
Нийслэлд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудад энэ жил дулаан, цахилгаан өгөхгүй байх нийслэлийн Засаг даргын захирамж гараад байгаа. Тодруулбал, нийслэлд зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн, удаа дараа хууль тогтоомж, дүрэм зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцохоор болсон. Энэхүү захирамж хэрэгжиж эхэлснээр нийслэлд энэ жил ашиглалтад орохоор төлөвлөгдсөн, угсралтын ажил нь дууссан барилга байгууламж, орон сууцууд халаалт, дулаанаа авч чадахгүй гэсэн үг. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд одоогоор 90 барилгын ашиглалтад орох хугацаа нь хойшилж, дулаанаа авч чадахгүй болжээ.
Төвийн шугамд холбохгүй эдгээр барилгууд дунд барилга угсралтын ажил нь дууссан ашиглалтад ороход бэлэн болсон орон сууцны томоохон хороолол, иргэн аж ахуйн нэгжийн орон сууцууд ч байгаа юм.
Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Хайдаваас тодрууллаа.
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд төвийн халаалт өгөхгүй байх шийдвэр гарсан байна. Энэ шийдвэртэй холбоотойгоор энэ жил хичнээн аж ахуйн нэгжийн дулааныг өгөхгүй вэ?
-Дулааны эх үүсвэр буюу Дулааны II, III, IV цахилгаан станц дээр өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ энэ жилдээ өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч, ашиглалтад хараахан орохгүй байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд дулааны эх үүсвэр дутагдалтай байгаа гэсэн үг. Гэтэл дулаанд холбогдох барилга, орон сууц маш олон байна. Нөгөө талаар дулаанд холбогдох техникийн нөхцөл хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй баригдсан барилга олон байна. Техникийн нөхцөл авна гэдэг нь манай инженерүүд тухайн барих гэж байгаа барилга дээр ажиллан тооцоо судалгаа хийх ёстой байдаг. Гэтэл манайхаас техникийн нөхцөл аваагүй, судалгаа хийлгээгүй, өөрсдөө дураараа барилга барьчихдаг. Тиймээс ийм зөрчилтэй барилгуудыг энэ 2013 оны халаалтын улирал эхлэх буюу энэ намар дулаанд холбох боломжгүй болж байна.
-Зөрчил гаргаагүй аж ахуйн нэгжүүд дулаанд холбогдож байгаа биз дээ?
-Норм журмынхаа дагуу холбогдох зөвшөөрлөө аваад барилгаа бариад дулаандаа холбогдох гэж байгаа олон барилга байгаа. Үүнээс гадна зөвшөөрөлгүй барилга нэлээд олон байна. Энэ зөвшөөрөлгүй барилгуудыг дулаанд холбох эх үүсвэр дутагдаж, нийслэлийн хэмжээнд дулаан доголдох эрсдэлтэй учраас иймэрхүү арга хэмжээ авч байна гэж ойлгож болно.
-Жилд хичнээн барилга шинээр дулаанд холбогддог вэ?
-Жилдээ 150-200 орчим барилга дулаанд холбогддог. Энэ жил мөн л ийм хэмжээний барилга дулаанд холбогдоно. Шинэ барилгуудыг дулаанд холбох ажил одоо эхлэх гэж байна. Аравдугаар сарын 1-нээс өмнө холбоод дуусна.
-Барилгын ажил нь дууссан олон орон сууц байгаа. Зөрчил дутагдлаа арилгавал дулаанд холбогдох уу?
-Зөрчлөө арилгавал дулаанд холбогдоно. Гэхдээ одоо дулаанд холбохгүй, ирэх жилээс холбоно.
-Төвийн дулаанд холбогдохгүйгээр өөрсдөө халаалтаа шийдэж байгаа аж ахуйн нэгж байгаа юу?
-Байгаа. Одоогоор нийтдээ 18 барилга өөрийн эх үүсвэр буюу цахилгаанаар халаах болно гэв.
Хэдийгээр ийм шийдвэр гараад байгаа ч зарим барилгын компаниуд өвлөөс өмнө манай барилга ашиглалтад орно хэмээн зарлаж буй. Энэ нь байр захиалж урьдчилгаа төлбөрөө өгөөд хүлээж байгаа, банкны зээлээр байр авахаар өргөдлөө өгсөн иргэдэд багагүй хүндрэл учирч байгаа юм.
Энэ өвөл дулаанд холбогдохгүй аж ахуйн нэгжүүдийн байршлын хувьд Хан-Уул дүүргийн Зайсан хороололд баригдаж буй шинэ барилгууд мөн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа нэлээд олон орон сууц, худалдаа үйлчилгээний барилгууд байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэртэй холбоотойгоор орон сууц худалдан авахаар захиалга өгсөн олон иргэнд хүлээлт үүсч болзошгүй байгаа юм. Тиймээс энэ өвөл дулаанд холбогдохгүй барилгын нэрс, байршлыг хүснэгтээр харууллаа.
Р.ХАЙДАВ: Нийслэлийн хэмжээнд дулааны эх үүсвэр дутагдалтай байна | ||
Үзсэн: 2595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.