
Хавдартай өвчтөнд хамгийн шаардлагатай эмчилгээ бол хими, физик эмчилгээ байдаг. Хавдрын хими эмчилгээ нь хавдрыг төгс эмчлэх, хавдар үсэрхийлэхээс сэргийлэх, хавдрын эсийг үхүүлэх, ургалтыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.
Гэвч манай улсад Хавдар судлалын үндэсний төвөөс өөр хавдрын мэргэшсэн эмнэлэг байдаггүй учир орон нутгаас хавдрын хими эмчилгээнд эмчлүүлэх өвчтөний цуваа тасардаггүй. Тэгвэл орон нутагт эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, хавдар өвчнөөр өвдсөн эмчлүүлэгсдэд химийн эмчилгээг ойртуулах зорилготой тасаг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт байгуулагдлаа.
Тус аймгийн хувьд хавдрын өвчлөл, нас баралтын тоогоор улсад дээгүүр ордог. Өнгөрсөн жилд 161 хүн хавдраар өвчилж, 127 хүн нас барсан нь хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт болоод байгаа юм. "Жаргалсайхан ирээдүй" сангаас санаачлан аймгийн нийт ард иргэд, байгууллагуудын хандив, тусламж болон аймгийн ЗДТГ-ын дэмжлэг, "Хаан" банкны санхүүжилтээр 1 жилийн хугацаанд байгуулагдсан уг тасаг үүдээ нээж буй нь хоёр дахь шатлалын эмнэлгийн хувьд чухал ач холбогдолтой ажил болж байгаа юм.
Тасгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, "Жаргалсайхан ирээдүй" сангийн тэргүүн Ж.Зоригтбаатар, ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт мэдээллийн албаны дарга Ц.Бадамсүрэн, Сүхбаатар Хаан банкны захирал Ц.Адъяабаатар, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзул нарын албаны хүмүүс болон Жаргалсайханы гэр бүл, үр хүүхдүүд, хандив өргөсөн байгууллага, хамт олон, ард иргэд оролцлоо.
Өнгөрөгч гуравдугаар сард тус эмнэлэгт "Итгэл хавдаргүй Монгол" сангийн санхүүжилтээр Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг нээгдэж байсан бол өнөөдөр ийнхүү хими эмчилгээний тасаг нээгдэн иргэд орон нутагтаа хавдрын эсрэг эмчилгээг бүрэн авах боломж бүрдэж байна. Шинээр байгуулагдсан тус тасаг нь зөвхөн Сүхбаатар аймгийн иргэдээр зогсохгүй зүүн гурван аймгийн зангилаа бүс нутаг учир Хэнтий, Дорнод аймгийн иргэд ч мөн адил эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой юм.
Сүхбаатар аймгийн эмнэлэг Хавдрын хими эмчилгээний тасагтай боллоо | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.