
Нэлээд түгээмэл тохиолддог нүдний өвчний нэг бол болор цайх. Ахимаг насныханд цөөнгүй тохиолдох бөгөөд нүдний хараа аажим аажмаар муудаж харах талбай хумигдсаар байгаад хүүхэн хараа бүрэн цайж хараагүй болохыг ингэж нэрлэдэг. Эмнэлгийн нэршлээр бол катаракт гэнэ. Болор цайх нь төрөлхийн буюу олдмол гэж хуваагддаг. Орчин үед болор цайх эмгэгийг сайн эмчилдэг болсон тул тийм ч сэтгэл зовоохоор эмгэг биш. Цайсан болрыг эмчлэх аргыг дорно дахины анагаах ухааныг сайн эзэмшсэн домч, засалч, лам нар хийдэг байсан тухай түүхэнд бичигдсэн нь бий. Тэд цайсан болрыг алтан юм уу, цэвэр мөнгөн зүү халааж байгаад хатгаж дотогш нь унагаах хэлбэрийн арга хэрэглэдэг байсан гэдэг. Хүчтэй өвдөлтийн улмаас цочрол /шок/-д орж амиа алдалгүй үлдэж чадсан нь хараа орох бөгөөд гагцхүү ойрын хараа нь муу байдаг. Орчин үед цайсан болрыг зориулалтын багажаар хөлдөөж байгаад авах, лазерийн туяа ашигласан мэс заслын эмчилгээний аргыг голчлон хэрэглэдэг. Дараа нь харааны шил тааруулснаар тухайн хүний нүд үндсэндээ бүрэн сэргэдэг. Сүүлийн үед цайсан болрыг авч оронд нь хиймэл болор суулгах болсон тул илүү үр дүнтэй. Шилийг байнга эсвэл тодорхой хугацаагаар зүүх эсэхийг эмч хэлж өгнө. Настай хүмүүсийн хувьд нүдний болрын тэжээл дутагдсанаас аажим бүдгэрдэг нь төдийлөн зовиурлахгүй ч юм харахаа болино гэдэг хамгийн хэцүү эмгэг мөн. Тиймээс хараа муудаж, болор захаасаа цайж эхэлмэгц эмчид хандан тогтмол зөвлөгөө авах хэрэгтэй. Саяханыг хүртэл ийм хөгшдийг болор бүрэн цайгаагүй байна, бүр хараагүй болохоороо эмчлүүл гэдэг байв. Харин орчин үед аль болох эрт эмчлэх нь үр дүнтэй гэж үздэг болсон. Залуу хүмүүст болор цайх эмгэг илрэх нь цөөнгүй.
Ихэвчлэн гэмтэл, нүдний бусад өвчний улмаас хоёрдогч хэлбэрээр тохиолддог. Тиймээс түргэн явцтай төдийгүй хоёр нүдийг зэрэг хамрах учир осолтой. Шалтгаан нь нүдний судас байнга үрэвсэж, улайх, нүдний угт цус харвах, торлог нь ховхрох, нүдний даралт ихдэх, ойрын хараа муудсан байтал харааны шил зүүлгүй байснаас улам муудуулсан зэрэг байдаг. Тэрчлэн өндөр халуун бүхий газар /төмөр хайлуулах үйлдвэр мэтийн/ эсвэл ионжуулсан туяа цацруулдаг газарт хамгаалалтын шилгүй ажилладаг хүмүүст болор цайх эмгэг илрэх нь түлхүү. Болор цайж байгаа нь эхэн үедээ анзаарагддаггүй. Ерөнхийдөө нүд сүүмэлзэх, нүдний өмнүүр хөндлөн зураас үе үе үзэгдэх, хараа үе үе муудсан нь мэдрэгдэх, толбо харагдах зэрэг шинжээр илэрдэг. Улмаар лаа, чийдэнгийн гэрэл рүү харахад олон цацарсан байдалтай үзэгдэнэ. Найдвартай нь харьяалах эмнэлгийнхээ нүдний эмчид үзүүлж хяналтанд орох, эмчилгээ хийлгэх, зөвлөгөө авах гэдгийг мартаж болохгүй. Яагаад гэхээр нүдний хараа муудах болон дээр хэлсэн бусад шинжүүд нүдний өөр төрлийн өвчний үед ч илэрч болох юм. Ер нь нүдний эмгэгтэй хүмүүс, ялангуяа болор цайж эхэлсэн хөгшчүүл өөх тос ихтэй, халуун ногоо зэрэг элдэв хачиртай хоол, даршилсан ногоо зэргийг аль болохоор бага хэрэглэх нь тустай.
Архи согтууруулах ундаа хэрэглэх нь цайлтыг түргэсгэхийн дээр бусад хүндрэлд хүргэх аюултай байдаг. Биеийн хүч их шаардсан ажил хийх, хүнд юм огцом өргөх зэргээр дотроос гадагш хүчтэй дүлэлт өгүүлэх зүйл хийхээс зайлсхийх нь урьдчилан сэргийлэх нэг арга мөн. Сүүлийн үед хүн орхоодойн бэлдмэл, бэлгийн чалх сайжруулах элдэв төрлийн эм бэлдмэлүүд ихээр гарах болсон. Эдгээр нь болор цайж эхэлсэн, нүдний даралттай, цусны даралт ихтэй хүмүүст ноцтой нөлөөлж, цус харвуулах эрсдэлтэй байдгийг анхааруулахад илүүдэхгүй. Халуун нартай өдөр нарны шил, малгай тогтмол хэрэглэж байх нь мөн л нүдээ хамгаалах ач тустай. Болор цайх эмгэг чихрийн шижин өвчтэй хүмүүст тохиолддог гол хүндрэлийн нэг мөн.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Нүдний болор цайх | ||
Үзсэн: 10290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.