Шууд Chart

Жин үд

2015-07-29 10:53:43

Жин үдийн наран хоймор голлоод, шар хадгаар ороосон Дарь-Эх бурханы мэлмий нарны гэрэлд цацарч, үзэгдээд хөх тоорцог малгайтай цэнхэр тэрлэгэн дээлтэй буурай эрх эргүүлэн маани хөгжөөгөөд, сийлбэртэй модон орон дээр нялх хүүхэд үнэгчлээд, тогоон дээр загссан өрөм зузааран шаргалтаад л жин үдийн намууныг ээ...

Тэртээд ногоорон ногоорох уулын бэлд хонин сүрэг цацсан цагаан чулуу мэт үзэгдэж, дэнж дээр хорж зогсох бараан голдуу хэдэн адуу тургилан сүүл шарваад  нары гэрэлд шаргалтан үзэгдэх өвсөн дунд царцаа голио үе, үе чаг чаг дуугараад л жин үдийн амгаланг ээ...

Цэмбэн дээлийг сугалдаргалсан, моринд сайн эр дөрөө жийн давхиад гүүн зэлэн дээр саальчин бүсгүй сар, сархийтэл дэлэн шувтарч гүү саагаад, дэргэд нь зогсоод унага татаж буй адуучин залуу хүүе, хаая гэж гууглан гурийлаад жин үдийн чимээг ээ...

Айлын гадаа ааруулын дэлгэц дээр гялгар уут хийсч, шар, шар дуугараад, дээгүүр нь элээ шувуу эргэлдээд, гадаа бөөр нь хонхойсон хүрэн зуухан дээр аарц буцалгаж буй эзэгтэй “Ээ ижий минь. Аарц хөөсрөөд асгалаа бушуухан шанага авчраарай” гэж уулга алдаад, гэрийн сөхсөн хаяа өөд ганц голио авирч чадалгүй унаж цар, цар дуугараад л жин үдийн анирыг ээ...

Мяралзан урсах голын усанд үеийн голдуу нүцгэн жаалууд модон шилбүүр унаж, нааш цааш гүйлдэн инээлдээд эрэг дээр нь цуулбар имтэй хэдэн хонь хорж зогсоод хонгор морин дээр хөндлөн суусан нүцгэн цээжтэй, хижээл насны эр хаваржаа бууцнаас гүүн зэл сунгаж, татах шон чирж яваа нь үзэгдээд тэрүүхэн дошин дээр хоёр мөндөл гарч орж шороо манаргаад жин үдийн халууныг ээ...

Толгойдоо цагаан алчууртай үйтэн хуар дээлтэй, бүсэндээ хэт, цахиуртай, 12 жил товойлгон сийлсэн хүрэн зандан хусууртай нутгийн өвгөн уяан дээр буугаад, гэрийн сүүдэрт хурууд ааруул хийж буй салаа гэзэгтэй охин “Сайхан наадаж байна уу. Сайн явж ирэв үү та” гэж өвгөн ахынхаа тохойг түшин гэрт оруулж борцтой цай аягалж өгөөд, хол ойрын чимээ дуулж, сонин сайханг ярилцаад л жин үдийн таатайг ээ...

Үзэхээс ихийг үзсэн ноолорсон хөгшин банхар хэл унжуулан гэрийн хаяанд аахилж хэвтээд, хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх намгийн ногоон бах мэлхий халгайн сүүдэрт шанаа хөдөлгөн хөшөө шиг хөдлөлгүй зогсоод хонины хашаа шөргөөж хэдэн байдас ялаархаад жин үдийн бүгчимийг ээ...

Хэдэн ягаан тугал гэнэт гарч ирэн сүүл өргөн цуварч оодон тонгочиж давхилдаад, салхи сөрөөд явж одох хонин сүргийн араас хонины хүүхэд хашин морио гуядан цогиулаад, модолсон азарга адуу тургичин ялаархаж шороо босгон голын ус руу цуван хатируулаад жин үдийн аагийг ээ...

Хаяа шуулттай ханан завсраар салхи сэрвэлзэн сэрүүцүүлээд, гүүн зэлнээс инээлдэн ирэх хэсэг залуус гэрт орж тамхи ороон айраг залгилаад, хэсэг үүл хуралдан нар халхалж, сэрүү татуулаад, үхэр тэрэг хөллөөд усанд явсан хар хүү толгой ташим булгийн уснаас гүд, гүд залгилаад жин үдийн сэрүүнийг ээ...

“Араажав”-аар хурдан морины төвөргөөн, хүүхдийн гүүг, гүүг гэх нь сонсогдож, хишиг өдөр нь таарсан хоньчин хүү хөдөөдөө хурсан хэдэн хонины захад үдийн халууныг анзааралгүй хад цуурайттал дуулаад, илүү гэрт хоёр хүүхэн нэгнээ нударч тас, тас хөхрөөд жин үдийн жаргалыг ээ...

Хол ойрын уулс толгод, тал хөндий униартаж бүртэлзээд, хүнгэнэн дуугарах шар хэдгэнэ халууныг тэсэн ядаж буй нялх хэдэн унагыг “шоглоод”, саяхан сэрүү татуулж байсан салхи бүлээн болж сэрчигнээд жин үдийн агшинг ээ...

Жин үдийн наран хоймор голлоод, шар хадгаар ороосон Дарь-Эх бурханы мэлмий нарны гэрэлд цацарч үзэгдээд, хөх тоорцог малгайтай цэнхэр тэрлэгэн дээлтэй буурай эрх эргүүлэн маани хөгжөөгөөд, сийлбэртэй модон орон дээр нялх хүүхэд үнэгчлээд, тогоон дээр загссан өрөм зузааран шаргалтаад л жин үдийн сайхныг ээ...
 

Нийтэлсэн: Х.Дугарсүрэн

Жин үд   
Үзсэн: 5033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй