Шууд Chart

“Такси” компани кинотой болжээ

2015-09-08 09:53:28

Өмнө нь “Такси” нэртэй нэлээд олон кино үзэж байв. Гэхдээ бүгд гадаадынх. Харин энэ удаад буюу өнгөрөгч баасан гарагт Монголын кино урлагт шинээр нэмэгдэж буй “Такси” уран сайхны киног үзэж сонирхлоо. Гэвч инээдмийн жанрын тус киног эхлэхээс төгсөх хүртэл нь  “Такси компанийг сурталчилсан бүтээл болжээ” гэх бодлоос салж чадсангүй. Кинонд гарах үйл явдал, өрнөл, төгсгөл нь ойлгомжтой, энгийн...

Үйл явдлаас товчхон өгүүлье. Өнөөгийн нийгэмд адлагдаж, нүд үзүүрлэгдсэн архичдын дүр төрөхөөр кино эхэлнэ. Хэдийгээр бусдад гэм хийдэггүй ч, архи ууж, худлаа ярьсаар бусдад адлагдсан Сэрээ, Жагрий нар “Такси” киноны гол дүр. Тэд мөнгөтэй найзыгаа ирсэнд нь баярлан хөөрч архидсаар эцэстээ архины ч мөнгөгүй болж, өсөж торнисон газрынхаа ойролцоох худгаас ус авахаар ирсэн олныг шантаажлан сууна. Эхлээд дуулж өгнө. Бараг л хүчээр... Хүссэн мөнгийг нь өгөхгүй бол усыг нь таслах гэх мэт башир аргаар тэд архиныхаа мөнгийг олно.

Ийнхүү өдөр бүрийг архины мөнгө олоход зориулж явсан Сэрээ нэг л өдөр ухаажиж, “Такси” компанид ажилд орж, бүр хайр сэтгэлтэйгээ учран “хүн болох” зам руугаа хандах аж.

Нэг талаараа өнөөгийн нийгэмд дутагдах болсон “хүн чанар” гэгчийг харуулахыг хичээсэн нь тус бүтээлийн давуу тал гэж хэлж болно.

Хэнд ч нэр хүндгүй болсон Сэрээ архины мөнгөө залгуулахаар эгчийндээ очихдоо нэгэн таксинд суусан нь түүний амьдралыг өөрчлөх жолоочтой уулзуулна. Тэрбээр алдаж эндэж яваа залууд ажлынхаа талаар танилцуулж, хэрхэн таксины жолооч болох вэ гэдгийг зааж өгөх аж. Анх орохдоо 800 мянган төгрөг төлөөд, компанидаа сар бүр шимтгэл төлсөөр унаж буй машинаа өөрийн болгохыг зөвлөсөн компанийн сурталчилгаа “ухаант” жолоочийн амнаас урсана. Энэ нь ч залууд маш их таалагдана.

Ингээд л архинд толгойгоо мэдүүлж суудаг байсан залуу эгчээсээ мөнгө зээлэн такси компанид ажилд орж, түүгээр ч зогсохгүй Газрын албанд ажиллах хөөрхөн бүсгүйд дурлан өдөр бүр түүнийг хүлээдэг болно.

Энэ мэтчилэн кинонд гарах үйл явц өмнө нь сонсож байсан мэт энгийн өрнөнө. Багахан сурталчилгаа хийхээс гадна таксины жолооч нарт тохиолддог зовлонг ч дурдаад авна.

 “Гэртээ ороод мөнгө аваад ирье” гээд бултах “туулай”-чдыг хэрхэн барих, үнэхээр мөнгөгүй атлаа такси барьсан хүмүүсээр хэрхэн тооцоогоо хийлгэх зэргийг киноны уран бүтээлчид таксины жолооч нараас асууж, судалгаатай хандсан нь тодорхой харагдана. Ямартай ч таксины жолооч нар энэхүү киног үзээд тэднийг хэрхэн хашраахаа мэдээд авах биз. 

Цаг гаруйн хугацаанд таксины жолоочийн “амьдрал”-ыг сонирхсоны дараа өмнө нь үзэж байсан “Такси” нэртэй уран бүтээлүүдийн талаар бодов. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг жолооны ард өнгөрөөж, аж амьдралаа залгуулдаг тэдний амьдрал дэлхий нийтийн кино уран бүтээлчдийн хувьд мэдээж сонин сэдэв. Тэд өөрсдийнхөө билэг оюунд бууснаар “Такси” нэртэй кинонуудыг дэлгэцнээ амилуулсан. Гэхдээ дийлэнх нь таксины жолоочийг адал явдалд дурлагч байдлаар, эсвэл такси гэдэг зүгээр л өнгөлөн далдлалт мэтээр илэрхийлсэн байдаг бол манай зохиолч, найруулагчид энгийн нэгэн “үнэн”-ий тухай өгүүлэхээр сонгож авсан байх юм. Магадгүй энэ нь хэтэрхий их адал явдалтай, өрсөлдөөнтэй, сонирхолтой таксины жолоочийн тухай үзэж байсан сэтгэл хөдлөлийг давж гараагүй байж болох.

Ямартай ч үзэгчийн хувьд энэхүү уран бүтээлд “дунд” хэмээх дүн тавих нь. Гэхдээ зохиолд нь шүү. Харин жүжигчдийн ур чадварт “сайн” дүн өгнө. Хошин урлагийн жүжигчдийг оролцуулсан тус киноны гол дүрийг Л.Сөрөлт, Ц.Нарантунгалаг, С.Баттулга, А.Өнөржаргал нар бүтээсэн бол Г.Чулуунцэцэг, Ш.Жавхлан, С.Өлзийхүү зэрэг жүжигчид  туслах дүрийг бүтээсэн юм.

Амьдрал хэмээх урт замын аз жаргалд хүрэх километр хэд байх бол...
“Такси” уран сайхны кино

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Такси” компани кинотой болжээ   
Үзсэн: 4781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй