Шууд Chart

Векселиэр санхүүжигдэх төслүүдийг хянана

2015-08-04 13:51:31

2015 оны төсөвт энэ оны эхээр тодотгол хийсэнтэй холбогдуулаад УИХ-ын VII тогтоол, Засгийн газрын 282 дугаар тогтоол гарсан. Эдгээр тогтоолд 2008-2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, тухайн төсвийн жилд бүрэн санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий  нийт 235 төсөл, арга хэмжээний ажлын санхүүжилтийг векселиэр баталгаажуулахаар шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, царцаасан гэх тодотголтой обьектуудын санхүүжилтийг дээрх тогтоолуудаар шийдвэрлэхээр болсон. Уг тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн нийт 235 төслийг хянаж, давхардсан тоогоор 286 аж ахуйн нэгжид 176 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байгаа.

Үүнийг дотор нь задалж үзвэл, 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар 80-аас дээш хувьтай, 44 гаруй тэрбум төгрөгийн 100 төсөл. Улсын төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусч бүрэн хэрэгжүүлсэн ч, гэрээний үлдэгдэл  99 гаруй тэрбум төгрөгийн  39 төсөл. УИХ-ын 2015 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан векселиэр санхүүжүүлэх нийт 33 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүн бүхий 96 төсөл байгаа юм. Эдгээрийн үнийн дүн 176 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд арилжааны банкуудад вексель бичиж, дээрх санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон талаар Сангий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн.

Тэрбээр, “Векселийн тухай хууль”-ийн дагуу манай яам арилжааны банкуудтай гэрээ байгуулж, төвбанкнаас үнэт цаас худалдан авч, вексель бичнэ. Үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд олгож, холбогдох банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэх юм. Нэг талаас зээлийн үлдэгдэл, нөгөө талаас векселийг мөнгөжүүлэх чадавх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн найман арилжааны банкаар дамжуулан векселийг мөнгөжүүлэхээр сонгоод байна. Энэ онд векселиэр баталгаажуулан санхүүжүүлсэн дүнг хүүгийн төлбөрийн хамт, дараа оны улсын төсөвт тусгах замаар арилжааны банкуудад эргэн төлнө гэж мэдэгдсэн юм.

Царцаагдсан барилгуудын санхүүжилтийг хийгээгүйн улмаас зарим аж ахуйн нэгж банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээл нь хугацаа хэтэрсэн, чанаргүй болсонтой холбоотойгоор арилжааны банкуудад ч хүндээр тусаад байгаа юм. Засгийн газар, гүйцэтгэгч компани, арилжааны банк хооронд үүссэн өр, авлагын асуудлыг векселиэр шийдвэрлэснээр бодит эдийн засаг, банк санхүүгийн салбарыг давхар дэмжинэ. Цаашлаад манай улсын санхүүгийн тогтвортой байдал, зээлжиж зэрэглэл зэрэг үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж Сангийн яамнаас мэдэгдэж байгаа.

Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий векселиэр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоолыг баталлаа. Өөрөөр хэлбэл, векселиэр санхүүжүүлэх 176 тэрбум төгрөгийн өртөг бүхий төслүүдийг дахин нягтлахаар болжээ. Санал хүсэлт ирсэн учраас ажлын хэсэг байгуулахаар болсон талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор хэлж байна.
 

Нийтэлсэн: А.Энхтуул

Векселиэр санхүүжигдэх төслүүдийг хянана  
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй