
-Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярын гэмт үйлдлүүдийг шалгаж эхэлжээ-
Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаярын гэмт үйлдлүүдийг түүний бие хамгаалагч Б.Батзориг хэмээх залуу интернэтээр цацаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ мэдээллээс үндэслэн нийтлэл бичсэн сэтгүүлч, “Авилгалтай тэмцэх сэтгүүлчдийн клуб” ТББ-ын тэргүүн Б.Отгонбаярыг Н.Номтойбаяр шүүхэд өгч эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Энэ талаар сэтгүүлч Б.Отгонбаяртай уулзаж ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр та хоёрын дунд үүссэн асуудлын талаар тодорхой яриач?
- Н.Номтойбаярыг олон төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн хүн би биш. Анх Батчулууны Батзориг гэж 7 жил Н.Номтойбаярын бие хамгаалагч, туслахаар ажилласан хүн түүнтэй муудалцаж харьцаагаа таслах үедээ даргынхаа үйлдсэн олон гэмт хэргийг баримтаар нотлон телевиз, сайтаар мэдээлэл цацсан. Тэр нь цэвэр бичлэг. Хэн ч засварлаагүй, дуу хоолойг нь өөрчлөөгүй. Ялангуяа Минжийн хангайн ууланд баавгай алсан хэргийг гэрэл зургаар нь нотлон ярьж байсан. Тэр зургууд интернэт агууламжид бүгд байж байна. Гэтэл одоо Н.Номтойбаяр баавгай агнасан асуудлаа өөрөөсөө зайлуулахаар оролдож байна. Би үүнийг олон жишээгээр ярина. Нутгийн иргэдтэй нь уулзсан. Н.Номтойбаяр 2008 онд Мөнгөнморьтоос Минжийн хангай руу олон анчин явуулсан байгаа юм. Тэр үеийн нотолгоо нь гэрэл зураг. Хэн ч монтажлаж засварлаагүй оргиналь зураг. Гэтэл өнөөдөр Төв аймгийн цагдаагийн ажилтнууд уг хэрэг дээр ажиллаад 4 анчинг дуудаж байцааж хоёрт нь ял төлөвлөхөөр болж байсан.
-Энэ 4 хүн хамт явсан нь баталгаатай юу?
-Н.Номтойбаяртай хамт явсан гэж нутгийн иргэд хэлдэг. Тэдний хоёр нь Н.Номтойбаярын өмнөөс хэрэг хүлээх гээд байж байна. Нэг жишээ хэлье. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт буга агнасан нөхөр бугынхаа засаа, чив, арьс ,мах, дотор гэдэс, эвэр гэх мэтчилэнгээр 4,5 хүнд ангийн хишиг тараасан. Энэ хүмүүс одоо 4 жил, 2 жилийн хорих болон торгуулийн ял сонсоод байж байна. Тэгвэл Минжийн хангайн ууланд 4 анчинтайгаа баавгай агнаж үүнийгээ гэрэл зургаараа баримтжуулсан Номтойбаярыг яах вэ. Гэрэл зураг шиг бодитой баримт хаа ч байхгүй. Гэтэл өнөөдөр Н.Номтойбаяр зургийг засварласан гэж тайлбарлах гэж байх шиг байна. Үүн шиг тэнэглэл хаа ч байхгүй.
“Яагаад заавал намайг онцолж эрүүгийн хэрэг тулгах гээд байгаа нь сонирхол татаж байгаа асуудал...”
-Одоо та хоёрын асуудал ямар түвшинд яваа юм бэ?
-Над дээр хүн гүтгэсэн 111-ын Б гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би Б.Батзориг гэдэг хүний баримт , гэрчийн мэдээлэлд үндэслэн олон гэмт хэрэг хийчихсэн хүн юм байна, шалгаач гэсэн санааг дэвшүүлсэн.
-Та энэ асуудлаа хэзээ ямар мэдээллийн хэрэгсэлээр түгээсэн бэ?
-Б.Батзоригийг мэдээлэл гарснаас 10 хоногийн дараа клубынха сайт болон “Үндэсний мэдээ” сонин дээр гаргасан. Өөр юм байхгүй. Яагаад заавал намайг онцолж эрүүгийн хэрэг тулгах гээд байгаа нь сонирхол татаж байгаа асуудал.
-Одоо тэр нь баримтууд нь интернэтэд байгаа юу?
-Бүрэн эхээрээ байж л байгаа.
-Хуулийнхан энэ асуудалд яаж хандаж байна?
