөв. Тэр хоёр Хадаадаа хоёр бэсрэг уут дүүрэн хүнс авч, Авдрантад очлоо. Авдрант энэ бол гяндан. Хадбаатарын гэнэн сэтгэлийг хад чулуу шиг хар ухаантай хүмүүс дахин ашиглаж, түүнийг энэ зовлон, тарчлааны тууль шингэсэн газар хорьжээ. Ш.Сүрэнжав найрагч, Бадар-Ууган найруулагч, Хадаа арслан гурав чин халуун сэтгэлээр тэврэлдэн уулзлаа. Энэ уулзалт дууссаны дараа хоёр сайхан уран бүтээлч Хадаа арсланд өнөөх хоёр бэсрэг ууттай зүйлээ өгөөд машин руугаа алхаж байхдаа эргэж хартал Хадаагийн харц тэдэн рүү ширтэж байсан ч гар нь ууттай чихэр рүү явж байсан гэдэг. Хөөрхий тэр зовлонт газар халхын сайхан бөхөд таарах гутал олдохгүй арга буюу эсгий гутлын түрий тайраад өмсчихсөн байв. Хадбаатар арслан 1986 онд хатуу газраас гарч ирээд Ардын хувьсгалын 65 жилийн ойн их баяр цэнгэл наадамд түрүүлж, Монгол Улсын аварга болсон юм. Сайхан аваргын амьдрал гэвч дандаа жаргал байгаагүй юм. Хатуу хөтүү дундуур нүдээ арчаад алхсан их аваргаа хамаг монголчууд өнөд хайрлана ...
 

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Халхын их аварга Д.Хадбаатарын дуулал   
Үзсэн: 4994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-07-20 11:27
Хадбаатар халхад төрсөн хүн. Хасагад, баруун хязгаарт төрөөгүй. Ялж гэнэ үү? чи наад үг сонголт энэ тэр дээрээ жаахан анхаар тэхүү. Юу ч мэдэхгүй харанхуй хар нүх байж юун их үгтэй юм бэ?
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-07-17 16:54
halhiin varga geheer durved buriad hasguudiig yalj uzeegui yum bn tiimuu.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-07-15 14:51
яагаад болохгүй гэж. Чи бороо цайраад ирж байгааг хараагүй юм уу?
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-07-15 14:51
яагаад болохгүй гэж. Чи бороо цайраад ирж байгааг хараагүй юм уу?
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-07-15 12:40
бороо ирж байна гэж хэлдэг билүү

Бидэнтэй нэгдээрэй