Шууд Chart

Муужирч унах

2015-07-22 10:00:00

Ухаан алдах ч гэж нэрлэх нь бий. Товчхондоо бол тархины цусан хангамж огцом алдагдсанаас хүн түр зуур ухаан алдаж унадаг. Уналтууд хоорондоо ялгаатай ч үзүүлэх анхны тусламж төсөөтэй. Ихэнх тохиолдолд унах гэж байгаа шинж тэмдэг мэдэгддэг ч заримдаа огт анзаарагдалгүй унах нь бий. Ямар нэг өвчин эмгэгээс хамааралгүй муужралтууд сэтгэлийн огцом хөөрөлтэй холбоотой байдаг. Жишээ нь, гэнэт их баярлах, айж цочирдох, гомдох, уурлаж, бачимдах зэрэгт муужрах нь цөөнгүй. Тэрчлэн агаар дутагдсан бүгчим газарт орох, өндөр ууланд гарах, онгоцонд суух, дайвалзах хөдөлгөөнтэй орчинд цусан хангамж, хүчилтөрөгч дутагдах нь унах шалтгаан болно. Унахын өмнө толгой эргэх, чих шуугих, нүд бүрэлзэх, зүрх дэлсэж дотор муухайрах, бөөлжис цутган огиулах зэрэг шинж мэдрэгддэг. Залуу бүсгүйчүүдийн хувьд бамбай булчирхайн бага зэргийн томролттой байх нь цөөнгүй. Тийм бүсгүйчүүд эсвэл шилжилтийн насны охид амархан цочромтгой байдаг нь муужрах шалтгаан болж болно. Харин даралт ихэсдэг хүмүүс муужирсан тохиолдолд даралт огцом ихсэх, буурах хандлага байх учир анхны тусламжаа болгоомжтой үзүүлэх шаардлагатай байдаг. Бусад тохиолдолд цамцны товчийг тайлан агаар чөлөөтэй амьсгалах боломж олгоно. Дээш нь харуулж хэвтүүлээд хоёр хөлийг нь хагас нугалж байрлуулах хэрэгтэй. Тусламж үзүүлэхээсээ өмнө шалтгааныг нь тогтоох гэж хичээх нь чухал. Эв эрүүл хүн сэтгэлийн хөөрлөөс болж муужирсан бол аюул бага. Тэгэсхийгээд сэргэдэг. Харин хэсэг зуур тайван хэвтүүлж, шингэн уулгана. Унасан даруйд бугуй болон гүрээний судас лугшиж буй эсэхийг шалгана. Мөн амьсгалыг магадлах нь зөв. Хүүхэн хараа өргөссөн эсэх нь уналт хүнд, хөнгөнийг тогтооход тусална.

Сэтгэл хөөрлөөс хамааралгүй муужирсан бол түргэн тусламж дуудах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд унасан хүнийг цээжээр нь тэвэрч сугсрах, ус цацах, гар, хөлийг нь хөдөлгөж амьсгалын дасгал хийлгэх зэргээр тусладаг. Шалтгааныг сайн мэдэхгүйгээр ингэж үзүүлсэн тусламж байдлыг улам хүндрүүлж болзошгүйг мартаж болохгүй. Жишээ нь, даралт ихэддэг хүмүүс, эсвэл тийм өвчингүй атлаа шилэн хүзүү хөшлөө гэх шалтгаанаар даралтны эм уух тохиолдол гардаг. Үүнээс болон даралт огцом унаж, муужрах нь бий. Харин үүний эсрэгээр даралт нь байнга ихэддэг хүмүүс муужирвал илүү болгоомж шаардана. Учир нь тархинд цус харвалт өгсөн байж болзошгүй. Ийм хүнийг огцом ширүүн хөдөлгөж болохгүй. Даралтыг нь үзэх боломж байвал үзнэ. Тэгээд хөл, гарт нь бүлээн жин тавиад эмч дуудсан нь дээр. Даралт бууруулах эм, тариа хэрэглэх гэж яарах хэрэггүй. Цус харвалт өгсөн бол даралт унах нь бий. Даралтын хэлбэлзлээс шалтгаалсан муужралтын үед бүрэн ухаан алдахгүй байж болно. Ийм үед гар, хөлийн аль нэг нь суларсан эсэх, нүүрэнд нь мурийлт гарсан үгүйг сайн харах нь шалтгаан тогтоох ач холбогдолтой. Эдгээрээс гадна жирэмслэх насны эмэгтэйчүүд огцом муужирсан бол жирэмслэлттэй холбоотой эмгэг байх нь цөөнгүй. Наад зах нь жирэмсний хордлого байж магад. Ийм эмэгтэй муужрах гол шалтгаан нь дотуур цус алдалт байдаг. Жирэмсэн биш ч өндгөвчний цусан хавдар гэнэт хагарч цус алдах үед муужирдаг. Царай нь цонхийсон, гарын алга, хумс цайрсан, судасны цохилт удааширсан шинж гарна. Дотуур цус алдалтаас муужирсан бол түргэн дуудах, эмнэлэгт яаралтай хүргэх нь илүү найдвартай. Заримдаа сарын тэмдэг ердийнхөөс их, эсвэл удаан үргэлжилсэн, ураг зулбасан үед муужирч болох ба оношлоход төвөггүй. Эдгээрээс гадна зүрхний гажигтай, мэдрэлийн өвчтэй, тархины саажилттай хүмүүс муужирдаг. Анхны тусламжаа болгоомжтой үзүүлээд эмчид хандах нь найдвартай. Зарим аймхай /зүрх муутай гэдэг дээ/ хүмүүс тариа хийлгэх төдийд царай нь цонхийж байгаад муужирдаг. Тэдний хувьд үнэртэй ус, наштирийн спирт үнэртүүлэх төдийд сэргэнэ. 

  “Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос


Муужирч унах  
Үзсэн: 23891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Оргилболд [127.0.0.xxx] 2024-01-24 21:09
Таны зөвөлгөөнүүдийг уншиж танилцлаа ухаан алдаж татаж унадаг хүмүүсд юу юуг хориглох заалттай байдаг юм. Уншчихаар мэдээлэлүүд олдохгүй юм туслаач

Бидэнтэй нэгдээрэй