-Мөнгөтэй хүний талд үйлчилдэг гэдэгт би сүүлийн үед илүү итгэлтэй болсон.
-Тухайлбал?
-Энэ асуудлыг би өнгөрсөн оны 7 сард сөхсөн. Гэтэл одоо хүртэл шалгахгүй л байсан. Харин саяханаас Н.Номтойбаярын үйлдлүүдийг шалгахаар болж байх шиг. Нийслэлийн прокурорын газар дахин дахин өргөдөл хүсэлт өгөөд байхаар арга буюу шалгахаас өөр замгүй болсон байх. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийн нөлөөллийн шахалтаар л эхэлж байна шүү дээ. Одоо Н.Номтойбаярын хэргүүдийг мэдэхгүй хүн гэж байхгүй болсон. Б.Батзоригийн яриаг үзээгүй сонсоогүй хүн гэж өнөөдөр монголд бараг байхгүй.
“Б.Батзориг гэдэг хүн Н.Номтойбаярын хүрээллийнхнээс айсандаа арга буюу хилийн дээс алхсан...”
-Яг хэдийнээс шалгаж эхэлсэн бэ?
- Ямар ч байсан шалгаж эхэллээ гэдгийгээ албан ёсоор мэдэгдсэн. Б.Батзориг гэдэг хүн Н.Номтойбаярын хүрээллийнхнээс айсандаа арга буюу хилийн дээс алхсан. Тэр хүнийг сэтгүүлчид та энэ талаар гүнзгийрүүлээд ярилцлага өгөөч гэхэд та нар миний амь насыг хамгаалж чадах уу гэсэн байдаг. Яагаад ингэж асуух болов. Тэр Н.Номтойбаяр шиг хөрөнгөтэй хүн биш, жирийн нэг иргэн. Гэтэл Батзоригийг явсны дараа Н.Номтойбаяр хулгайн хэрэгт сэжиглэж цагдаад өгсөн. Жил гаруйн өмнө сейфнээсээ алдсан мөнгөө Б.Батзоригийг гадаад руу гарангуут “тэр хэд хэдэн удаагийн үйлдлээр 500 сая төгрөгийг хулгайлсан” гэдэг асуудлыг Н.Номтойбаяр дэлгэж байна. Саяхнаас шүү дээ. Тагнуулын мэргэжилтэй Н.Номтойбаяр тагнуулын байгууллагад хоёр ч удаа ажиллаж байсан гэж ярьдаг, өөрийнх нь албан ёсны хуудаст ч байдаг. Эцэг нь мэргэжлийн тагнуулч хүн гэсэн. Тийм хүн ийм гэнэн тэнэг юм яриад явж байгаад монголчууд яаж итгэх юм бэ. Тэгээд миний эсрэг хэвлэлийн хурал хийхдээ Б.Отгонбаяр гэдэг хүнийг шүүх цагдаад өгөөгүй гэж мэдэгдсэн. Гэтэл прокуророос ирүүлсэн хуудсан дээр “Н.Номтойбаярыг гүтгэсэн учраас” гэж бичсэн байсан. Энэ нь Н.Номтойбаяр гэдэг хүн өөрөө цагдаад хандсаны баталгаа шүү дээ. Би тэр хэвлэлийн хурал дээр “ Номтойбаяраа та УИХ-ын гишүүн. Тангарагаа батлаарай. Худал ярьж болохгүй шүү. Улс төрчид голцуу худал ярьдаг шүү. Сэтгүүлчдийн өмнө худлаа ярьж болохгүй шүү” гэж хэлсэн. Ямар зорилгоор надтай ингээд ноцолдоод байгааг үнэндээ ойлгохгүй байгаа. Бас сэтгүүлчдэд миний болон Б.Батзоригийн эсрэг мэдээлэл хийхэд амжилттай ажиллаж, үнэн зөвийг гаргаж ирсэн эрэн сурвалжлах сэтгүүлчдийг 100 сая төгрөгөөр урамшуулна гэсэн. Гэтэл хэдхэн хоногийн дараа өөрийнхөө твитер хуудсанд намайг гүтгэхэд оролцсон, гүтгэсэн сэтгүүлчийг олж илрүүлсэн сэтгүүлч , иргэдийг 100 сая төгрөгөөр урамшуулна гэсэн байдаг. Энэ юу гэсэн үг юм. Ингэж хэдхэн хоногийн зөрүүтэй хоёр өөр утга санаатай мэдэгдэл хийгээд яваа улс төрчийг ер нь юу гэж ойлгох юм бэ. Өнөөдөр хил давж улс төрийн орогнол хүсээд явж байгаа тэр хүний хувь заяаны асуудал маш бүрхэг байгаа. Малчин айл нэг өнчин ишиг төөрөөд явчихад араас явдаг. Гэтэл монгол хүн өнөөдөр Н.Номтойбаярын гэмт үйлдлүүдийг илчилснийхээ төлөө арга буюу тэнэж явна. Тэр хүнд амьдралаа дээшлүүлье гэсэн бодол байгаа л байх. Гэхдээ Н.Номтойбаярын дарамтнаас болоод явлаа. Энд ганцхан Н.Номтойбаяр биш “МАК” компанийхан дандаа чөлөөндөө гарсан тагнуулынхан ажилладаг, шоронд олон жил хоригдож явсан овгорууд алтных нь манаачийг хийдэг, тийм л газар. Ийм хүмүүсээс хүн айна биз дээ.
“Би худалдагдсан сэтгүүлч биш...”
-Энэ нь яг баримттай юу?
-Би баримтгүй юм ярихгүй. Тэр хүмүүс нь шоронд орж байснаа гайхуулан ярьж олон нийтийн дунд айдас төрүүлж ч байдаг юм уу. Ийм хүмүүсээр хүрээлүүлсэн хүн, тэр хэсэг бүлгээс Б.Батзориг бас айж байна гэсэн үг шүү дээ. Явахаасаа өмнө “миний амь насыг хамгаалж чадах юм” гэж асууж байсныг өнөөдөр бодоод үз л дээ. Тэр хүний дотор ямархуу айдас одоо ч гэсэн хадгалагдаж байгаа вэ. Бид өнөөдөр хүний төлөө ажиллах ёстой. Сэтгүүлч хүний ганц үүрэг бол хүний төлөө бичих ёстой. Би хүний төлөө л яваа сэтгүүлч. Надад өөр ямар нэгэн сонирхол байхгүй.
-Танд Н.Номтойбаяр гишүүний зүгээс ямар нэгэн нууц санал тавьсан уу. Одоо үүнийгээ боль, мөнгө өгье ч гэх юм уу?
-Н.Номтойбаяр надад тэгж хэлж чадахгүй. Би тийм сэтгүүлч биш. Японд бүх насаараа шүүгчээр ажилласан нэг шүүгч өлсгөлөнгийн жилүүдэд эхнэр, хүүхдүүдээ алдаж. Энэ хүнд үед өөрөө тэтгэвэртээ гарч, бие нь ч их муу байж. Тэгээд нутгийнх нь нэг хөгшин эргэж очоод “ Чи насаараа шүүхийн байгууллагад ажилласан. Чамаас бусад нь гэмт хэргүүдийг хөнгөхөн шийдээд цаад хүмүүсээс мөнгө авдаг шүү дээ. Чи яагаад тийм хуримтлал үүсгэж болоогүй юм. Тэгсэн бол өдийд ингэж үхэлтэй тэрсэлдээд байж байхгүй шүү дээ. Сайхан үр хүүхэд, эхнэр чинь өнгөрлөө. Чи ямар сонин хүн бэ” гэж асууж. Тэгэхэд шүүгч “ Ард түмний амьдрал туйлдаа хүрч зовж байхад би бусдын мөнгөөр хөлжөж чадахгүй. Надад тийм сэтгэл байхгүй. Тийм шүүгч байснаас байгаагүй нь дээр” гэж хэлсэн байдаг. Японд төрийн албаны шударга ёс төрийн албан хаагчийн чиг одоо ч тэр үлгэр жишээгээр явж байгаа. Тэгвэл өнөөдөр манай төрийн албан хаагчид барин тавин худал ярьж байна. Ингэж худлаа хэлдэг улс төрчид манайд л байдаг байх.
-Миний асуугаагүй таны ярихыг хүссэн зүйл?
- Ганц Н.Номтойбаяраар зогсохгүй, авилгын хэрэгт холбоотой улс төрчдийн булхайг нэг бүрчлэн дэлгэх болно. Бурхан миний төөргийг бусдын төлөө үйлчил, үнэнийг илчил, үнэний цагаан мөрөөр яв гэж зурсан. Би худалдагдсан, худалдагдах сэтгүүлч биш гэдгий хэлмээр байна.
Ярилцсан: Б.Саруул
Сэтгүүлч Б.Отгонбаяр: Ганц Н.Номтойбаяраар зогсохгүй, авилгын хэрэгт холбоотой улс төрчдийн булхайг нэг бүрчлэн дэлгэх болно... | ||
Үзсэн: 3365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.